Нант хотын түүхийн музейд гарах "Чингис Хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэн ирэх оны тавдугаар сарыг хүртэл үргэлжилнэ
БНФУ-ын Нант хотын Бретанийн Гүнгийн ордон буюу Түүхийн музейд "Чингис Хаан - Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэн 2023 оны аравдугаар сарын 14-нөөс 2024 оны тавдугаар сарын 5-н хүртэл зохион байгуулагдана.
Үзэсгэлэн нь хоёр улсын хамтын ажиллагаа, соёлын сурталчилгааны хүрээнд ашгийн бус зорилгоор зохион байгуулагдах бөгөөд Монголын Эзэнт гүрэн байгуулагдсан түүхийг харуулахын зэрэгцээ Чингис хаан, түүний залгамжлагчид тив дамнасан эзэнт гүрнийг хэрхэн байгуулсныг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой. Үзэсгэлэнд Монгол Улсаас нийт 400 гаруй, Европын зарим улсаас 150 гаруй үзмэр дэлгэгдэх юм байна.
Чингис хаан болон түүний залгамжлагчид XIII зуунд Дорноос Өрнө дахинд, Хятадаас газар дундын тэнгис, Умардаас Өмнө зүг, Орос, Персийг хамарсан эзэнт гүрнийг байгуулсан. Үүнтэй дүйцэх эзэнт гүрнийг Агуа Александр, Эртний Ром хүртэл байгуулж чадаагүй билээ. Энэхүү түүхэн утга агуулгыг шингээсэн томоохон баримттай үзэсгэлэн Франц улс төдийгүй бусад орнуудад өмнө нь дэлгэгдэж байгаагүй нь энэхүү үзэсгэлэнгийн онцлог аж.
Үзэсгэлэнгийн агуулгын түүхэн цаг хугацааны хамрах хүрээ:
НТӨ 2-р зуунаас НТ-ын 14-р зуун.
Үзэсгэлэнгийн дэглэлтийн бүтэц:
Үзэсгэлэн нь дараах сэдвийн дагуу 7 хэсэг, цаг үед хамаарна:
1. Танилцуулах хэсэг:
Монголын эзэнт гүрэн ба Францын хаант улс
2. Чингис хааны өмнөх талын эзэнт гүрнүүд
(Хүрэл зэвсгийн үеэс XII зуун)
3. Чингис хаан (1160-1227)
4. Эзэнт Гүрэн (1228-1368)
5. Монголын их солилцоо
6. Шинэ ертөнц ба эзэнт гүрний бутрал
7. Төгсгөл хэсэг, уусах орон зай
Үзэсгэлэнг Францын түүхийн болон Луврын музей, Берлин, Цюрих, Брюсселийн музейтэй хамтран зохион байгуулна хэмээн Соёлын яамнаас мэдээлэв.
Сэтгэгдэл үлдээх