Захиргааны хэргийн шүүхийн шүүгч нарын уулзалт, хэлэлцүүлэг боллоо

Хуваалцах

Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаас санаачлан “Захиргааны хэргийн шүүхэд гаргах нэхэмжлэлийн төрөл, хүрээ хязгаар; Шүүгчээс хэргийг хянан шийдвэрлэхэд хууль зүйн дүгнэлтийг бэлтгэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ашиглах нь”хэлэлцүүлгийг 2026 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Захиргааны хэргийн шүүхүүдийн Нэгдсэн байранд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгчид, давж заалдах шатны шүүхийн шүүгчид болон нийслэл, 21 аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид танхим, цахим хосолсон хэлбэрээр оролцов.

Хэлэлцүүлгийн эхэнд Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа захиргааны хэргийн бүх шатны шүүхийн шүүгчид жил бүрийн намар шүүн таслах ажиллагааны практикт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нэгдмэл хэрэглээ тогтоох, нэгдсэн нэг ойлголтод хүрэхийг хичээдэг. Энэ удаагийн хэлэлцүүлгээр захиргааны хэргийн шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж буй шүүхийн практикийг судалсан судалгааг танилцуулж, шүүхийн практикт үүсэж буй шинэ төрлийн маргаан, түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлага, түүнчлэн хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж буй хэргүүдийн тоон мэдээ, анхаарах асуудлын талаар ярилцах, шүүхийн шийдвэр гаргахад шүүгчийн “хууль зүйн дүгнэлт” буюу “Votum”-ыг бэлтгэх хэрэгцээ, шаардлага, түүнийг бичих аргачлалын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, шүүгч нарын санал бодлыг сонсох, процессын хуулийн хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилготой гэдгийг онцолсон юм.

Хэлэлцүүлгийн хөтөлбөрийн дагуу нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Урангуа “Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдэж буй нэхэмжлэлийн шаардлагын төрөл, хэрэг үүсгэсэн болон үүсгэхээс татгалзаж буй үндэслэлийн талаар анхаарах асуудлууд” судалгааны нэгтгэлийг танилцууллаа. Энэ хүрээнд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3-т нэхэмжлэлийн төрлийг тодорхой заасан боловч шүүхүүд уг зүйлд заасан эсэхээс үл хамааран нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэрлэж байгааг дурдаад хууль тогтоогчоос шүүхээр шийдвэрлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын төрөл, хүрээ хязгаарыг нэгэнт хуулиар тогтоосон байхад шүүх түүнийг өргөжүүлэн тайлбарлаж, шийдвэрлэх боломжтой эсэх, эсхүл хуульд шууд нэрлэн заагаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь иргэний шүүхэд мэдүүлэх эрхийг хязгаарлаж буй эсэх асуудлыг нарийвчлан судлах шаардлагатайг тэмдэглэлээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн “Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрүүдийн талаар мэдээлэл”, мөн нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон орон нутаг дахь анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжийг давж заалдах шатны шүүхээс хянаж буй тоон мэдээг танилцууллаа. Энэ хүрээнд захиргааны хэргийн шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа, энэ хэрээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тохиолдол ч өсөж байгааг онцолж, үүний шалтгаан, үндэслэлд бодитой дүгнэлт хийж, цаашид анхаарах асуудлыг тодорхойлох шаардлагатайг тодотгов.

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Г.Банзрагч “Захиргааны хэрэг хянан хянан шийдвэрлэх ажиллагаанд “Хууль зүйн дүгнэлт” (VOTUM)-ийг нэвтрүүлэх нь” сэдвийн хүрээнд “хууль зүйн дүгнэлт”-ийн бүтэц нь ямар байх талаар жишээнд үндэслэн тайлбарлав. Энэ үеэрээ тэрбээр ““Votum” гэдэг нь илтгэгч шүүгчээс тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хуулийн зохицуулалт, тайлбарын талаар бүрэлдэхүүний бусад шүүгч нарт танилцуулах хууль хэрэглээний санал бөгөөд хэргийг хуульд нийцүүлэн зөв шийдвэрлэхийн тулд хууль хэрэглээний системтэй дүн шинжилгээ хийх зайлшгүй шаардлагатай. Шүүн таслах ажиллагаанд “Votum”-ыг нэвтрүүлэн хэрэглэх нь асуудлыг иж бүрнээр нь системтэй харж, шалгах ёстой бүх асуудлыг орхигдуулалгүй нягтлахад шүүгчид өөрт нь туслах бөгөөд бүрэлдэхүүний бусад шүүгч нарт ч хууль хэрэглээний эргэлзээтэй асуудлуудыг нарийвчлан судлах боломж бүрдүүлнэ. Ингэснээр үндэслэл бүхий сайн шийдвэр гарах нөхцөлийг бүрдүүлнэ” гэв.

Хэлэлцүүлгээр захиргааны хэргийн шүүхэд шинэ төрлийн маргаанд холбогдох нэхэмжлэлийг хүлээн авах эсэхэд эргэлзээ үүсэх тохиолдолд иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийг хангах үүднээс нэхэмжлэлийг хүлээн авах, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд хууль зүйн үндэслэл, тайлбар, дүгнэлтийг илүү тодорхой, ойлгомжтой боловсруулахад анхаарах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэт удааширч сунжирч буй хэргийн судалгааг гаргаж, шалтгаан, нөхцөлийг судалж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэхээр тогтлоо.

Хэлэлцсэн асуудлуудын хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлийн төрөл, шүүхийн шийдвэрийн төрөлд холбогдох зохицуулалтуудыг боловсронгуй болгох санал, төслийг хэлэлцүүлэгт танилцуулж, шүүгчид уг асуудлаар саналаа нэгтгэн хүргүүлэхээр болов.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн