Монгол-Хятадын ой, бэлчээр, ногоон санхүүжилтийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д албан томилолтоор ажиллаж байна. Томилолтын хүрээнд өчигдөр БНХАУ-ын Ой, бэлчээрийн улсын агентлагийн дэд дарга Тан Линфан болон холбогдох хүмүүстэй албан уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд сайд Б.Батбаатар Монгол Улс ногоон бонд, нүүрстөрөгчийн зах зээл, тогтвортой хөрөнгө оруулалтын сангуудыг хөгжүүлэх замаар байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сааруулах, дасан зохицох бодлогыг дэмжих шинэ төрлийн санхүүжилтийн урсгалыг бий болгохоор ажиллаж байгаагаа онцлов. Мөн олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд бодлогын түвшинд хэрэгжүүлж байгаа ажлуудаа танилцууллаа.
Монгол Улсад 2026 онд зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгч, хурлыг амжилттай зохион байгуулахад байр, байгууламж, логистикийн бэлэн байдлыг хангах асуудал чухал байгааг тэмдэглэн, энэ чиглэлд бодит шийдлүүдийг шат дараатай хэрэгжүүлж байгаагаа дурдав.
Уулзалтын үеэр талууд байгаль орчны чиглэлд хамтарсан сургалт, чадавх бэхжүүлэх хөтөлбөрүүдийг хоёр талын хэрэгцээ, шаардлагад үндэслэн хэрэгжүүлэх, инновацын форум зохион байгуулах, дадлага, техникийн туслалцаа үзүүлэх ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
Энэ хүрээнд,
- Сэлэнгэ аймгийн Шаамар, Алтанбулаг суман дахь Тужийн нарс байгалийн цогцолборт газарт түймрийн цамхаг байгуулах төсөл эхлүүлэх;
- Монгол-Хятадын хамтарсан Цөлжилтийн судалгааны төвийн барилгын ажлыг эрчимжүүлэх;
- БНХАУ-ын Ой, бэлчээрийн агентлагтай хамтран "Олон улсын бэлчээрийн өдөр"-ийг зохион байгуулах;
- COP17 бэлтгэл ажлын хүрээнд БНХАУ-ын инновац, сайн туршлагыг нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллах зэрэг асуудлууд багтаж байна.
Эдгээр нь Монгол, Хятадын хамтын ажиллагааг тодорхой чиглэл, бодит төслүүдээр бэхжүүлэх, COP17-ын бэлтгэлийг туршлага, инновац, техникийн шийдлээр дэмжих боломжийг бүрдүүлэх юм. Мөн ой, бэлчээр, цөлжилттэй тэмцэх чиглэлд урт хугацаанд тогтвортой хамтран ажиллах суурь нөхцөлийг бий болгоно.
БНХАУ-ын ӨвөрМонголын Өөртөө Засах Орны Ордос хотод 2017 онд зохион байгуулагдсан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 13 дугаар бага хурал (COP13)-ыг амжилттай зохион байгуулсан туршлагад тулгуурлан, байр, байгууламж, логистик, оролцогсдын урсгал, орон нутгийн оролцоог хангасан загварыг газар дээр нь судлах боломжтойг уулзалтын үеэр агентлагын удирдлагууд онцолж байв.
Сэтгэгдэл үлдээх