Цэс Close

З.Батбаяр: Мод ургуулахын тулд усыг хайрлах хэрэггүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” төслийг хэрэгжүүлэхэд усны нөөц хүрэлцээгүй гэх шүүмжлэл дагуулсан. Энэ талаар БОАЖ-ын сайдын орон тооны бус зөвлөх З.Батбаяртай ярилцлаа.

  • Тэрбум мод тарихад усны нөөц хүрэлцэхгүй. Гүний усаа шавхаад дуусна гэх шүүмжлэл бий. Монгол Улсын усны нөөцийн талаар эхлүүлье.

-Монгол Улсын орчин үеийн усны салбар үүсч хөгжсөнөөс хойш гаргасан судалгаанаас харахад ашиглах боломжтой 612 км куб ус бий. Энэ тоог бид маш олон жил ашиглаж байсан ч өнгөрөгч оны арваннэгдүгээр сард тухайн үеийн Байгаль орчны сайдын УИХ-д тавьсан мэдээллээс үзэхэд дээрх тоо 50 гаруй км кубээр багасаж 556 км куб болсон талаар мэдээлсэн.

Үүнд олон тооны гол горхи ширгэсэн, мөнх цаст уул, мөсөн голууд хайлсан нь маш ихээр нөлөөлсөн. Мэдээж ус алга болно гэж байхгүй. Ямар нэгэн байдлаар оршиж л байна. Тэр алга болсон гээд яриад байгаа ус маань нуур, голуудаар дамжин уурших болон бидний хэрэглээнээс шалтгаалаад алга болсон.

Харин манай газар доорх усны нөөц ердөө 10 км куб орчим буюу нийт цэвэр усны ердөө хоёрхон хувийг эзэлдэг. Үүнээс үзэхэд хэдийгээр бид их хэмжээний усны нөөцтэй гэж харагдаж байгаа боловч яг хүний хэрэглээг хангах ус багахан байгаа гэсэн үг.

Ус гэдэг зүйл ийм, тийм гэсэн тогтсон хариу өгөхөд хүндрэлтэй хүчин зүйл. Ус хэрэгтэй юу гэвэл мэдээж хэрэгтэй. Гэтэл ус ихэдвэл үерийн аюул бий болно. Харин багадвал бид хатаж үхэх эрсдэлтэй болно. Тэгэхээр яг л тодорхой хэмжээтэй байх ёстой. Тиймээс би таны асуултад манай усны нөөц харьцангуй бага буюу хүрэлцээтэй бус. Гэхдээ усны нөөцийг нэмэгдүүлэх гарц, гаргалгаа бидэнд байгаа гэж хариулъя.

  • Тэгвэл бид хүрэлцээтэй бус усны нөөцөө хэрхэн хамгаалах вэ?

-Усны хэрэглээгээ тооцож үзвэл бидний уух усны хэрэглээ маш бага. Монгол хүн хоногт 2 литр ус уудаг гэж бодъё. Тэгвэл орон сууцанд амьдардаг хүн өдөрт 200 литр ус хэрэглэж байна гэж бодоход үлдсэн 198 литр усыг усанд орох, шүдээ угаах болон ариун цэврийн өрөөнд орох зэрэг ахуйн хэрэглээндээ хэрэглэж байна. Үүнийг хэлж байгаа шалтгаан нь бид үндсэн хэрэглээ болох ундны усаа газрын гүнээс аваад ядаж л 00 орох болон шал угаахдаа гадаргын ус хэрэглэж болно шүү дээ. Мөн хүнсний бус хэрэглээнд саарал усыг хэрэглэж болно. Яагаад заавал гүний цэнгэг усаар машин угааж, өлөн гэдэс боловсруулж, ноос ноолуур угаас ёстой гэж. Хотын захаар 10.000 орчим иргэн булгийн болон рашаан усыг хэрэглэдэг гэсэн тооцоо байдаг ч Улаанбаатар хотын иргэдийн дийлэнх нь газрын гүний усаар тэжээгдэж байна.

Нөөц талаасаа бодвол бид бага байгаа уснаасаа их ашиглаж байгаа. Түүний оронд их байгаагаа хуримтлуулаад түүнийгээ түлхүү ашиглаад гүний усаа ундандаа ашиглах чиглэлийг барих ёстой. Монголчууд  ийм арга барилыг эртнээс ашиглаж ирсэн ч ажил хэрэг болгож чадаагүй. Дэлхийн бараг бүх улсад энэ аргын талаар ярьж бодитоор хэрэгжүүлж байна. Жишээ нь Унгар улс. Унгар Улсын хувьд гүний усны нөөц маш их. Үүнээс гадна дэлхийд гайхагддаг Дунай, Тэсай гэх хоёр том голтой. Үерийн хамгаалалт гэдэг нэртэйгээр усны нөөцийг хуримтлуулж тэр усаараа бусад хэрэглээгээ зохицуулж үйлдвэрлэлд ашиглахаар ажиллаж байна. Гэтэл дээр хэлсэнчлэн бид нийт усны хоёрхон хувийг эзлэх гүний уснаасаа хэрэглээгээ 100 хувь хангана гэдэг бол ухаалаг бус үйлдэл.

  • Усны нөөцийг нэмэгдүүлж, хуримтлал үүсгэнэ гэлээ. Үүнийгээ дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юу?

-Ерөнхийдөө бол гол, усаа хамгаалах хамгийн чухал үйл ажиллагаа бол усны нөөцөө хуримтлуулж далан барих гэж ойлгож болно. Усны нөөцийг нэмэгдүүлэх үндсэн арга нь урсаад өнгөрч байгаа голын усыг тухайн цаг үед нь тогтоон барих гэсэн үг. Ингэж хэлэхээр хүмүүс голын усыг хаах гэж байна гэж ойлгодог. Энэ бол голын усыг хааж, боох биш харин урсац их байх үед нь илүүдэл усыг нь далангийн тусламжтай хуримтлуулж аваад урсац багадах үед нь өмнө цуглуулсан уснаасаа урсган голын урсгалыг таслахгүй байх процессыг хэлж байгаа юм. Завхан голын жишээн дээр авч үзвэл олон жилийн дунджаас илүү урсацтай байх үед нь тогтоон барьж цуглуулсан усаараа Гэгээн нэртэй сайхан том нуур үүсгэчихсэн. Тэрхүү нуураас өнөөдрийн байдлаар Говь-Алтай аймгийн төв болох Есөнбулаг сумын иргэд аж үйлдвэртэйгээ хамт усаар хангагдаж байна.

Үүгээр зогсохгүй Завхан голын урсац тогтворжсоны хүчинд Айраг, Хяргас нуур ширгэх эрсдэлээс аврагдаж чадсан. Одоогоор гадаргын усан дээр ашиглалт хийж байгаа ганц тохиолдол нь энэ. Үүнтэй адил бид Туул, Хэрлэн болон Орхон голуудын урсацыг ашиглан нөөц үүсгэх бүрэн боломжтой.

Одоо Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын асуудал яригдаж байгаа. Хэрэв Эрдэнэбүрэн сумын Сүжигтийн хавцал гэгч газар усан санг бий болгож чадвал мөнх цаснаас хайлж урсаж байгаа усыг тогтоон барих боломжтой болно. Хэдий чинээ өндөрт тогтоон барьж чадна төдий чинээ мөнх цастыг хайлах хугацааг удаашруулж магадгүй. 

  • Тэгэхээр “Тэрбум мод” тарих ус манайд байхгүй гэсэн үг үү?

-Би энэ асуултад хоёр чиглэлийн хариулт өгмөөр байна. Нэгдүгээрт, ус хэзээ ч алга болдоггүй. Дэлхийн бөмбөрцгийн гадаргын дөрөвний гурвыг  ус эзэлдэг. Тиймдээ ч бид эх дэлхийгээ цэнхэр нүдэн гариг гэж нэрлэдэг. Харамсалтай нь дэлхий дээр байгаа нийт усны 98 хувь нь ашиглах боломжгүй далайн ус буюу давстай ус. Үлдсэн хоёр хувийг нь л хүн төрөлхтөн хүнсэндээ ашигладаг. Гэтэл дэлхий дээр байгаа хоёрхон хувь цэвэр усны бараг талаас илүү хувь нь мөс хэлбэрээр оршиж байдаг. Тэр мөс уур амьсгалын өөрчлөлтөөс болоод хайлаад эхэлчихсэн. Зарим ухаантнууд нь уур амьсгалын өөрчлөлт гэж байхгүй гэдэг ч бодит байдал дээр мөс хайлж байгааг судлаачид хэдийнэ нотолчихсон.

Мөс хайлах процесс нь араасаа хоёр аюул дагуулж байна. Нэгдүгээрт, хүн төрөлхтний амин хэрэглээг хангах хоёрхон хувь цэвэр усны тал нь хайлж байна. Хэдийгээр нэг хувь гэж байгаа ч үүний цаана маш их тоо бий. Хоёрдугаарт, далайн эргийн ойролцоо амьдардаг хүмүүс усанд автах аюулд тулгарч байна. Өөрөөр хэлбэл ус гэдэг зүйл үргэлж алганы хоёр тал гэдэг шиг хоёр талтай байдаг. Хэрэв энэ их мөс хайлаад дуусвал хамгийн наад зах нь Мадагаскар арал, Солонгосын хойг байхгүй болно. Европ тив 10-15 хувиар багасна. Японы газар нутаг багасна гээд их олон сөрөг зүйл тохиолдоно.

Яагаад ийм зүйлийг тэрбум модтой холбогдуулаад яриад байна вэ? гэхээр тэр мөсний хайлалтыг зогсоох буюу багасгах хамгийн энгийн арга нь мод тарих. Иймээс л мод тарина гэдэг маш чухал алхам.

Зарим хүн тэрбум модыг услах ус байхгүй, байгаа усаараа мод усалбал бид усгүй болно гэж байгаа. Үүний хариулт нь ус алга болохгүй. Нэг модыг өдөрт 50 литр усаар усалдаг гэж тооцоод түүнийгээ тэрбумаар үржүүлэхээр Монгол Улсын усны нөөцийн хэмжээнээс их тоо гарна. Зарим хүн шууд утгаар нь механикаар тооцоод байх шиг байгаа юм. Бяцхан тайлбар хийхэд тэрбум модыг нэг өдөрт усална гэж байхгүй. Харин ч тэрбум модоо зөв газраа байрлуулаад зөв усалгаагаа хийгээд явбал эргээд газрын гүний усандаа тэжээл болж өгнө. Өөрөөр хэлбэл, байгалийн усны эргэлтэд модны гүйцэтгэх үүргийг идэвхижүүлнэ гэсэн үг.

Модыг хэчнээн их усалсан ч тэр ус нь эргээд л байгальдаа шингэдэг гайхамшигтай зүй тогтолтой. Нөгөө талаар “Тэрбум мод” төсөл өөрөө экологийн асар их ач холбогдолтой төсөл. Энэ үгний цаана ойжуулалт бий болгох, Монгол Улсын ойн хувийг ядаж л 20 хувьд хүргэх гэсэн зорилго явж байгаа. Харин үүний цаана ус гэсэн маш чухал хүчин зүйл хөндөгдөж байгаа учраас усны нөөцийн хуримтлалыг бий болгох, усан санг бий болгох ажиллагааг энэ төсөлтэй хамт хийх зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Тийм ч учраас тэрбум модны төслийг ярьснаас хойш Засгийн газарт “Хөх морь” төсөл яригдаж эхэлсэн. Энэ төслийн тухайд цоо шинэ зүйл биш. Шинжлэх ухаан, техникийн хөгжлөөс улбаатайгаар өнөөдөр ярьсан зүйлийг маргааш биелүүлэхийг хүмүүс шаардах болсон. Гэтэл аливаа нэг санаачилга цаасан дээр буухаас эхлээд маш олон судалгаа, шинжилгээ, туршилтад тулгуурлаж байж бодит амьдрал дээр хэрэгждэг.  Энэ төслийн хувьд цаасан дээр буусан үе нь 1985-1986 он. “БНМАУ-ын Усны нөөцийг ашиглах ашиглах генералын схем” гэж Унгар, Оросын эрдэмтдийн хамтарсан ХХ зууны шинжлэх ухааны манлай бүтээгдэхүүн шагнал авсан бүтээл. Энэ бүтээлд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр орших 12 голын 30 гаруй цэгт усан сан, далан барих боломжтойг тогтоогоод эхний ээлжинд хаана усан сан барих вэ? гэдгийг тодорхойлсон. Үүнийг л “Хөх морь” төсөл гэж нэрлээд байгаа юм. Нэр нь өөрчлөгдсөн шалтгаан нь хөх өнгө бол усны өнгө. Морь гэдэг нь ус аргамаг хүлэг шиг урагшаа тэмүүлж байгааг билэгдсэн. Зарим хүн эх оронч бус гол гэх мэтээр зарим голыг нэрлээд байдаг. Гол, ус бүгд л байгаль дээр урсах замаараа л урсаж байгаа. Харин бид тэр зам дээр хил хязгаар гэгч зүйлийг өөрсдийн тархиндаа зурчихаад эх оронч бус гэх мэтээр нэрлээд байдаг.

Одоогоор “Хөр морь” төслийн хүрээнд Туул, Хэрлэн, Орхон голын хаана далан барих вэ? гэдэг асуудал яригдаж байна. Хэрэв бид Орхон гол дээр усан сан барьж чадвал олон жил яригдсан Орхоны хөндийд шинэ хот үүсгэх, Хархорин хотыг шинээр үүсгэх гэсэн асуултуудад хариулт өгч чадах юм. Харин Хэрлэн гол дээр усан сан барьж чадвал хамгийн түрүүнд Хэрлэн голоо аварч үлдэх боломжтой болно. Хоёрдугаарт, хэрэв Хэрлэн гол хангалттай сайхан урсч, усаа хуримтлуулж чадвал 30.000 хүнтэй Багануур хотыг 300.000 хүн амтай том хот болгох боломж бүрдэнэ. Мөн говийн бүсийн уул уурхайг гүний биш гадаргын усаар хангах боломж бас нээгдэнэ.

Харин Туул гол дээр далан барьж чадвал гадаргын усны ашиглалтаа бүрэн шийдэх боломжтой болно.

Үүнд нэг зүйлийг заавал хэлмээр байна. Усны нөөцийг нэмэгдүүлнэ гэдэг зөвхөн монголчуудад хэрэгтэй зүйл биш хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйл. Хамгийн энгийнээр тайлбарлавал бид Сэлэнгийн усны нөөцийг 10 хувиар нэмэгдүүлэхэд Байгаль нуурын ус 1-2 хувиар нэмэгдэнэ. Энэ чинь л бидний хүн төрөлхтний хөгжилд оруулж байгаа хувь нэмэр. Тиймээс зөвхөн бид, бид гэж ярихаас илүүтэйгээр боломжоороо гаднын хөрөнгө оруулалтыг татаж “Тэрбум мод” төслийг илүү өргөн цар хүрээтэй болгох хэрэгтэй гэж бодож байна. Ойжуулах төсөл маань эргээд усаа дэмжиж байдаг учраас тэрбум төслийн хүрээнд усны нөөцийн хуримтлалыг бий болгох сайхан боломж гэж дахин дахин хэлэхийг хүсч байна.

  • Нэг мод тарьж ургуулаад, хөрсний усыг зөв эргэлтэд оруулахын тулд хэдий хэр хугацаа, хичнээн литр ус шаардагдах вэ?

-Хугацааны хувьд тухайн модны төрөл зүйлээсээ шалтгаалах байх. Мөн хичнээн литр ус ашиглах талаарх тооцоог гаргаж болох байх. Европын зарим судалгаагаар модыг усалж байгаа усны аравхан хувь нь модны үндсэнд үлддэг. Ямар хөрсөнд тарьж ургуулснаас хамаараад үлдсэн 90 хүртэлх хувь нь гүний усны тэжээл болж үлддэг гэсэн тооцоолол байдаг. Гэтэл хүмүүс хайран ус гээд яриад байна. Ус гэдэг өөрөө байгальдаа шингэж байвал хамгийн зөв зүйл болно. Харин ус хэзээ аюултай вэ? гэхээр усны шинж чанарыг өөрчилж, бохирдуулсан үед л аюултай. Түүнээс биш байгальд өөрт нь эргүүлж өгч байгаа үед энэ нь аюул биш.

Их мод тарьж ус барах гээд байна гэж байгаа хүмүүсээс зөрүүлж асуумаар байгаа юм. Шулуухан хэлэхэд нэг тэрбум модыг услах уснаас хэд дахин илүү усаар 600 мянган автомашин угааж байгаа. Ганц машин угааж байгаа тэр их ус хэдий хэр химийн бодисоор бохирдоод байгальд эргээд хаягдаж байгааг тооцох хэрэгтэй шүү дээ. Мөн алтны уурхай, нүүрсний уурхай хэдий хэр ус ашиглаж байгааг дусал бүрээр нь тооцох хэрэгтэй. Үүнээс гадна ноос ноолуурын үйлдвэр ч мөн адил арьс ширээ зумлахын тулд хүний биед аюултай химийн бодис ашигладаг. Хамгийн гол нь мод усална гэдэг бол тэр усыг байгальд нь буцааж өгч байгаа хэрэг. Усыг зөвхөн хүн төрөлхтөн бус дэлхий дээр орших бүхий л амьд биет ууж, хэрэглэдэг.

  • Таны хэлж байгаагаар тэрбум модыг услахын тулд усыг гамнах биш харин хангалттай услах хэрэгтэй гэсэн үг үү?

-Тийм. Гэхдээ мод услах гэж байна гээд голын усыг хувингаар зөөнө гэсэн үг биш. Харин хоолойгоор зөөх хэрэгтэй. Ингэхийн тулд усан сан бий болгох хэрэгтэй гээд байгаа юм. Нэг модыг өдөрт 10 литр усаар усалдаг гэж бодъё. Тэгвэл өдөрт 10 тэрбум литр ус буюу 10 сая метр куб ус хэрэг болно. Гэтэл Улаанбаатар хот хоногт 300  мянган метр куб ус хэрэглэдэг. Үүнтэй харьцуулахаар модонд зарцуулж байгаа усны ард их л том тоо дагалдаад байгаа боловч энэ ус эргээд байгальдаа цэврээрээ шингэж байгаа гэдгийг л ойлгох хэрэгтэй.

Товчхондоо бол тэрбум мод тарихад ус хэрэгтэй. Усаа ашиглахын тулд усан хэрэгтэй. Харин тэр усан сан нь мод услахад хэрэгтэйгээс гадна Монгол Улсын хөгжлийг бий болгоход хамгийн том түлхэц үзүүлэх хүчин зүйл болно.

  • Тэрбум модны төслийг 10 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ гэсэн. Та бидний ярьж мөрөөдөж байгаа энэ зүйлд магадгүй 10 жилээс их хугацаа шаардах байх?

-Дахиад л Унгар Улсын жишээн дээр тайлбарлая. Унгар Улсын нутаг дэвсгэр манай Хөвсгөл аймагтай ижилхэн. Нутаг дэвсгэрийнх нь 18 хувь нь ой мод бөгөөд үүнийг 30 хувьд хүргэх зорилтыг тавьсан. Гэтэл Унгар Улс газар тариалангийн улс. Газар тариалангаар хөгжиж, ургацаа экспортод гаргах төлөвлөгөөтэй улсын хувьд 1 м.кв газар ч гэсэн хэрэгтэй байгаа ч нутаг дэвсгэрийнхээ гуравны нэгийг ой болгохоор зорьж байна. Хэрэв миний бодлоор болдог бол нэг тэрбум биш хоёр тэрбум, гурван тэрбум гээд Монгол Улсын гуравны нэгийг нь ойгоор бүрхэгдсэн байгаасай.

Хэрэв тэгж чадвал бид агаарын бохирдлын асуудлаа шийдэж чадна. Хоёрдугаарт усны нөөцийн асуудалгүй болно. Яг энэ мөчөөс эхлээд л бидний яриад байдаг Азийн бар улс болох, Япон шиг хөгжинө гэх боломжууд нээгдэж эхэлнэ. Түүнээс биш усны нөөцгүй, экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан байгаль орчингүйгээр хөгжлийг төсөөлнө гэж байж болохгүй. Жишээлбэл, Солонгос Улс хэт их хөгжлийн төлөө гэж яваад байгаль орчноо сүйрүүлчихсэн. Одоо тэрийгээ дахин сэргээх гээд явж байна. Энэ жишээнээс суралцаад байгаль орчны тэнцвэр дээр, усны нөөц дээр тулгуурласан эдийн засаг, аж үйлдвэрийн хөгжлийг бий болгох ёстой. Ерөнхийдөө мод, ус хоёр байхад манай улс шиг байгалийн баялаг ихтэй, өргөн уудам нутагт ямар ч амьдрал цогцолно.

Тэрбум модны төслийг санаачилснаараа Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийнхөө нэрийг түүхэнд мөнхөлсөн байж магадгүй. Учир нь тэрбум мод аянаас улбаатайгаар мод, ус хоёр байхад байгаль орчин байх юм байна. Байгаль орчин байхад хүний амьдрал яаж л бол яаж хөгжих боломжтой гэдгийг харуулж байгаа юм.

Шулуухан хэлэхэд өнөөдөр бидний гар утас, компьютер биднийг тэжээхгүй. Харин байгаль түүнийг дагасан мал аж ахуй л биднийг тэжээнэ.

Ярилцсанд баярлалаа.    

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах