Цэс Close

М.Уянга: Зүү эмчилгээ нь байгалийн эдгэрэлтийг өөрөөр нь өдөөдөг эмчилгээ юм

Зүүний их эмч М.Уянгатай ярилцлаа. Тэрээр 2019 онд БНХАУ-ын Бээжингийн Уламжлалт Анагаах Ухааны Их сургуулийг зүүний их эмч мэргэжлээр төгссөн. Өдгөө МУЭСТ Манба Дацан эмнэлэгт мэргэжлээрээ ажиллаж байна. Түүний ярилцлагаас зүү эмчилгээний талаарх сонирхолтой мэдээлэл олж авч болохоос гадна энэ чиглэлээр суралцахыг хүсч байгаа оюутан залууст ч хэрэгтэй зүйлүүдийг мэдэж авч болно.

 -Хятадад уламжлалт анагаах ухааны чиглэлээр суралцах боломж хэр байдаг вэ. Энэ чиглэлээр сонирхож байгаа хүүхдүүдэд хэрэг болж мэдэх юм?

Арван жилийн сургуулиа төгсөөд АШУҮИС-ийн нэгдүгээр курст суралцаж байхдаа БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдахаар бэлдэж, гурван шатлал бүхий шалгалтыг нь өгсөн. БНХАУ-ын энэхүү тэтгэлэгт хамрагдахыг хүсвэл суралцах мэргэжлээрээ их, дээд сургуульд 1-2 жил суралцсан байна. Мөн математик, англи, хятад хэлний бичгийн болон ярилцлагын шалгалт өгнө. Шалгалтдаа тэнцсэн тохиолдолд өөрийн сонгох мэргэжлээрээ суралцах гурван сургуульд хүсэлтээ илгээнэ. Мэдээж хүсэлтээ илгээхдээ чансаа өндөр сургуулиас сонголтоо хийх нь зохистой. Тэдгээр тухайн сургуулиас нь хүсэлт ирвэл өөрөө сонголтоо хийнэ. Хэрэв ирэхгүй бол БНХАУ-ын Боловсролын яамнаас шууд сургуулийг нь хуваарилдаг. Үүний дараа тухайн сургуульдаа очоод ахиад шалгалт өгч, тэнцвэл 100 хувийн тэтгэлгээ авна.

Миний хувьд Бээжин, Шанхай, Чинхуагийн Анагаах Ухааны Их сургуулиудад хүсэлтээ илгээж урилга авсан ч Чинхуагийн Их сургуульд биохимээр, Бээжин, Шанхайн Их сургуулиуд нь уламжлалтын эмчийн мэргэжлээр суралцах боломжтой байсан. Ингээд Бээжингийн УАУИС-ийн сонгон суралцаад төгссөн. Эх орондоо ажиллаж байгаад мэргэжлээ ахиулах зорилгоор дахин шалгалт өгч одоо Шанхайн УАУИС-д магистраар суралцаж байна.

-Танай ангид хэдэн орноос оюутан суралцдаг байв?

Тайланд, Солонгос, Малайз, Монгол гэхчилэн 18-65 насны есөн орны оюутан сурдаг байлаа. БНХАУ-ын уламжлалт эмчилгээнд зүү эмчилгээ нь тэргүүлдэг учраас энэ ангийг сонирхох хүн олон байдаг. Хамгийн ахмад нь 65 настай, эдийн засагч мэргэжилтэй, малайз хүн байсан. Түүний хувьд цэвэр сонирхлоороо суралцаж байгаа гэсэн. Уламжлалт эмчилгээг сурахад хятад хэлний мэдлэг их чухал л даа. Тэр тусмаа орчин үеийн биш уламжлалт ханзыг үзэх болохоор амаргүй байдаг юм. Гэхдээ хүсэл, сонирхол байхад нас чухал биш болохыг түүнээс харсан. Нас ярьсных, сонирхуулахад манай зүүний А үсэг заасан багш анхны хичээл дээрээ “Та нар хэдтэй вэ” гэж асуусан. Ихэнх нь 18,19 настайгаа хэлбэл “Их л оройтож сурч байна даа” гэхэд нь үнэхээр их гайхсан шүү. Учрыг асуувал багш маань анх наймтайдаа зүү тавьж үзсэн бөгөөд гурван үе дамжсан зүүний эмч гэдгээ хэлсэн. Гайхалтай байгаа биз. Багш бас нэг удаа “Миний хичээлд суусны дараа та нар ороод ирсэн хүнээ хараад л хаана, ямар цэг дээр зүү тавихаа мэдэрдэг болчихно” гэж билээ. Нээрээ л тэгдэг. Өөрөө ч мэдэлгүй гээч. /инээв/ Тухайлбал, толгойн өвдөлт, нойргүйдэлтэй хүн ирлээ гэхэд аль цэгт зүү тавихаа  орж ирэхэд нь харчихдаг болсон.

-Хятад оюутан олон байв уу?

Хятадад анагаахын чиглэлээр суралцана гэдэг хэцүү. Хятад 1000 хүүхдүүдээс нэг нь л суралцах боломжтой. Сургуульд элслээ гэхэд төгсөх бүр хэцүү гэж ярьдаг юм билээ.

-Хятад хэлийг хаана сурсан юм бэ?

Ээж маань 2004-2006 онд Бээжингийн Эдийн Засаг Худалдааны Их Сургуульд суралцаж төгссөн. Тэр үед манайх гэр бүлээрээ Бээжин хотод амьдардаг байлаа. Би, дүүгийнхээ хамт бага сургуульд суралцаж улмаар эх орондоо ирээд Монгол Хятадын “Найрамдал” дунд сургуульд суралцаж төгссөн. Энэ бүхэн намайг Хятад тийш суралцахад их нөлөөлсөн.

-Яагаад зүүний эмчийн мэргэжлийг сонгосон юм бэ?

Одоо бодоход багаасаа л сонирхсон байдаг юм. Хүүхэд байхдаа зүүний эмчийн тухай солонгос кино үздэг юм аа. Энд нэг л удаа зүү тавиад, өвчин нь эдгэрчихдэг тухай гардаг. Тэгээд зүү гэдэг ямар нэгэн ид шидтэй юм шиг санагдаж билээ. Харин өнгөрсөн цаг хугацаа зүү эмчилгээ  кинон дээрээ гардаг шиг байдаггүйг ойлгуулсан. Үнэндээ хүмүүс 5,10 жил удаанаар өвдчихөөд нэг эсвэл 5-10 удаа зүү тавиулчхаад бүрэн эдгэрэх юм шиг санадаг. Үгүй л дээ. Ер нь өвдсөн хойноо биш урьдчилан сэргийлэх нь илүү үр дүнг авчирдаг.

Уламжлалт эмчилгээ нь Дорноос гаралтай ч хүн байгаль хоёр салшгүй холбоотой учраас өрнийнхөн ч энэ талаар их сонирхох болсон. Өвдсөний дараа бус урьдчилан сэргийлэх зорилгоор эмгүй эмчилгээг сонгох нь аюулгүй байдлыг бүрэн хангахаас гадна эдийн засгийг хэмнэх сайн талтай  юм.

-Их мэдрэмж шаардсан ажил байх даа.

Тийм шүү. Мэдрэмж их шаардана. Хүн хүний анатомийн бүтэц өөр өөр байдаг. Тухайлбал, DiCang ST4 цэгт хатгах бол олон улсын зүүний стандартад нүдний хүүхэн хараанас эгц доош, амны булангаас 0.4 цун гадна байрлана. Ташуу эсвэл хавтгай 0.5-0.8 цун хатгана гэж заасан. Гэтэл том амтай хүн байлаа гэхэд энэ хэмжээ өөрчлөгдөх жишээний. Тийм болохоор зүүний эмчийн хувьд анатоми, клиник маш чухал.

Тан гүрний үед хүний биед зүүний 365 цэг байна гэж үздэг байсан байгаа юм. Одоо энэ тоо нэмэгдсээр 2000 гаруй эмчилгээний цэг байхаас 200 нь хамгийн өргөн хэрэглэгддэг. Зүү эмчилгээний гол онцлог нь энэ өвчинд яг энэ цэгийг авна гэсэн тогтсон жор байдаггүй. Жишээ нь би нойргүйдэлтэй хүнийг чихний эсвэл дан хэвлийн зүүгээр эмчилж болно. Үгүй бол хүзүүний цэгүүдийг ч сонгоно. Өөрөөр хэлбэл анх заасан багш, түүний шавь болох эмчийн арга барилтай холбоотой. Үүнээс гадны тухайн эмчлүүлэгчийн онош, илэрч байгаа давхар өвчин, зовиур, хугацаа ч нөлөөлдөг. Ер нь олон зүйлээс хамаарч эмч хүн цэгийн сонголтоо хийдэг тул анхаарал, мэдрэмж хоёр  маш чухал юм даа.

-Зүү эмчилгээг ямар, ямар өвчний үед хийдэг вэ?

Зүүг биологийн цэг дээр хатгаснаар тухайн цэгийг цочроож, мэдрэлийг нь сэргээдэг. Улмаар эндорфин буюу “аз жаргалын” гормонуудын ялгаралтыг нэмэгдүүлнэ. Цусны эргэлтийг сайжруулснаар эдгэрэлтийн явцад нөлөөлдөг. Нэг ёсондоо байгалийн эдгэрэлтийг өөрөөр нь өдөөдөг эмчилгээ юм. Энэхүү эмчилгээг дотор, хүүхэд, эмэгтэйчүүд, арьс өнгө, үе мөчний өвчнүүдэд ихэвчлэн хэрэглэнэ. Гэхдээ хэт сульдаж тамирдсан, таталт өгдөг, арьсан дээрээ ил шарх сорвитой, хорт хавдартай, жирэмсэн, өндөр настай хүнд тавихгүй. Ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүдэд зүүг зөвлөдөггүй. Хэрвээ жирэмслэхээр төлөвлөж буй эсвэл жирэмсэн эмэгтэйчүүдэд зайлшгүй хэрэгтэй бол маш болгоомжтой тавина. Мөн таваас доош насны хүүхдэд санал болгодоггүй ч, зарим тохиолдолд хэрэглэх нь бий.

-Чихэнд хамгийн олон цэг байдаг уу?

Хүний чихэнд нийт 93 цэг байх ба бүх эрхтний биологийн цэг багтдаг. Чихэн дэх цэгт зүү эмчилгээг хийвэл ач тус нь их л дээ. Хоол боловсруулах системийн үйл ажиллагааг дэмжих, хоолны болон архи, тамхины дуршил бууруулах, толгойн өвдөлт, нойргүйдэл гэхчилэн олон өвчинд энэ эмчилгээг хийдэг. Чихний хэлбэрийг эхийн хэвлийд байгаа толгой нь уруу харсан ураг шиг гэж үздэг. Жишээ нь чихний гэдсэнд сээр нүүр болон толгой, дэлбээнд нь хөл, нуруун эрхтэний цэгүүд их байна.

-Тийм байх нь ээ. Эндээс харахад  бид нүдний цэгээ цоолоод ээмэг зүүчихдэг юм байна.

Энэ тухай хичээл дээр ярьж байлаа. Багш  нэгэн удаа “Чихэн дэх нүдний цэг дээр цоолчихлоо. Одоо энэ цэгийг юугаар орлуулах уу” гэж асуусан. Бид янз бүрийн л хариулт хэлсэн санагдаж байна. Энэ тохиолдолд нүдний эргэн тойрон дахь цэгээр орлуулна. Учир нь чихэн дэх нүдний цэг байхгүй болсон гэсэн үг.

-Ингэхэд энэ зүү ямар хэмжээтэй байдаг вэ. Бараг л утас шиг харагддаг.

Хүмүүс энэ тухай их асуудаг шүү. /инээв.сурв/ Зүү нь шүдэнзнээс 16,  тариурын зүүнээс 10 дахин нарийхан байдаг. Клиникт ихэвчлэн 0.13-0.30 мм зүүг хэрэглэдэг.

-Зүү эмчилгээг гоо сайхны салбарт бас хэрэглэдэг болж, тийм ээ.

Саяхан Bazaar сэтгүүлийн нэг нийтлэлийг уншсан. Тэнд эмэгтэйчүүд ботоксоос татгалзаж, нүүрний массажийг илүү сонирхож байгаа тухай бичсэн байсан. Харин Хятадад бол нүүрний зүү эмчилгээ гэж тусдаа нэг  шинэ салбар бий. Хүүхнүүд мэс засал, химийн бүтээгдэхүүнээс татгалзаж, аюулгүй, эрүүл хувилбар болох нүүрний зүү эмчилгээг илүү сонирхдог. Хөгшрөх тусам хүний арьс уян хатан чанараа алдаж, арьсан дахь коллаген болон эластины хэмжээ буурч үрчлээ суудаг. Энэ нь 25 наснаас эхэлдэг. Харин зүү тавьснаар арьсны дермис давхаргын гүн дэх фибробласт эсийг өдөөдөг. Энэ эс нь коллаген ба эластиний нийлэгжилтийг нэмэгдүүлдэг. Ингэснээр нүүрний уян хатан чанар сайжирч чангаран, үрчлээ арилдаг. Хүчилтөрөгчийг нэмэгдүүлдэг болохоор нүүрний хаван буурч, цусны эргэлтийг сайжруулснаар сэвх, нөсөө толбыг бүдгэрүүлж, арьсыг жигд өнгөтэй болгодог. Гэхдээ түрүүний хэлснээр үрчлээтэй болсныхоо дараа биш урьдчилан сэргийлэх маягаар эмчилгээ хийлгэх нь илүү үр дүнтэй. Яахав оройтсон ч эмчилгээндээ тогтмол явснаар мэдэгдэхүйц өөрчлөлт гарна л даа.

-Илүүдэл жингээ хасч болох уу? 

Дотоод шүүрлийн булчирхайн өвчинтэй холбоогүй таргалалтанд зүү эмчилгээ нь илүү үр дүнтэй. Хэрвээ дотоод шүүрлийн булчирхайтай холбоотой таргалалт бол дан тураах зүүгээр эмчилгээ хийхгүй. Ер нь хүний эрхтэн бүрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байхад илүүдэл жин хасах эмчилгээ үр дүнтэй байдаг. Илүүдэл жинтэй хүний хоолны дуршил их, хоол шингээлт муу, өтгөн хаталттай байх нь элбэг болохоор шалтгааныг давхар эмчилнэ. Ер нь тухайн өвчнөөс шалтгаалаад эмчилгээний үргэлжлэх хугацаа өөр өөр байна. Гэхдээ 10 удаагийн зүү тавилт нь нэг курс гэж явдаг. Үүнд тухайн хүний дархлаа, биеийн онцлог, өвчнөө хэр удаан эмчлүүлээгүй явсан зэрэг нь эмчилгээний үр дүнд шууд нөлөөлдөг.

-Гам барих ёстой юу?

Зүү тавиулчихаад усанд орох шаардлагатай бол хоёр цагийн дараа орно. Зүү тавьсны дараа хүний арьсны нүх сүв нээгдчихсэн байдаг учраас хэт халууцаж эсвэл даарч болохгүй. Хүйтэн усанд гар хөлөө дүрэхгүй.

-Ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах