Цэс Close

“ИХ НАЯД”-ЫН ХӨТӨЛБӨР  ҮР ДҮНТЭЙ БАЙХ ЁСТОЙ

Энэ оны 02 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөг танилцууллаа.  Энэ нь Монгол улс зах зээлд шилжсэнээс хойш хэрэгжүүлж буй гурав дахь “их наяд”-аар хэмжигдэх томоохон төсөл юм.  Их наяд гэдэг тоо саяхнаас бидний хэрэглээнд орж ирсэн билээ. Тодруулбал, Зэс, нүүрсийн дэлхийн зах зээл дээрх ханш 2006 онд өмнөх оноосоо бараг хоёр дахин нэмэгдэхэд, манай улсын төсвийн нийт орлого нэг их наядыг давсан байдаг. Тэгвэл нэг их наяд хэдий хэмжээний мөнгө вэ. 2020 оны улсын төсөвт Дорнод аймгийн төвд Эрүүл мэндийн төвийн барилга, Өвөрхангайн Нарийнтээл суманд 240 хүүхэд суралцах сургуулийн барилга тус бүрийг 1.5 тэрбум төгрөгөөр барихаар төсөвт суужээ. Энэ жишгээр тооцвол, нэг их наяд төгрөгөөр 666 ширхэг дээр дурдсан өртөг бүхий барилга босгох буюу Монгол улсын 330 сум бүрд нэг эрүүл мэндийн төв, нэг сургууль шинээр барих хөрөнгө аж.

 Сануулж хэлбэл, эхнийх нь “ипотекийн найман хувийн хөтөлбөр” байсан юм.

2012 оноос дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн хөөсрөлт хагарч, манай эдийн засгийн өсөлт саарч эхэлсэн байдаг. Монгол улсын эдийн засаг огцом агшиж, ажилгүйдэл нэмэгдэн 160 орчим мянган ажлын байр алдагдах аюул нүүрлэсэн хүнд үе юм. Гадаадын хөрөнгө оруулалт 2011 онд 4,6 тэрбум ам.доллар байсан бол 2012 оны эхний хагаст 1,9 тэрбум ам.доллар болон унаж, манай улсын эдийн засаг  өмнөх оноосоо 5 хувиар агшиж, цаашид үргэлжлэн буух нь тодорхой болсон байв. Үүнийг жирийн иргэд төдий л анзаараагүй болов уу. Учир нь өнөөдрийнх шиг нийтийг хамарсан цар тахал дэгдэж “айдас хүйдэс” нөмрөөгүй байв.  Тухайн үеийн Засгийн газар эдийн засгийн хямралыг хохирол багатай даван туулах, банк санхүүгийн системээ хамгаалах, хямралын хүндрэлийг иргэдийн амьдралд үүрүүлэхгүй байх үүргийг хүлээх  болсон юм.

Ингээд 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийг Монгол банк, Засгийн газар хоёр хамтарч хэрэгжүүлж эхэлсэн. 3 жил үргэлжилсэн тус хөтөлбөрт 3 их наяд 29 тэрбум 623 сая төгрөгийн санхүүжилтийг Монголбанкнаас гаргажээ. Нийт 86 221 өрх тус зээлд хамрагдаж шинээр орон сууцтай болсон байв. Хөтөлбөр үргэлжилж байх үеэр буюу 2016 оны 6 сард УИХ-ын ээлжит сонгууль болж, сонгуульд үнэмлэхүй олонх болсон МАН шинэ Засгийн газраа байгуулав. Хөтөлбөртэй холбоотой улс төржсөн нийтлэл, ярилцлага хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр эрч хүчээ авч эхэллээ. УИХ-ын индрээс хөтөлбөр хэрэгжүүлэгчдийг “мөнгө хэвлэгчид”, “салхинд мөнгө хийсгэгчид” гэх мэт нэр хоч зүүж, амтай болгон “яллаж” эхэлсэн. Төд удалгүй хөтөлбөр зогслоо. Гэхдээ жилд  ойролцоогоор ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс таван мянган орон сууцыг дахин олгох боломж үлдсэн юм. Монголбанкнаас анх гаргасан мөнгөний эх үүсвэр огт үрэгдээгүй харин арвижиж цаашид хөтөлбөр бие даан хэрэгжих эх суурь тавигдсан нь энэ. Өнөөдрийн өндөрлөгөөс эргэж харвал, “Найман хувийн ипотек” тухайн үеийн хямралын хүндийг иргэдэд үүрүүлэхгүйгээр давж гарах чухал шийдвэр болсон аж.  

Дараагийн “их наяд”-аар хэмжигдэх томоохон хөтөлбөр бол Коронавирусын цар тахал дэлхий нийтэд идэвхтэй тархаж эхэлсэн үе буюу 2020 оны 4 дүгээр сарын эхнээс хэрэгжиж эхэлсэн. Монгол Улсын Засгийн газраас нийгэм, эдийн засгийг дэмжих багц арга хэмжээ авч хэрэгжүүлэх, үүний тулд 5.1 их наяд төгрөг зарцуулах болсноо Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх(2020.03.27) зарлав. Тэрээр хамгийн түрүүнд монгол хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалах, хоёрт, эдийн засгийн нөхцөл байдалд төрөөс анхааран ажиллана гэдгээ амласан юм. Ингээд аж ахуйн нэгж, компаниудыг НДШ-ээс чөлөөлөх, ажилтан, албан хаагчдын цалин, хөлсөнд ХХОАТ(хувь хүний орлогын албан татвар) ногдуулахгүй байх, ноолуурын зээл олгох, 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс бензин, шатахууныг литр тутамд нь 300, түүнээс дээш төгрөгөөр бууруулах зэрэг 7 арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөснөө танилцуулсан. Эдгээр арга хэмжээнүүдийг санхүүжүүлэхэд 720 сая ам.долларын эх үүсвэрийг Сангийн яам баталгаажуулсан. 1.3 тэрбум ам.долларын гэрээ хэлэлцээр хийж байгаа талаар тухайн үеийн эрх баригчид мэдээлж байв.

       Монгол Улсын Үндсэн хуулинд: “...Төрийн санхүү, зээл, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах...” зэрэг нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрх хэмээн баталгаажуулсан байдаг. Гэвч “хэт олонх”-ийн парламент улсын төсвийн орлогын 40 хувийг Засгийн газар дангаараа бие даан зарцуулах ёстой гэж үзээд татвар төлөгчдийн мөнгөний зарцуулалтад хяналт тавих онцгой эрхээсээ бараг л “татгалзсан” гэж хэлж болно.  Харин өнөөдрийг хүртэл 5.1 их наяд төгрөгөөр ямар арга хэмжээнүүд санхүүжүүлж, тэр нь ямар үр дүнд хүрсэн талаар сонирхож байгаа нэг ч хүн алга. Хуучин УИХ нь тарж, шинэ нь “дүлий дүмбэ” оргиж сууна. 1.7 тэрбум ам.долларын тайлан тавих ёстой Засгийн газар нь ч “цагаан туг”-аа өргөчихлөө. Харин энэхүү их хэмжээний хөрөнгийг “зориулалтын бус”-аар буюу 2020 оны сонгуульд зарцуулсан гэх сөрөг хүчний шүүмжлэл хаалтын гэрээтэй хэвлэл мэдээллийн “хана”-ыг нэвтэлж нийтэд хүрсэнгүй.  Тухайлбал, 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө 200 гаруй мянган малчдад ноолуурын дэмжлэг нэртэй 175 тэрбум төгрөг тараасан. Энэ нь цар тахлын аюултай тэмцэх гэхээсээ илүүтэй малчдын саналыг худалдаж авахад зориулагдсан гэдгийг тайлбарлах илүүц биз. Ээд тэнд босгосон элдэв марзан хөшөө, усаа зөөдөг усан оргилуур, хүүхдийн автобусны тендер, хаа сайгүй хөглөрч явдаг хачин өндөр үнэтэй чулуу... гээд бичвэл зөндөө юм бий.

            УИХ-ын гишүүн Б. Пүрэвдорж 2020 оны 12 дугаар сард 5.1 их наяд хөтөлбөрийн зарцуулалт, үр дүнгийн талаар Ерөнхий сайд асан У. Хүрэлсүхэд асуулга явуулсан байдаг. Гэвч хариулт нь туйлын хангалтгүй ирсэн байх юм. Тэрхүү асуулгад нийт дүнгээрээ 2.4 их наяд төгрөг зарцуулсан гэсэн бүдэг бадаг тоо дурджээ. Харин саяхан Сангийн шинэ сайд Б. Жавхлан ярилцлага өгөхдөө 4.1 их наядыг төсвөөс зарцуулсан талаар дурдаад авна лээ. Тэгэхээр хөтөлбөрт зарцуулсан гэх хөрөнгийн хэмжээ  өнөө хүртэл тодорхойгүй байна. Төр ийм хариуцлагагүй байж болох уу? Саяхан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас гурав хоногийн хугацаатай 20 мянган ширхэг N95 амны хаалтыг 400 сая төгрөгөөр худалдан авах тендерийн тухай асуудал нийтийг бухимдуулсан. Өнөөг хүртэл иргэдийн дунд коронавирусын эмчилгээний үнэ ханшийн талаар элдэв маргаан, хардлага байсаар байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-ын Шуурхай штаб-ад ажиллах үеэрээ цар тахлын үеийн худалдан авалтуудыг Авилгатай тэмцэх газар шалгуулах ёстой гэх утга бүхий зүйл ярьсан.  Уг асуудлаар одоогийн байдлаар Засгийн газраас АТГ-т хандсан мэдээлэл лав алга. Төр худалдан авалттай холбоотой элдэв хардлага, эргэлзээг арилгаж хяналт, шалгалтыг заавал хийх ёстой. Гэхдээ аливаа хууль бус үйлдэл эрт орой нэгэн цагт илэрдэг. Өөрөөр хэлбэл, “даравч далдайдаг”. Олон улсын Авилга, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх OCCRP (англ. Organised Crime and Corruption Reporting Project) байгууллагын сэтгүүлчид 2020 оны 2-р сараас 10-р сар хүртэл хугацаанд дэлхийн 37 орны 21 тэрбум гаруй евро-гийн өртөгтэй 37800 гаруй тендер, гэрээний талаарх мэдээллийг үйлдвэрлэгчдээс нь цуглуулж нийтэлсэн нь ихээхэн шуугиан тарьж байна. Хойд хөршийн Санкт- Петербург хот, Казахстаны Жамбул мужийн эрх баригчид коронавирустай тэмцэх ёстой төсвөөс завшсан асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа.

Татвар төлөгчөөс төрд өгсөн нэг цент ч бүртгэлтэй байж, юунд зарцуулагдсан, ямар үр дүнд хүрсэн нь ил тод байдаг улс орон л хөгжиж дэвжиж байна. Харин хариуцлагагүй эрх баригчдын тооцоо судалгаагүй шийдвэрийн балгаар хэдэн ихнаядаар хэмжигдэх мөнгө салхинд хийсч буй тохиолдолд улс орны хөгжил, ирээдүйн талаар яриад ч хэрэггүй. Ийм улс оронд салбар салбарын шийдвэрлэх ёстой асуудлууд нь хуримтлагдаж, хүн амын дийлэнхийн амьдрал тарчиг, залуучууд нь ирээдүйдээ итгэх итгэлгүй учраас хөгжилтэй улс орныг олноороо барааддаг. 

Шинээр томилогдсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн кабинет манай улсын түүхэн дэх гурав дахь “их наяд”-аар хэмжигдэх төслөө нийтэд зарлаад байна. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн төлөвлөгөө манай эдийн засагч, судлаачдын бүтэн жилийн турш өмнөх Засгийн газарт анхааруулж, санал болгож байсан санал зөвлөмжүүд багтсаныг анзаарч болохоор байна. Тухайлбал, шинэ Засгийн газар байгуулагдахтай зэрэгцэн “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар уламжлалт бус аргыг ашиглаж байж хямралыг давна”, “Шинэ кабинетын шийдвэрлэх ёстой асуудал”  зэрэг миний бичсэн нийтлэлд хөндсөн гол санаа шинэ хөтөлбөрт тусгалаа олсон харагдана. Үүнд, эрсдэлийн сан байгуулах, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг хүү багатай зээлээр дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, ипотек болон стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх зэрэг хямралыг даван туулахад бодит үр дүн өгөхүйц арга хэмжээнүүдийг дурдаж болно. Засгийн газрын үйл ажиллагаа ч боломжийн эхлэл тавилаа. 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар, цар тахлын эсрэг ажиллаж байгаа байгууллагаас бусад улсын болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой бүх байгууллага, аж ахуйн нэгжийг он дуустал хэмнэлтийн горимд шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ сарын 23-ны өдрөөс бизнесийн бүх салбарыг нээж, Ковидын эсрэг вакцинжуулалтыг эхлүүлэх аж.  

Энэ бүхэн “хадуурч” давхисан хөлгөө ямар ч байсан тогтоон барьж зогсоосныг илтгэнэ. Одоо харин зөв чиглэлд залах учиртай юм. Харамсалтай нь, бид дэндүү их хугацаа алджээ. Мөн асар их хэмжээний хөрөнгийг юунд зарцуулсан нь тодорхойгүй мунгинаж сууна. 2017-2019 онуудад зэс, нүүрсний ханш дэлхийн зах зээл дээр огцом нэмэгдэж улсын орлого арвин байх үед хүнд хэцүү цагт хэрэглэх хуримтлал бүрдүүлж чадсангүй. Харин эсрэгээрээ, төсвийн зардлаа огцом ихээр нэмж, төсөвт их наядаар хэмжигдэх алдагдал тооцож, гадаад өрөө зузаалсан “бодлогын алдаа” Монгол улсын эдийн засагт туйлын хүндээр тусах нь тодорхой байна. Үүнийг засахад нэлээдгүй хэдэн жил шаардагдаж таарна.

Юуны түрүүнд, 10 их наядын хөтөлбөр нь Төсвийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Өрийн удирдлагын тухай, Төвбанк \Монголбанк\-ны тухай болон бусад хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжих учиртай. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, дунд урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө, 2021 оны улсын төсөв зэрэг бодлогын бичиг баримтуудтай нийцэж байх ёстой. Ер нь хэн нэгэн Ерөнхий сайд нэг сайхан өглөө гоё ганган амлалт авч, хэдэн их наядаар хэмжигдэх төлөвлөгөө хэрэгжүүлчих шийдвэр гаргаад байвал улс орон дампуурах шиг амархан зүйл үгүй биз. Иймээс УИХ хямралын хүнд үед хариуцлагаас зугтах биш харин Үндсэн хуульд заасан онцгой эрхийн дагуу хөрөнгө санхүүжилтийн тооцоо, үйл ажиллагааны төлөвлөгөө зэргийг нягт нарийн судалж, төслийн хэрэгжилтийн шат бүхэнд хатуу хяналт тавих ёстой. Өнгөрсөн жил хэрэгжүүлсэн хөтөлбөр бидэнд ийм л гашуун сургамж үлдээж. Мөнгөний нийлүүлэлтийг 10 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхэд тооцоо судалгаа зайлшгүй шаардлагатай. Төгрөгийн ханш сулрах, инфляц өсөх, Засгийн газрын өр нэмэгдэх зэрэг улс орны эдийн засагт асар хүнд цохилт ирээд зогсохгүй бусад улсаас хараат болох  аюул дэргэд чинь  отож байгаа шүү гэдгийг анхааруулмаар байна.

2020 оны 02 сарын 22

6 Comments

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах