Цэс Close

М.Балдандорж: Нийслэлд 160 км үерийн далан, 205 км борооны ус зайлуулах шугам байдаг ч дийлэнх нь ашиглалтын хугацаа дууссан

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга  М.Балдандоржтой халиа тошин, шар усны үерээс урьдчилан сэргийлэх чиглэлд хийгдэж буй ажлын талаар ярилцлаа.

  • Одоогоор нийслэлд хэчнээн газар халиа тошин үүссэн байна вэ?

НОК-ын гаргасан мэдээллийн дагуу 5 дүүргийн 33 байршилд халиа тошингийн нөхцөл байдал үүссэн байна. Сэлбэ, Туул, Улиастай голуудын сав газруудын үерийн хамгаалалтын байгууламжид их хэмжээгээр мөстөж, ус хуримтлагдсан. Сав газраасаа хальсан 7-8 байршлын мөсийг зөөж шилжүүлэх ажлыг хийж байгаа. Туул гол руу мөсийг зөөж байгаа бөгөөд Хан хилс, Сонсголын гүүр орчим руу зөөсөн. Өнгөрөгч зун үер усны гамшигт өртсөнөөс хойш тодорхой хэдэн хэдэн ажлуудыг хийж байна. Тухайлбал Шунхлай компанийн нэг шатахууны түгээх станцыг буулгаж газрыг чөлөөлсөн, S Outlet дэлгүүрийн газрыг чөлөөлж эхэлсэн бөгөөд урд талд байсан 1-3 давхар агуулах барилгыг буулгасан. Одоо голын даланг стандарт бусаар барьсан байсныг буулгаж, том барилгыг буулгаж байгаа. Ингээд буулгах газар чөлөөлөх ажил дуусангуут стандартын дагуу усны барилга байгууламжийг нь төлөвлөөд энэ сардаа барилга угсралтын ажлын тендер зарлаад дөрөвдүгээр сараас үерийн даланг шинэчлэн засна.

Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд бол уулын цас хайлагч орж ирэхэд урсах нөхцөлийг нь бүрдүүлж дүүргээд хөлдчихсөн байгаа голын сав газар, үерийн далан сувгуудыг нь шар усны үер орж ирэхэд урсах нөхцөлөөр нь хангаж мөсийг зөөсөн. Нийтдээ бол хоёрдугаар сарын 15-наас эхэлсэн ажилд 220 мянга орчим тонн мөсийг зөөж ажиллалаа. Энэ дээр өдөр болгон 170-180 хово болон бусад техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

  • Халиа тошин үүссэн газруудын мөсийг зөөх ажлыг жил бүр хийдэг биз дээ?

Тэгэхээр жил бүр их бага хэмжээгээр халиа тошин үүсэж байгаа. Тухай бүрд нь Геодези, зураг зүйн албанаас мөсийг нь зөөх, зайлуулах гэсэн арга хэмжээ авдаг.  Тэр ажлууд энэ жил ч гэсэн хийгдэж байгаа. Энэ жилийн хувьд бол өмнөх жилүүдээс харьцангуй олон байршилтай халиа тошин үүссэн. Сэлбэ голын хувьд ч тэр. Тэгэхээр энэ нь юу вэ гэвэл бид өнгөрсөн жилүүдийн нөхцөл байдлаас илүү хаврын шар усны асуудал анхаарахгүй бол нэлээн том асуудал үүсгэх юм байна гэсэн үг.

Дараагийн нэг том асуудал нь сүүлийн 20 30 жилийн хугацаанд Улаанбаатар хотод зөвхөн барилгажилт гэдэг процесс явлаа. Хэт шахмал болохын зэрэгцээ ямар ч зай талбайгүй болсноор голын барилга байгууламж, хамгаалалтын зурвасаа бүгдийг нь зөрчөөд суурьшлын бүс үүсгэсэн. Ингэхдээ зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй дураараа шууд барилга барьж, хашаа хатгасан. Үүний нэг тод жишээ нь S Outlet дэлгүүр. Ингээд шахаад буучихаар нөгөө талдаа голын ёроолын арчлалт цэвэрлэгээний ажил орхигдсон. Уг нь олон улсад бол байнга хийгдэж байдаг л ажил. Манайд энэ нь хийгдээгүй байсаар байгаад Сэлбэ, Дунд голын түвшинд хагшаас хуримтлагдаад нэмэгдчихсэн байгаа юм. Үүнийг бас цэвэрлээд зөөж шилжүүлэх ажлыг хийнэ.

  • Одоо мөс зөөнө гэдэг бол яг үнэнийг хэлэхэд түр аргацаасан арга шиг л санагдаад байна. Зөвхөн мөс зөөхөөс илүү одоо дэвшилтэт технологийг ашиглах арга байна уу? Олон жилийн турш Сэлбэ, Туул год дээр усан сан байгуулах зэрэг асуудал хөндөгдөж яригдаж байдаг. Үүнийг ажил хэрэг болгохын тулд нийслэлээс ямар санаачилга гаргаж байна вэ?

Одоо түр аргацаах гэхээсээ илүү өнгөрсөн 20 30 жил бий болгосон хот өөрөө ийм байдалд очсон. Инженерийн асуудал бүх инженерийн дэд бүтцийн асуудал яг л нэг иймэрхүү хүнд нөхцөлд тулсан. Нүдэнд ил харагдахгүй байгаа болохоос биш ашиглалтын хугацаа нь дууссан, нэмж хөрөнгө оруулалт хийдэггүй шугам сүлжээ өргөтгөдөггүй. Уг нь шийдэл нь бол шугам сүлжээ сайжруулах, хөрсний ус зайлуулах термажин системийг л хийх ёстой. Тодруулбал, хотынхоо хойд хэсгээс урд тал руу нь хөрсний ус зайлуулах, борооны ус зайлуулах, уулын үер өнгөрүүлэх, голын ус зайлуулах байгууламжуудаа мэргэжлийн түвшинд хийх  хэрэгтэй байгаа. Жишээ нь 2015 онд Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар Дэлхийн банк хэрэгжүүлээд Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн менежментийн судалгааг хийсэн. Тэгэхэд S Outlet дээр үер болно гэж л байсан. Ингээд дээрх судалгааны хүрээнд 5 чиглэлийн 21 стратеги 288 төсөл арга хэмжээг хэрэгжүүлээч ээ гэж яригдаж байсан.

Гэтэл түүнээс хойш тэр хэрэгжүүлэх хэрэгтэй гэж зөвлөж байсан зүйлүүдийг хэрэгжүүлээгүй, хөрөнгө оруулалт тавиагүйн улмаас инженерийн байгууламжийн асуудал ийм байдалтай байгаад байгаа юм. Одоо энийг шийдэх ямар арга байна вэ гэхээр таны хэлдгээр усан сан барина, хөрсний болон үерийн ус зайлуулах систем хийнэ. 2023 онд бол инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг баталсан. Засгийн газарт танилцуулга хийгдэнэ. Одоогоор зайлшгүй хийх шаардлагатай 5,9 их наядын хөрөнгө оруулалт шугам сүлжээний ажилд шаардлагатай байна.  Нийслэлийн удирдлагуудаас өнгөрсөн хаврын үерээс хойш Дэлхийн банктай, Жайка олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа.  Дэлхийн банктай 12 байршилд 100 сая ам.доллар орчмын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр хэлэлцээрийн шатанд явж байна. Мөн Жайкатай Сэлбэ голын усан сангийн талаар тодорхой саналуудыг тавьсан. Тэгэхээр бид нар энэ асуудлыг шийдье гэхэд бол олон олон жил шаардагдана. Жишээлбэл, Япон улс гэхэд үерийн хамгаалалтын барилга байгууламж газар доорх систем нь 40-100 жилийн хугацаанд хэрэгжиж байгаа. Өнгөрсөн 10 жилд үүнийг барьсан дараагийн 10 жилд энийг барина гээд төлөвлөсөн байдаг юм байна. Ус зайлуулах систем нь 10,6 метрийн диаметртэй бүтэн том хонгилын систем газар доор 40 метрийн гүнд явж байх жишээний. Үүгээрээ юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл  хот байгуулалт яг зөв стандартаараа байх нь хөрөнгө оруулалт, цаг хугацаа их шаарддаг гэдгийг ойлгоод ийм  шийдвэрийг гаргаж хэрэгжүүлэх нь л чухал байгаа юм.

  • Улаанбаатар хотын үерийн далан хэдий хэмжээний урттай байдаг вэ?

Ер нь бол үерийн хамгаалалтын барилга байгууламж 160 гаруй километр байгаа. Борооны ус зайлуулах систем 205 орчим км байгаа. Уг нь хүрэлцээний хувьд боломжийн ч ашиглалтын хугацаа дууссан. Сэлбэ голын далан гэхэд 1966 оны үерийн дараа баригдсан гэх мэтээр дийлэнх далан, шугам сүлжээ 1960-1980 онуудад баригдсан байдаг. Гэтэл бид үндсэн дэд бүтцийн дулаан, цахилгааныхаа эх үүсвэрийг бариагүй, шугамаа шийдээгүй байж барилгаа бариад байна. Ингээд бидний асуудал өдөр тутам нэмэгдээд байна.

Тэгэхээр өнөөдрийг хүртэл үүссэн нөхцөл байдлын улмаас гарч байгаа үр дагаврыг зөөгөөд ч болов түр хугацаанд аргалахаас өөр арга байхгүй. Үүнтэйгээ зэрэгцээд хөрөнгө оруулалт, засаглалын гээд олон асуудлыг шийднэ гэсэн үг.

  • Гэр хороолол дундах үерийн даланг хаагаад эсвэл шороогоор дүүргээд айл буучихсан байх зөрчлүүд байдаг. Ийм тохиолдлуудыг яах вэ?

Яг энэ төрлийн зөрчил, тохиолдол маш их байдаг. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр хот байгуулалтыг хийхдээ өндөржилт, төлөвлөлтийн нэгдсэн системтэй байх ёстой. Өнөөдөр нэг ийм дүр зураг гарч ирж байгаа юм. 5 тэрбум төгрөгөөр нэг үерийн далан хийчихье гэж бодъё. Тэр рүү ус орж ирэх амыг нь дээд талд нь нэг хоёр гудмын цаана хэн нэгэн хүн хашаа бариад эсвэл шороо асгаад буучихдаг. Гэтэл нөгөө ус нь орох ёстой далан руугаа биш өөр газар хуримтлагдаж байгаад өөр тийшээ урсчхаж байгаа юм. Бид газар зохион байгуулалтыг ямар ч төлөвлөлтгүйгээр явуулсны үр дүн. Үүнийг засаж жишиг нэг зүйлийг бий болгоё гээд Сэлбийн дэд төвийг түшиглээд 12 мянган айлыг инженерийн дэд бүтцээр нь хангаж ажил эхлүүлсэн. Өнөөдөр энд ийм зүйл болохгүй байна гээд түүнийг засах дахиад өөр газарт адил  алдаа гаргахгүй байхын тулд захиргааны арга хэмжээнүүдийг зайлшгүй хийх хэрэгтэй болчхоод байгаа юм.

Үүнд иргэд, ААН-үүдийн ухамсрын асуудал давхар яригдах ёстой. Өнөөдөр зөвхөн би л болж байвал гээд барилга барина, гол руу шахаж бууна, даланг шороогоор дүүргэж хашаа барина. Ийм төрлийн зөрчилтэй 2900 орчим нэгж талбар байна. Нэг үерийн эрсдэлтэй газар буусан айлд очоод анхааруулаад яваад эргээд очиход зарчихсан байдаг. Дараагийн айл нь мөнгөөрөө тухайн газрыг нь худалдаж авсан байх бөгөөд дахиад л үерийн эрсдэлтэй гэдгийг нь анхааруулдаг. Нөхцөл байдал ийм байгаа болохоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон нийслэлийн удирдлагуудаас энэ төрлийн мэдээллүүдийг нээлттэй болгоё гэсэн санал гаргаж байгаа. Иргэн аливаа газар, барилга байгууламжийг худалдаж авахдаа байршил маань үерийн эрсдэлтэй юу, газар хөдлөлтийн эрсдэлтэй юм уу гэдгийг хардаг үндсэн мэдээллийн системтэй болох ажлыг энэ жилдээ хийхээр төлөвлөж байна. Бид машин худалдаж авахдаа нэг үнэлгээний бичиг үздэг дээ. Яг тэрэнтэй адилхан хашаа авахдаа өмнө нь тэр газарт нь хэдэн удаа халиа тошин үүсэж байсан бэ гэдэг мэдээллийг хардаг л болъё гэж байгаа юм.

  • Ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах