Цэс Close

Л.Оюун-Эрдэнэ: Хилээ нээсэн, одоо боомтоо сэргээснээр 2023 онд эдийн засаг эерэг байх болно

Манай улс 2022 оны эцсийг 13 хувийн инфляцтай, төгрөгийн ханш 30 хувь суларч нэг ам.доллар 3550 төгрөгтэй тэнцэлтэйгээр үдлээ. Өөрөөр хэлбэл иргэдийн орлого өнгөн дээрээ өссөн мэт харагдах ч үнийн хөөрөгдөл, ам.долларын ханшын өсөлтөөс болж авсан цалин цаас болж, эдийн засаг элгээрээ нэгэнт хэвтжээ.

Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогыг танилцуулж, эдийн засгаа аварна гэсэн ч өнөөдөр энэ бодлого хэр үр дүнгээ өгч байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МҮОНТ-д ярилцлага өгөх үеэрээ танилцууллаа.

Тэрбээр... Монгол Улс нүүрс, зэс болон экспортын бусад бүтээгдэхүүнүүдээ төмөр замаар тээвэрлэх зорилготой. Үүний тулд 10 гаруй жил гацсан Гашуунсухайтын төмөр замыг барьж ашиглалтад орлоо. Одоо хил холболтын терминал барихад 1.5 жилийн хугацаа орно. Ханги-Мандалын төмөр замыг барьсан. Энэ төмөр зам баригдсанаар манай улс нүүрсээ зөвхөн Баяннуурт худалддаг байсан бол Хятадын Бугат хот  руу зарах боломж нээгдэнэ.

Бичигт боомт баригдсанаар далайд хамгийн ойр гарцыг төмөр замаар холбох юм. Мөн Шивээхүрэнгийн боомтыг Арцсуурийн боомттой холбох том төслийг энэ онд багтаан шийдвэрлэнэ. Товчхондоо бүх боомтыг автозамаар холбоно. Стратегийн ач холбогдол бүхий боомтуудыг төмөр замаар холбох зорилттой. Боомтын боомийг тайлснаар экспортын хүчин чадлыг 2-3 дахин нэмэгдүүлнэ.

Маш хурдан, их хэмжээний нүүрс гаргах нь Монгол Улсын Засгийн газрын ойрын үеийн стратеги юм. Тэр санхүүжилтээрээ эдийн засгийг төрөлжүүлэх ёстой.

Манай улс жилд 30 сая тонн нүүрс зардаг. Үүнийг 45 сая тоннд хүргэвэл Монгол Улсын эдийн засаг өнөөдрийнхөөс нэлээд өөр түвшинд хүрнэ. Далд эдийн засаггүй, ам биш хил үнээр зарвал улсын эдийн засагт маш их өгөөжтэй. 50, 100 сая тонн нүүрс экспортолдог болбол нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.доллар давна гэсэн үг. Боомтууд сэргэж, авлигын далд сүлжээг таслан зогсоовол Монгол Улс 2023 онд хүрнэ гэсэн эдийн засагтаа 1-2 жилийн дараа очно.

Эдийн засаг сэргэнэ. Ковидын хатуу хөл хориотой үед улсын эдийн засаг -4.7 хувь болсон нь 1990 оноос хойших хоёр дахь уналтын үе байв. Улсын төсөв 20 орчим хувиар тасарсан хүнд үеийг давлаа. Одоо хилээ нээсэн, боомтоо сэргээснээр 2023 онд эдийн засаг эерэг байх болно” гэлээ.

Хэдийгээр улс орны эдийн засаг хүндхэн байдалд орсон Засгийн газар, Ерөнхий сайд төрд нүүрлэсэн хулгайтай тэмцсээр байх болно. Энэхүү тэмцэлд ялалт байгуулж чадваас төр цэвэршиж, авлига үгүй болж, далд эдийн засаггүй болох бөгөөд үүнийг дагаад эдийн засаг өөдлөх юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах