Цэс Close

Сургуулийн орчинд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний стандартыг шинээр боловсруулж байна

Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан болон стандартчилал хэмжилзүйн газрын удирдлагууд Боловсрол шинжлэх ухааны яаманд ажиллажээ.
Энэ үеэр, 1978 онд цэцэрлэгийн хүүхдийн модон тоглоомын стандартыг баталснаар анхны стандартыг боловсролын салбарт мөрдөж эхэлжээ. Үүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 156 стандартыг батлан хэрэгжүүлж байна. Үүний дийлэнх нь сургалтын хөтөлбөр, сурах бичигтэй холбоотой байгаа юм. Гэхдээ боловсрол хувьсан өөрчлөгдөхийн хэрээр стандартыг ч шинэчлэн сайжруулах хэрэгцээ шаардлага тулгарч байна. Өнөөдөр боловсролын салбарт мөрдөж байгаа стандартаас 23-ыг нь хүчингүй болгох шаардлагатай талаар танилцуулсан байна.
Улмаар боловсролын багц хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барьжээ. Энэ хуульд стандартын шинэчлэл хийх зохицуулалтуудыг тусгасан юм. Тиймээс хуулийн төслийг хэлэлцэн баталж, үүний дараа стандартуудыг шинэчлэх ажлыг эрчимжүүлэх юм. Тэр дундаа сургуулийн орчин дахь хоол үйлдвэрлэл үйлчилгээ, тэгш хамруулан сургах орчин нөхцөлтэй холбоотой стандартыг шинээр боловсруулах, батлуулах, мөрдүүлэх нь нэн тэргүүний зорилт болоод байна.
Монгол Улсын хэмжээнд 6500 гаруй стандарт байдаг ч мөрдөлт 20 орчим хувьтай байдаг байна. Стандартыг олон улсын түвшинд нийцүүлэх, хэрэгжилтийг сайжруулах зорилгоор стандарттай холбоотой төрөөс баримтлах бодлого, стандарт ба хөгжил үндэсний хөтөлбөр боловсруулах, стандартын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөн ажиллаж байгааг шадар сайд онцоллоо. Бодлогын энэ баримт бичиг боловсруулалтад боловсролын салбарын оролцоог хангах нь чухал талаар талууд санал солилцсон юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах