ЗТЯ-ны “Нээлттэй хаалганы өдөрлөг” МИАТ ТӨХК-ийн мэдээллээр эхэллээ

Зам, тээврийн яамнаас салбар, нэгжүүдийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод хүргэх, мэдээ мэдээлэл өгөх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах, тулгамдаж буй асуудлыг хамтран шийдвэрлэх зорилгоор Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж байна.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг нээж хэлсэн үгэндээ “Энэ жил Иргэний нисэх, авто тээвэр, төмөр замын салбарт түүхт ой, түүхэн чухал өдрүүд тохиож байна. Мөн Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ой, Улаанбаатар төмөр зам ХХК-ийн 77 жилийн ой тохиож буйг онцлон тэмдэглэж, салбарынхаа нийт хамт олонд баяр хүргэж, амжилт хүсье. Зам тээврийн салбар бол улс орны эдийн засаг, хөгжлийн суурь салбар билээ. Тиймээс Засгийн газар, ЗТЯ-наас авто зам, төмөр зам, иргэний нисэхийн салбарт бүтээн байгуулалтуудыг үе шаттай хэрэгжүүлж байна. Өнөөдөр Зам тээврийн яамны салбар нэгжүүдийн үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулж байна. Харин миний хувьд нэг зүйлийг онцлон хэлэхэд, зөвхөн бүтээн байгуулалтыг хийхээс гадна иргэд, аж ахуй нэгжүүдэд хүндрэл учруулдаг зарим шаардлага, зөвшөөрлүүдийг бууруулах бодит өөрчлөлтүүдийг эхлүүлж байна” хэмээн онцлон тэмдэглэв.
Өнөөдрөөс эхлэн энэ сарын 17-ныг дуустал үргэлжлэх тус өдөрлөг 10:30 цагт Монгол Улсын төрийн далбааг тээвэрлэгч, Сүхбаатарын одонт МИАТ ТӨХК-ийн мэдээллээр эхэлсэн юм.
МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн компанийнхаа үйл ажиллагааг танилцуулж хэлсэн үгэндээ “Зам, тээврийн салбарын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд нээлттэй танилцуулах энэхүү өдөрлөгийг зохион байгуулж буй Монгол Улсын Зам, тээврийн яаманд талархал илэрхийлье. Нэгэн зууны түүхтэй нисэх хүчнээс салбарлан хөгжсөн Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч, Сүхбаатарын одонт МИАТ ТӨХК нь энэ жил түүхт 70 жилийн ойгоо тэмдэглэж байна. Бид өнгөрсөн хугацаанд Монгол Улсыг дэлхийтэй холбох эрхэм үүргээ нэр төртэйгөөр биелүүлэхийн зэрэгцээ орон нутгийн чиглэлд хуваарьт нислэгүүдийг амжилттай үйлдэж, аюулгүй ажиллагаа, үйлчилгээний чанар, нислэгийн сүлжээгээ тасралтгүй хөгжүүлэн ажиллаж ирлээ. Өнөөдөр агаарын тээвэр нь зөвхөн зорчигч тээвэрлэх үйлчилгээ бус улс орны эдийн засаг, аялал жуулчлал, худалдаа, хөрөнгө оруулалт, олон улсын хамтын ажиллагааг дэмжих чухал хүчин зүйл болж байна. Иймээс бид нислэгийн чиглэлээ өргөжүүлэх, үйлчилгээгээ сайжруулах, аюулгүй байдлын олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд онцгой анхаарч, Олон улсын газрын үйл ажиллагааны аюулгүй байдлын ISAGO аудитыг 99.8 хувийн үнэлгээтэй амжилттай давлаа. Мөн энэ өдрүүдэд Европын холбооны олон улсын аюулгүй байдлын аудитад шалгуулж байна. Тус аудитаар гэрчилгээжсэнээр Монгол Улс хөрш орноосоо гадна гуравдагч орны карго тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байна." хэмээн онцлон тэмдэглэв.
Сэтгэгдэл үлдээх