Цэс Close

Зүүн Азийн олимпын хороодын 39 дэх удаагийн хурал цахимаар боллоо

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2023 оны наймдугаар сарын 16-23-ны өдрүүдэд спортын 11 төрлөөр анх удаа зохион байгуулагдах гэж буй спортын томоохон арга хэмжээний бэлтгэл ажлын явцын талаарх Зохион байгуулах хорооны мэдээлэл болон Зүүн Азийн олимпын хороодын Дүрэм, Спорт, Эмнэлгийн хорооны тайлан мэдээллийг хүлээн авах цахим хурал өнөөдөр боллоо.
Хуралд МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нар оролцов.
Зохион байгуулах хорооноос “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын маркетингийн төлөвлөгөө, ҮОХ-дын баримтлах үйл ажиллагааны төлөвлөгөө, тэмцээн уралдааны хуваарь, сошиал хөгжүүлэлт, залуу сэтгүүлчдийн хөтөлбөр, сайн дурын ажилтнуудыг зохион байгуулах болон нээлт, хаалтын ёслолын ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, Багийн ахлагч нарын хурлыг зохион байгуулах төлөвлөгөө зэргийг тус тус танилцууллаа.
Өнгөрсөн есдүгээр сард Зүүн Азийн олимпын хороодын шинжээчдийн баг Улаанбаатар хотноо ирж ажиллан, заавар зөвлөгөө өгсөн бөгөөд наадмын үеэр тэмцээн уралдаанаас гадна залуу тамирчдыг хөгжүүлэх тал дээр анхааран ажиллахыг санал болгов.
Зүүн Азийн үндэсний олимпын хороодын бүрэлдэхүүнд БНХАУ, Хонконг, Макао, Тайвань, БНСУ, Япон, БНАСАУ, Монгол болон Гуамын ҮОХ-д багтдаг. Зүүн Азийн залуучуудын анхдугаар наадам Тайванийн Тайчунь хотноо зохион байгуулагдах байсан боловч цуцлагдсан бөгөөд Улаанбаатар хотноо II наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангахаар талууд идэвхтэй хамтран ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах