Цэс Close

Испанид ажлын дөрвөн өдрийг туршиж эхлэв

Испанийн төр засаг долоо хоногт дөрвөн өдөр ажиллах санааг хэрэгжүүлж, туршиж эхэллээ. Зүүний Мас Паис нам парламентийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө ийм санааг дэвшүүлсэн бөгөөд одоо түүнийгээ хэрэгжүүлэх шат руугаа оржээ. Долоо хоногийн дөрвөн өдрийн ажлын нийт цаг нь 32 байх юм. Тус туршилтад 200-аад компани хамрагдах юм байна. Гэхдээ эдгээр 200-аад компани нь тус бүртээ 3000-5000 ажилчидтай томоохон компаниуд гэнэ.

Үүнээс өмнө компьютер программ хангамжийн Software Delsol компани ажлын дөрвөн өдрийг туршиж үзэхэд, хөдөлмөрийн үр бүтээмж нь илт нэмэгдсэн дүн гарчээ. Тус компанийн ажил салбар бүртээ сайжирч, ашиг орлого нэмэгдэж, ажилтнуудын сэтгэл санаа ч илт сэргэсэн байна. Гэхдээ Software Delsol компани 181 ажилтантай учир илүү том байгууллага дээр туршихаар Испанийн төр засаг шийдсэн нь энэ юм. Туршилт ойрын гурван жилдээ үргэлжлэх юм байна.

Испаничууд ажлын цагаа сайн барьж ажилладаг ч гэлээ хөдөлмөрийн үр бүтээмж улам буурсаар байгаа тул ажлын дөрвөн өдөр илүү үр ашигтай байх эсэхийг туршиж буй нь энэ. Испанийн төр засгийн энэхүү шийдвэрийг зарим байгууллага, хувийн компаниуд илт эсэргүүцэж, ажлын өдөр, цагийг багасгах бус харин ч нэмэх ёстой гэсэн байр суурьтай байгаа гэнэ.

Испани улс бол хөдөлмөрийн гэрээ, ажлын цаг тал дээр үргэлж анхдагч тэмцэгч, туршигчид байдаг. 1919 онд Испанийн Барселон, Валенсиа хотноо ажлын найман цагтай болгохыг шаардсан жагсаал цуглаан болж, амжилтад хүрсэн түүхтэй юм.

Одоогоор Европ тивд ажлын хамгийн цөөн цагтай улс бол Франц. Францад долоо хоногийн ажлын нийт цаг 35. Хэрвээ үүнээс давбал илүү цагийн хөлс авдаг журамтай.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах