Цэс Close

Иргэд шүүхийг л харж байна

Засгийн газар шүгэл үлээж Хөгжлийн банк, нүүрсний хулгай гээд томоохон хэргүүдийг олон нийтийн анхаарлын төвд оруулсан. Эдгээр хэргийг Авлигатай тэмцэх газар, прокурорын байгууллагаас шалгаж дуусаад эхнээсээ шүүхрүү шилжүүлж байна. Харин одоо энэ хэргүүд хэрхэн шийдэгдэх вэ гэдэг нь олон нийтийн анхаарлыг хамгийн их татаж буй.
Өмнө нь томоохон хэргүүд шүүхийн шатанд очоод замхардаг, том дарга нар шүүгчидрүү ярьж чиглэл өгдөг гэх мэт шүүмжлэл иргэдийн дунд байсаар ирсэн. Харин сүүлийн үед хууль шүүхийн байгууллагуудад тодорхой хэмжээнд шинэчлэл хийгдлээ гэж олон нийт үнэлэх болж. Учир нь, Ерөнхий шүүгчээр ардчилсан үзэлтэй хүн томилогдсон гэж олон нийт хардаг. Тэрээр өмнө нь хууль мэт тогтсон байсан дээрх байдлыг таслан зогсооно гэдгээ мэдэгдсэн. Тиймээс нэгэнт олны анхааралд орсон хэргүүд шударгаар шийдэгдэнэ гэдэгт иргэд итгэл тавин хүлээж байгаа. Мөн үүнээс ч өмнө олны анхаарлыг татсан “Эрдэнэт”-ийн 49 хувь, Дарханы замын тендерийн гэх мэт олон хэрэг шийдлээ хүлээж байгаа. Тухайлбал, 2016 оны сонгуулийн дараа олны анхаарлыг татаж эхэлсэн “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой хэрэг одоо болтол эцэслэн шийдвэрлэгдээгүй л байна. Улсын дээд шүүх энэ хэргийг 2021 оны зургадугаар сарын 30-нд хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан. Үүний дагуу Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан мөрдөн шалгах баг дахин шалгаж дуусаад өнгөрсөн оны есдүгээр сарын сүүлчээр нийслэлийн Прокурорын газарт шилжүүлжээ.
Мөн Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын тендерийг анх шалгаруулахад оролцсон Зам, тээврийн хөгжлийн яам болон бусад байгууллагын албан тушаалтнуудыг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн. Ажиллах хүч, техник тоног төхөөрөмжгүй, зам барих туршлагагүй БНХАУ-ын аж ахуйн нэгжийг тендерт шалгаруулахад нөлөөлж, хээл хахуулд зуучилсан байж болзошгүй гэх үндэслэлээр Зам, тээвэр хөгжлийн дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийг Авлигатай тэмцэх газраас баривчилсан. Үүнээс өөрөөр Дарханы замын тендертэй холбоотой хэрэгт ахиц гараагүй байна.
Энэ мэт нийтийн анхаарлыг татсан олон хэрэг шийдлээ хүлээж байна. Тухайн хэргүүдэд нэр холбогдсон хүмүүс буруутай бол буруутайг нь тогтоож, тохирох шийтгэлийг нь оноож, буруугүй бол буруугүй гэдгийг нь олон нийтэд зарлах хэрэгтэй байна. Ингэж үнэн зөвийг нь тогтоож, тос усаар нь ялгахгүй бол олон нийтийн дунд хэлэлцүүлэгдээд л яасан нь тодорхойгүй үлддэг болох нь. Өөрөөр хэлбэл, одоо эдгээр бүх асуудал шүүхээс хамаарах нь ээ. Шүүх яаж, хэрхэн шийдвэрлэхийг л олон нийт хүлээж байна даа.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах