Цэс Close

Монгол Улсын үндэсний атласыг шинэчлэн зохиожээ

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс Монгол Улсын үндэсний атласыг шинэчлэн зохиож хэвлүүлжээ. Тус бүтээлийн ерөнхий редактор академич Д.Доржготов, ГГХ-ийн захирал А.Дашцэрэн нар өнөөдөр "Монгол Улсын үндэсний атлас" бүтээлийнхээ дээжсээс 50 ширхэг номыг ШУА-ийн ерөнхийлөгчид хүлээлгэн өгөв.

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс Монгол Улсын үндэсний атласыг гурав дахь удаагаа зохиож байгаа юм. Анхны атлас 1990 онд Орос-Монгол хэлээр Москва хотод хэвлэгдэж байсан. Харин 2009 онд Солонгос улсад хоёр дахь атласыг хэвлүүлж байжээ. Энэ удаа хэвлэгдэн гарсан үндэсний атлас нь монгол-англи хэлээр 1000 гаруй хувь хэвлэгдсэн бөгөөд нийт ‭246‬ зургийн тоон мэдээ, нэр, тайлбарыг шинэчилжээ. Үндэсний атлас нь дөрвөн бүлэг, 22 дэд бүлэгтэй аж. Үндэсний атласыг ойролцоогоор 20-30 жилд нэг удаа шинэчилж хэвлэх шаардлагатай байдаг. Гэвч цаг хугацааны шалгуур, уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлт, байгалийн нөөцийн ашиглалтаас улбаалан байгаль, нийгэм, эдийн засагтай холбоотой суурь мэдээлэл маш ихээр өөрчлөгдөж байна. Иймээс энэхүү үндэсний хэмжээний голлох мэдээллийг агуулдаг бүтээл (атлас)-ийг дахин боловсруулан олны хүртээл болгох зайлшгүй шаардлага үүссэн гэдгийг эрдэмтэн судлаачид тодотгож байна гэж ШУА-аас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах