Калифорни мужийн сургуулиудад ухаалаг утас ашиглахыг хориглох, хязгаарлах хууль батлагдлаа
Калифорнийн амбан захирагч Гэвин Ньюсом даваа гарагт сургуулиудад ухаалаг гар утасны хэрэглээг хязгаарлах, хориглох тухай хуулийн төсөлд гарын үсэг зурж, хэт их хэрэглээ нь сэтгэцийн эмгэгт өртөх эрсдэлийг нэмэгдүүлж, суралцахад сөргөөр нөлөөлдөг гэдэгтэй санал нэгдсэн байна.
Боловсролын долоо хоног гэх газрын мэдээлснээр Флорида муж 2023 онд ангид утсыг хориглосноор боловсролын чанараараа тэргүүлсэн учир дараа энэ жил өөр 13 муж сургуульд гар утсыг хориглох, хязгаарлахыг зөвлөж эхлээд байна.Калифорниа мужийн улсын сургууль нь 5,9 сая орчим сурагчтай бөгөөд өнгөрсөн зургадугаар сард сургуулийн удирдах зөвлөлөөс 429,000 сурагчдыг ухаалаг утас хэрэглэхийг хориглосон юм.
Тэр сард АНУ-ын ерөнхий мэс засалч Вивек Мурти нийгмийн хэвлэл мэдээллийн платформ дээр тамхины хайрцаг дээрхтэй адил анхааруулах шошго байрлуулахыг уриалж, энэхүү утастай холбоотой асуудлыг сэтгэцийн эрүүл мэндийн яаралтай тусламжтай зүйрлэн анхааруулгыг хийжээ.
Мурти “JAMA” эмнэлгийн сэтгүүлдээ өдөрт гурваас дээш цагийг олон нийтийн сүлжээнд зарцуулдаг өсвөр насныхан сэтгэцийн эмгэгт өртөх эрсдэл өндөр байдаг гэсэн судалгааг иш татсан бол “Gallup”-ийн судалгаагаар өсвөр насны хүүхэд өдөрт дунджаар 4.8 цагийг олон нийтийн сүлжээнд зарцуулдаг болохыг харуулсан.
Калифорнийн хуулийн төсөл нь мужийн чуулганаар 76-0, сенатад 38-1 саналаар батлагдсан тул сургуулийн удирдах зөвлөл болон бусад удирдах байгууллагууд 2026 оны долдугаар сарын 1-ний дотор сургуулын орчинд ухаалаг утас хэрэглэхийг хязгаарлах, хориглох бодлого боловсруулах ажлыг бэлэн болгох юм .
"Ухаалаг гар утасны хэт их хэрэглээ нь сэтгэлийн түгшүүр, сэтгэл гутрал болон сэтгэцийн эрүүл мэндийн бусад асуудлуудыг нэмэгдүүлдэг гэдгийг бид мэднэ. Мөн бидэнд хөндлөнгөөс оролцох эрх мэдэл бий. Энэхүү шинэ хууль нь сурагчдад дэлгэцэндээ бус харин эрдэм шинжилгээ, нийгмийн хөгжил, тэдний өмнө байгаа ертөнцөд анхаарлаа төвлөрүүлэхэд тусална." гэж “Newsom” мэдэгдэлдээ дурджээ.
Эх сурвалж: Japan Today
Бэлтгэсэн: О.Янжинлхам
Сэтгэгдэл үлдээх