Цэс Close

Монголын өмгөөлөгчдийн холбооны төлөөлөгчид "Олон улсын эрүүгийн шүүх"-д зочилж туршлага судаллаа

            Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров тэргүүтэй төлөөлөгчид Нидерландын Хаант Улсын Гааг хотноо байрлах Олон улсын эрүүгийн шүүх (ICC)-д зочилж, тус байгууллагын шүүхийн бүтэц, үйл ажиллагаа, олон улсын эрүүгийн эрх зүйн чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, туршлагатай танилцан, холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийлээ.

Төлөөлөгчид Олон улсын эрүүгийн шүүхийн Ерөнхийлөгч, шүүгч Томоко Аканэ, шүүгч Д.Эрдэнэбалсүрэн нартай уулзаж, шүүхийн бүтэц, тогтолцоо, шүүн таслах ажиллагааны онцлог, түүнчлэн Монгол Улсын хууль зүйн байгууллагуудтай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.  Мөн тус уулзалтад Гааг хот дахь Олон улсын эрүүгийн хэргийн шүүхийн өмгөөлөгч Н.Орчлон оролцсон юм. 

Уулзалтын үеэр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч, прокурорын оролцоо ямар зарчмаар хэрэгждэг, талуудын эрх тэгш байдлыг хэрхэн хангадаг, нотлох баримтыг цуглуулах, шалгах, үнэлэх ажиллагааны онцлог, хугацаа болон практикт тулгардаг хүндрэл бэрхшээлүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцав. Ялангуяа олон улсын шинжтэй, олон улсын хэд хэдэн улсын нутаг дэвсгэрийг хамарсан гэмт хэргүүдийн хувьд нотлох баримт цуглуулах ажиллагаа урт хугацаа шаарддаг бөгөөд гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хангах, олон хэл дээрх материалуудыг боловсруулах зэрэг асуудал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлдөг болохыг онцоллоо.

 

Мөн шүүгчдийн танхимын үйл ажиллагааны талаар Шүүгчдийн танхимын Хууль зүйн ажилтан Боланле Олупона танилцуулга хийв. Тэрбээр Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчдийн танхим нь Урьдчилсан шатны танхим (Pre-Trial Chamber), Анхан шатны танхим (Trial Chamber), Давж заалдах шатны танхим (Appeals Chamber) гэсэн бүтэцтэй ажилладаг талаар танилцууллаа.

Урьдчилсан шатны танхим нь шүүхийн харьяалал тогтоох, баривчлах захирамж гаргах, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд олон улсын улс төрийн ашиг сонирхлоос ангид, хараат бус шүүхийн хяналтыг бий болгох зорилгоор энэхүү тогтолцоо бүрэлдэн хөгжсөн талаар тайлбарласан юм.

Түүнчлэн Дэлхийн хоёрдугаар дайны дараа хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийг шүүн тасалсан Нюрнбергийн шүүхийн туршлага нь байнгын ажиллагаатай олон улсын эрүүгийн шүүх байгуулах суурийг тавьсан бөгөөд улмаар Ромын дүрэм батлагдаж, 2002 онд Олон улсын эрүүгийн шүүх үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхийг танилцууллаа.

Одоогоор Ромын дүрэмд 124 улс нэгдэн орсон бөгөөд тус шүүх нь геноцидын гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг, түрэмгийллийн гэмт хэрэг гэсэн олон улсын хамгийн хүнд дөрвөн төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгаж, шүүн тасалдаг байна.

Шүүхээс гаргасан баривчлах захирамжийг гишүүн улсууд хэрэгжүүлэх үүрэгтэй боловч зарим тохиолдолд улс орнууд уг үүргээ биелүүлэхгүй байх нөхцөл байдал үүсдэг талаар мөн дурдав. Ял шийтгүүлсэн этгээдүүдийн хорих ялыг Олон улсын эрүүгийн шүүх өөрөө хэрэгжүүлдэггүй бөгөөд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан гишүүн орнуудын хорих байгууллагад эдлүүлдэг байна.

Олон улсын эрүүгийн шүүх жилд дунджаар 2-4 томоохон хэрэг шийдвэрлэдэг боловч эдгээр хэрэг нь хэдэн зуу, зарим тохиолдолд хэдэн мянган хохирогч, гэрчийг хамарсан байдаг тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа олон жил үргэлжлэх тохиолдол бий. Мөн шүүхийн ажиллагаанд олон улсын оролцогчид оролцдог учраас орчуулга, хэлмэрчийн үйлчилгээ шүүхийн бүхий л шатанд шаардагддаг бөгөөд энэ нь ажиллагааны хугацаа болон зардалд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг болохыг тайлбарлав.

Түүнчлэн яллах тал нотлох баримтаа бэлтгэх, гаргахдаа тодорхой хугацаа зарцуулсан бол өмгөөллийн тал мөн адил хугацаа, боломж эдлэх эрхтэй. Энэхүү зарчим нь талуудын эрх тэгш байдлыг хангах үндсэн баталгаа болдгийг онцолсон юм.

Мөн Олон улсын эрүүгийн шүүх байгуулагдсанаас хойш хэд хэдэн хэрэгт цагаатгах шийдвэр гаргаж байсан бөгөөд Зааны ясан эрэг улсын болон Төв Африкийн Бүгд Найрамдах Улстай холбоотой зарим хэргүүдийг жишээ болгон тайлбарлав.

Төлөөлөгчид мөн Шүүхийн хамтын ажиллагааны ажилтан Руфина Хуснияроватай уулзаж, “Judicial Cooperation: Challenges and Opportunities” сэдвээр мэдээлэл сонсов.

Уулзалтын үеэр Олон улсын эрүүгийн шүүхийн Тамгын газар нь шүүн таслах ажиллагааг хараат бус, шударга, үр ашигтай явуулахад шаардлагатай бүхий л техникийн болон зохион байгуулалтын дэмжлэгийг үзүүлдэг талаар танилцууллаа. Тус шүүхийн албан ёсны хэл нь англи, франц хэл бөгөөд шүүх ажиллагаанд оролцогчдын хэл дээрх баримт бичиг, мэдүүлэг, нотлох баримтыг албан ёсны хэл рүү орчуулах, хэлмэрчээр хангах ажиллагааг мөн Тамгын газар хариуцан ажилладаг байна.

Түүнчлэн өмгөөлүүлэх эрхийг хангах хүрээнд өмгөөлөгчдийн бүртгэл (List of Counsel)-ийг хөтөлж, шаардлага хангасан өмгөөлөгчдийг бүртгэн ажилладаг ажээ. Хохирогч, гэрчийг хамгаалах тусгай нэгж ажилладаг бөгөөд мэдүүлэг өгөх үед дүрс болон дуу хоолойг өөрчлөх, зайнаас мэдүүлэг авах зэрэг хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлдэг байна.

Зарим тохиолдолд гэрч, хохирогч болон тэдний гэр бүлийнхэн эх орондоо эрсдэлд өртөх магадлалтай гэж үзвэл гуравдагч улсад түр болон байнгын байдлаар шилжүүлэн байрлуулах арга хэмжээ авч хэрэгжүүлдэг бөгөөд энэ хүрээнд улс орнуудтай тусгай гэрээ байгуулан хамтран ажилладаг талаар тайлбарлав.

Одоогийн байдлаар Олон улсын эрүүгийн шүүхээс гаргасан 30 гаруй баривчлах захирамж хэрэгжээгүй байгаа бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагатай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд НҮБ болон гишүүн орнууд шүүхийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хамтран ажилладаг болохыг онцоллоо.

Мөн төлөөлөгчид Прокурорын газрын Шүүхийн хамтын ажиллагааны зөвлөх бөгөөд Франц улсын прокурор Амели Беккарттай уулзаж, Прокурорын газрын чиг үүрэг, хэрэгжүүлж буй санаачилга, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл авлаа.

Тэрбээр Прокурорын газар нь үндэсний прокурорын байгууллагуудын нэгэн адил урьдчилсан шинжилгээ (preliminary examination) хийж, тухайн асуудал Олон улсын эрүүгийн шүүхийн харьяалалд хамаарах эсэхийг тогтоосны үндсэн дээр мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлдэг талаар танилцуулав.

Сүүлийн жилүүдэд цахим нотлох баримтын хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байгаа тул улс орнуудын мэдээлэл хамгаалах хууль тогтоомжид нийцүүлэн нотлох баримт цуглуулах ажиллагааг явуулдаг бөгөөд энэ хүрээнд Интерпол, Европол, Евроюст зэрэг олон улсын хууль сахиулах болон эрүүгийн эрх зүйн хамтын ажиллагааны байгууллагуудтай нягт хамтран ажилладаг байна.

Түүнчлэн боолчлолын шинжтэй гэмт хэрэг, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, цахим технологи ашиглан үйлдэгдсэн гэмт хэрэг, жендэрт суурилсан гэмт хэрэг зэрэг чиглэлээр гарын авлага, бодлогын баримт бичгүүд боловсруулан англи, франц, испани хэлээр нийтэлж буй талаар мэдээлэв.

Төлөөлөгчид мөн Өмгөөллийн нийтийн зөвлөхийн албаны хууль зүйн зөвлөх Марк Дезалье болон хууль зүйн ажилтан Аймел Юсфи-Роканкур нартай уулзаж, шүүхийн ажиллагаанд оролцогчдын өмгөөлүүлэх эрхийн хэрэгжилт, өмгөөлөгч сонгох эрх, өмгөөллийн багийн зохион байгуулалт болон нотлох баримт цуглуулах ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр хэрэгт холбогдогч нь өмгөөлөгчөө өөрөө сонгох эрхтэй бөгөөд сонгогдсон өмгөөлөгч тухайн хэргийн онцлог, төвөгтэй байдлаас шалтгаалан өмгөөллийн багийн бүрэлдэхүүнээ тодорхойлдог талаар тайлбарлав. Мөн өмгөөлөгчийн үндсэн үүрэг нь үйлчлүүлэгчийн эрхийг хамгаалахын зэрэгцээ шүүхийн өмнө талуудын эрх тэгш байдлыг хангах, шударга ёсыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах явдал болохыг онцолсон юм.

Монголын Өмгөөлөгчдийн холбооны төлөөлөгчид өмгөөллийн үйл ажиллагаанд тулгардаг хүндрэл бэрхшээл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа, нотлох баримт бүрдүүлэх практик асуудлуудын талаар харилцан санал солилцож, туршлага судаллаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах