Цэс Close

Ерөнхий сайдын санаачилсан нүүрсний сонсгол олон нууцыг ил болгов

“Нүүрсний хулгай”-г хэлэлцэх Хянан шалгах түр хорооны  сонсгол Төрийн ордонд хоёр үе шаттайгаар энэ сард болж байна. Өнөөдөр нүүрсний сонсголын сүүлийн өдөр. Энэхүү сонсголын үеэр улс төрийн өндөр албан тушаалтнууд, аж ахуй нэгжүүд, иргэд гээд холбоотой олон хүн оролцож, гэрчээр дуудагдсан.

Хоёр үе шаттайгаар сая явагдаж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй нүүрсний сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК болон орон нутгийн жижиг Тавантолгойн нүүрс олборлолт, бараа ажил үйлчилгээ, худалдан авалттай холбоотой ямар хуулийн зөрчил гарав, хил гаалиар бичиг баримтгүйгээр нүүрс хэрхэн гарав, чухам тэнд юу болов гэдгийг олон нийтэд нээлттэй ил тод сонсч, мэдэж авч байгаа нь нүүрсний сонсголын давуу тал болж байна.

Нүүрсний сонсголын үеэр бүртгэлгүйгээр 5.2 сая тонн нүүрс гарсан нь 5 тэрбум ам.доллар буюу 17.5 их наяд төгрөгтэй тэнцэх их хэмжээний мөнгөн дүн бүхий нүүрс хулгайгаар экспортод гарсан гэх мэдээлэл олныг сэртхийлгэв. Манай улсаас 2013-2019 оны хооронд хилээр гарсан нүүрсний хэмжээг тулгахад хил гаалийн бүрдүүлэлтгүй гарсан 385 мянган тонны зөрүү гарсан. Тиймээс хяналт шалгалт хийж эхэлсэн байдаг. Одоо хуулийн байгууллагаас шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учраас үүнээс ч давсан хохирол яригдаж мэдэхээр байгаа.

2013 оноос эхлэлтэй олон жил явагдаж ирсэн нүүрсний хулгай бараг 10 жилийн дараагаар ил тод болж байгаа нь анхаарал татна.  Хамгийн анх Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас нүүрсний хулгай явагдсан байж болзошгүйг өнгөрсөн онд зарлаж, хэвлэлийн хурал хийснээр мэдсэн. Энэ нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар  сард Хятад улсад болсон өвлийн олимпийн нээлтэд оролцох үеэр Хятадын талаас Монголын талд нүүрсний хулгай байна гэдэг мэдээллийг анх авсантай холбоотойгоор эх орондоо ирээд шалгах баг байгуулснаар олон жил үргэлжилсэн хулгай илчлэгдсэн. Тухайн үед Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, БЭТ буюу бүрэн эрхт төлөөлөгч томилон хяналт шалгалт руу орсон байдаг. БЭТ томилсоноос хойшхи зургаахан сарын дотор алдагдалтай ажиллаж байсан “Эрдэнэс тавантолгой” ХК нь 1 их наядын ашигтай ажиллаж эхэлсэн.

Ийнхүү Засгийн газраас өнөөдрийг хүртэл үе шаттай арга хэмжээг авсаар өнөөдрийн нээлттэй сонсгол руу ирсэн. Нээлттэй сонсголын үеэр нүүрсний хулгайгаас гадна Өмнөговь аймгийн газар нутаг хятад иргэдийн нэр дээр шилжиж, газар шороо эх орноо “зарсан” болохыг олон нийт мэдэж авлаа. Төрийн өмчит аж ахуйн нэгжийг хэрхэн хохироодог, хууль зөрчиж бүхэл бүтэн бүлэглэл болж мафижиж Монголын баялагийг гадагшаа зөөж байсныг нь олж мэдлээ. Улс төрийн өндөр албан тушаалтнууд танил тал, ах дүү хамаатан садан гэх мэт хамаарал бүхий хүмүүст давуу байдал бий болгодог, төрийн өмчит ЭТТ өртэй байж ТУЗ нь удирдлагуудаа өндөр дүнгээр шагнал урамшуулал олгодог гэх мэт булай булхай бүхэн энэхүү сонсголоор ил тод болж байна. Засгийн газрын шүгэл үлээсэн “нүүрсний хулгай”-н хэрэг ил болсноор одоо дахин “Эрдэнэс Тавантолгой”, жижиг Тавантолгой гэх мэт газруудад хариуцлага өндөрсч, хяналт шалгалт тогтож буй нь сайшаалтай хэрэг болж байна.

Ард түмний хувьцаа эзэмшдэг ЭТТ нь засаглалын хувьд сайжирч, үр ашигтай ажиллах хэрээр иргэд  өгөөжөө хүртэх үүд зам нээгдэхээр боллоо. Одоо хулгай нэгэнт илчлэгдсэн тул хууль хяналтын байгууллагаас “нүүрсний хулгай”-тай холбоотой хүмүүсийг шалгаж хариуцлага тооцно.

Ямар ч байсан олон жил яриа, хардлагаас өөрцгүй явж ирсэн авлигын асуудал, Хөгжлийн банкны хулгай, нүүрсний хулгайн сонсголоор ил боллоо. Хэдхэн хүн хагартлаа баяжиж, иргэдийн боломжоос хэрхэн хулгайлж байсныг олон нийт мэдэж чадлаа.  Авлигатай хатуу тэмцэх нь улсын хөгжилд шууд нөлөөлдөг. Хоёр оны зааг дээр ийнхүү буруу булхай илчлэгдсэн болохоор ирэх оныг өөдрөгөөр харцгаая. Эрхбиш улс орон байна даа, өндийж цэцэглэх цаг ирж буй биз ээ. Ирэх цагийн өнгө гэгээтэй гэрэлтэй байг ээ.

Б.ОДМАА

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах