Цэс Close

Неймар: Хоёрхон миллиметр л миний амьдрал, амжилтыг шийдсэн юм...

Бразилын шигшээ болон Францын “Парис Сен-Жермейн”-ий довтлогч Неймар хэдхэн хоногийн өмнө 29 нас хүрсэн. Сая сая хөлбөмбөг сонирхогчдын шүтээн болсон хөлбөмбөгч ийм ярилцлага өгчээ.

  • Францад танд юу нь илүү таалагддаг вэ?
  • Хоолны соёл, амт нь их сайхан санагддаг. Мөн ер бусын алдартай Эйфелийн цамхаг сэтгэл таталгүй яахав. Хажуугаар нь өнгөрөх бүрийдээ ямар сайхан эд вэ гэж боддог. Заримдаа цаг агаар муухан байхад нь харин дургүй. Би ер нь хүйтэнд дургүй хүн. Гэхдээ дасахаас биш яахав.
  • Таныг бөмбөгтэй гайхалтай эв дүйтэй харилцдагийг л харснаас  биш хувь хүний тань талаас сайн мэдэхгүй юм. Та хөлбөмбөгийн чадвараа бурханы бэлэг гэж боддог уу?
  • Тийм ээ, тэгж хэлж болно. Бурхан намайг хөлбөмбөгийн авъяасаар шагнасан. Гэхдээ мөрөөдөлдөө хүрэхийн тулд би олон золиос гаргасан. Хар багын минь мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгосон бурханд байнга талархдаг. Үлдсэн амьдралдаа өөрийгөө бүрэн зориулж, улам том амжилт гаргахын төлөө хичээх болно.
  • Та яг хэдэн насандаа үеийнхнээсээ илүү гэдгээ мэдэрсэн бэ?
  • Найман настайдаа гэж бодож байна. Хүмүүс намайг үеийнхнээсээ ялгарч байгааг анзаарч эхэлсэн гэх юмуу даа. Нэг тоглолтод би 8 билүү 9 гоол оруулсан юм. Хаалгачийг хуурч гоол оруулчихаад аавдаа очиж тэврүүлж билээ. Харин 4, 5 дахь гоолоо оруулсны дараагаар аав намайг тэврэхээ больчихсон байсан. Бусад хүүхдүүдийн эцэг эхчүүд “Чи ганцаараа л тоглоод байх юм. Багаараа тоглооч” гэж хэлэхэд ичгэвтэр санагдаж байлаа. Гэвч аавдаа тэврүүлэхэд “Миний хүү өөрийнхөөрөө тогло” гэж надад хэлсэн юм. Тэр тоглолтын дараа л бусдаас илүү, ялгарч буйгаа ойлгосон.
  • Одоо та дэлхийн хүн болжээ. Хүн болгон танина, шүтнэ. Мөн хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгчдийн нэг. Бразилын ядуу дүүргийн хүү яаж ийм өндөрт гарч чадав аа?
  • Миний өссөн дүүрэг бол Бразилын хамгийн ядуу газар шахуу. Бурханы авралаар би өлсөж үзээгүй. Гэхдээ илүү сайхан амьдралыг хүсч өссөн. Аав ээж минь надад жаахан өндөр үнэтэй юм авч өгч чаддаггүй байлаа. Эмээгийнхээ гэрт есүүлээ амьдарна. Одоо энэ ярилцлага хийж буй өрөөнөөс ч жижигхэн байранд бид амьдардаг байлаа. Гэхдээ л тэгэхэд жаргалтай, хөгжилтэй байсан. Найзуудтайгаа уулзаж, зугаалж, хөлбөмбөг тоглоод үнэхээр гоё байжээ. Тэр үед би бурханаас заяасан энэ авъяасаа ашиглаж, гэр бүлээ сайн сайхан амьдруулах ёстой гэдгийг ойлгосон.
  • Ээж чинь жигнэмэг ч авч өгч чаддаггүй байсан гэж сонссон юм байна. Илүү тодорхой ярьж өгч болох уу?
  • Нэг удаа супермаркетад явж байхдаа би ээжээс жигнэмэг авья гэсэн юм. Гэвч ээжид минь мөнгө байгаагүй болохоор авч өгч чадаагүй. Зүгээр л өдрийн хоолоо л залгуулах дайны зүйл авч болдог байсан. Тэгэхэд л би том болоод амттаны үйлдвэр худалдан авна даа гэж өөртөө амласан юм. Тэр амлалтыг минь сонсоод ээж минь инээж шоолж билээ. Хүүхдүүд юу хүсч мөрөөдөхийг тэр гэхэв дээ. Ээж маань одоо ч тэр явдлыг ярихдаа инээдэг. Сэтгэлд нь их тод үлдсэн байдаг.
  • Аав чинь гэр бүлээ сайн сайхан амьдруулахыг мөрөөдөн фабрикт ажилладаг байсан. Мөрөөдлийг нь чи биелүүлж чадсан уу?
  • Хүн бүр гэр бүлээ сайн сайхан байгаасай гэдэг. Аав маань хөлбөмбөгч байхаасаа л ийм мөрөөдөлтэй байсан хүн. Гэвч харамсалтай нь хөлбөмбөгчийн замнал хүссэнээр нь өрнөөгүй. Хэд хэдэн багт тоглож үзээд дараа нь “Сантос”-т механикаар ажиллаж болсон юм. Клубын автомашин, мотоцикл засдаг байлаа. Одоо тэр үеийнхээ тухай аав ярих дуртай. Ер нь өдий зэрэгт хүрэхэд тусалсан гэр бүлийнхэндээ би байнга баярлаж явдаг. Оргилд гарах амархан гэж хүмүүс боддог юм шиг билээ. Үгүй ээ, хэцүү шүү. Их тэмцэж, сэтгэл санаагаа хүчтэй байлгах ёстой болдог. Тиймээс сэтгэлийн хаттай байж чадсан гэр бүлийнхэндээ би баярладаг.
  • Өөрийн тань хөлбөмбөгчийн замналд үргэлж аав тань хамт байх юм...
  • Тийм ээ, би аавтайгаа үргэлж хамт байж, байнга харилцсаар ирсэн. Зүгээр нэг аав хүү биш найзууд л гэсэн үг. Заримдаа муудалцана, заримдаа санаа бодол нийцнэ. Багаасаа л тийм байсан. Үүнд л бид хоёрын хүч байдаг юм. Зарим найз нар маань  бид хоёрын харилцааг хараад атаархдаг. Аавтайгаа ийм дотно, хамаагүй харилцаж байгаагүй юм билээ. Аав минь ямар ч ааш зан гаргаж болно. Тэглээ ч гэсэн би түүнд маш их хайртай.
  • Өсвөр насандаа хөлбөмбөгийн төлөө гэрээсээ явахад хэцүү байсан нь ойлгомжтой. Хөлбөмбөгийн төлөө төлсөн төлөөс тань тэр үү?
  • Мэдээж, хөлбөмбөгийн төлөө би олон зүйлээс татгалзаж байсан. 12-13 настай хүүхдүүд зугаалж, тоглож явдаг биз дээ. Найзуудтайгаа кино үзээд л хөгжилдөж явдаг нас. Харин би тийм байж чадаагүй. Өдөр бүр бэлтгэлтэй. Бэлтгэлийн дараа гадуур зугаалах биш хүчээ хуримтлуулахын тулд амрах ёстой байдаг байлаа. Гэр бүлээ их санана. Ер нь хүүхэд насны олон зүйлийг бүрэн мэдрэлгүй өнгөрсөн. Ээжийгээ, дүүгээ, аавыгаа санана гэж жигтэйхэн. Хааяа тэд маань зочилж ирнэ. Тэр үед нь үнэхээр их хөөрөн баярладагсан. Амьдрал дандаа дардан сайхан байхгүй шүү дээ. Ая тухтай орчноосоо гарч байж л хүн хөгждөг.
  • 2014 онд ДАШТ-ий үеэр нуруундаа гэмтэл авсан. Тэгэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүн болчихвий дээ гэсэн айдас төрсөн үү?
  • Миний амьдралын хамгийн хэцүү үеийн нэг тэр. Гэхдээ нурууны тэр гэмтэл хөлбөмбөгчийн замналд маань тээг болохгүй гэдгийг сонссоныхоо дараагаар аз жаргалыг бас мэдэрсэн. Эмнэлэгт очиход “Надад сайн муу хоёр мэдээ байна. Алийг нь эхэлж сонсох вэ?” гэж эмч хэлж билээ. Би муугаас нь эхэлье гэсэн. “Муу мэдээ гэвэл, энэ ДАШТ-д дахин тоглох боломжгүй” гэсэн. Үүний сонсоод би уйлсан. Дараа нь сайн мэдээгээ сонсоё гэлээ. “Чи үргэлжлүүлэн хөлбөмбөгөө тоглож болно. Жирийн амьдралаар амьдарч болно. Хэдхэн миллиметр зөрсөн л бол хөгжлийн бэрхшээлтэй болох байлаа” гэж эмч хэлсэн. Хоёрхон миллиметр л миний амжилт, амьдралыг шийдсэн юм. Тухайн үедээ ДАШТ-д тоглож чадахгүй болсондоо их харамссан ч гэлээ дахиад тоглож чадаж буйдаа бурханд талархдаг. Бурхан намайг хамгаалсан.
  • “Неймар юуг ч даваад гарна” гэж “Сантос”-ын дасгалжуулагч тань хэлсэн байна лээ. Чи мөрөөдлөөсөө ухарч няцдаггүй юу. Хүүхэд залууст хандаж юу хэлмээр байна?
  • Хийж буй зүйлдээ итгэлтэй байх хэрэгтэй. Болохгүй бүтэхгүй юм гэж байхгүй гэж би боддог. Бурханд итгэж, үргэлж тусалж дэмжинэ гэж боддог. Хожигдох нь ойлгомжтой мэт тоглолтын явцад ч би хожно гэж бодож чаддаг. Тоглолтын төгсгөлд гайхамшгийг бүтээж чадна гэж өөртөө итгүүлдэг. Би хэзээ ч бууж өгдөггүй. Тэгэхээр нэг л зүйлийг зөвлөе. Мөрөөдөлдөө бүрэн итгэ! Мөрөөдлийнхөө төлөө тууштай яв! Бэлтгэл хий, овжин авхаалжтай бай! Өөрийнхөө чадах бүхнээ хий.
  • Гэхдээ бүх зүйл амжилттай байх биш дээ. Саяхан л гэхэд Аваргуудын лигийн финалд танай баг хожигдлоо. Энэ ялагдлаасаа сэргэж чадсан уу?
  • Их эмзэг хүнд туссан шүү. Аваргуудын лигийн финалд гарчихаад цом өргөлгүй буцна гэдэг аймшигтай. Их муухай байсан. Уйлж, сэтгэлээр унаж, юм юм л болсон. Би зөвхөн өөрийнхөө төлөө ч бус Францын төлөө энэ цомыг өргөх ёстой гэж бодсон юм. Гэвч харамсалтай нь чадаагүй. Дахиад финалд шалгарч, цом өргөхийн төлөө би чадах бүхнээ хийх болно. “Байерн Мюнхен”-тэй хийсэн тэр тоглолт хэцүү байсан. Гэвч хөлбөмбөгт ялалт ялалдал ээлжилдэг. Манай баг хүчтэй. Бид тэр тоглолтод ч хожихоор хэмжээнд байж чадсан.
  • Мбаппетай ямархуу харилцаатай байдаг вэ?
  • Бараг л ах дүү гэж хэлж болно доо. Миний дүү байгаа юм. Заримдаа би түүн рүү дургүйцэн хашгирна, муудалцана. Би түүнийг илүү сайжраасай гэж бодсондоо л үг хэлдэг. “Алтан жаал” гэж би Мбаппег нэрлэдэг юм. Үнэхээр гоц гойд болохоор нь тэр л дээ. Их өгөөмөр сайхан сэтгэлтэй залуу. Хөлбөмбөгийн их авъяастайг нь дэлхий даяар мэдэх болохоор би юм хэлээд бараг хэрэггүй байлгүй. Жирийн амьдрал дээр ч их сайн залуу. Дандаа инээмсэглэж, эерэг байж чаддаг. Талбайд гарахаараа өөрийгөө бүрэн дайчилдаг. Жаргалтай, өөрийгөө мэдэрчихсэн байхад нь түүнийг зогсоох ямар ч боломжгүй. Тиймээс би түүнийг байнга жаргалтай байгаасай гэж хүсдэг. Энэ улиралд бид аз одтой байж хэд хэдэн цом өргөх болтугай.
  • ПСЖ-д жаргалтай байна уу? Үлдэхийг хүсч байна уу?
  • Өнөөдөр бол би жаргалтай л байна. Зарим нэг зүйл сайн тал руугаа өөрчлөгдлөө. Яг юу гэдгийг нь тодорхой хэлж болохгүй ч гэлээ би энд идээшин дасчээ. Гэртээ байгаа юм шиг л байх болсон. Жаргалтай ч байна. Тиймээс ПСЖ-д үлдэхийг хүсч байна. Килианыг ч гэсэн үлдэнэ гэж найдья. Парисчууд бид хоёрыг үлдээсэй гэж хүсч байгаа. Бид ПСЖ-ийг амжилтын оргилд гаргахыг хүсч байна.
  • Байнга багийнхнаа “цаашлуулж”, наргиа хийдэг гэж сонссон юм байна?
  • Тийм ээ, би хөгжилтэй байх дуртай. Залуусаараа наргиа хийх гоё шүү дээ. Бүгдтэй нь сайхан харилцаж, инээлдэх сайхан. Бид хоорондоо сайн харилцаатай.
  • Бас өөрийг чинь үдэшлэг шоунд их дуртай гэх юм билээ?
  • Дургүй хүн гэж байдаг юм уу? Хүн болгон л гэр бүл, найз нөхдөөрөө наргиж цэнгэхийг хүсдэг биз дээ. Гэхдээ би хэзээ болох болохгүйг мэднэ ээ. Хүмүүс намайг хөнгөн гэнэн гэж боддог шиг билээ. Би тэгж харагддаг байж болох ч тийм хүн биш ээ. Хэрэгтэй гэж үзвэл өөрийгөө бүрэн 100 хувь дүгнэж цэгнэж, болох болохгүйг бодож тунгааж чаддаг.
  • Шивээс, үс засал, хувцас загвар гээд өөртөө их арчаатай юм аа. Залуусын дунд их нэр хүндтэй байдгийн нэг шалтгаан энэ байх тийм үү?
  • Мэдэхгүй юм. Би загварын үлгэр жишээ больё гэж боддоггүй. Гэвч тийм болж таарсан. Үсээ засуулахаар залуус дагаад засуулчихдаг. Олон хүн надтай адилхан хувцаслах гэдэг. Хүмүүст таалагдаж байвал болж л байна.
  • Өөрийг чинь өгөөмөр сайхан сэтгэлтэйг хүмүүс тэр бүрий мэддэггүй. Бразилд л гэхэд ядуу айлын хүүхдүүдэд зориулан Неймарын институт байгуулсан. Юунаас ийм санаа төрсөн юм бэ?
  • Неймар гэж яг үнэндээ хэн болохыг хүмүүс тэр болгон мэдэхгүй л дээ. Хэвлэл, сошиал ертөнцөөр харсан үзсэн дээрээ л тулгуурлан дүгнэдэг биз. Хүүхэд байхаасаа л надад тийм санаа байсан юм. Хол газраас хөлбөмбөгч болохоор ирсэн хүүхдүүд, авъяастай хүүхдүүдэд зам мөрийг нь нээж зааж өгөх санаа юм. Энэ бол зөвхөн миний бус манай гэр бүлийн мөрөөдлийн биелэл.
  • Тэнд хэдэн хүүхэд суралцдаг вэ?
  • 3000 орчим. Ер нь бол бүхэлдээ 10000 гаруй хүн ажилладаг институт. Туслах боломжтой бол туслахад үргэлж бэлэн байдаг. Манай институт хүүхдүүдэд тал бүрээр тусалдаг. Биеийн тамир, каратэ, испани, англи хэл, дэвшилтэт технологи, усанд сэлэлт гээд байхгүй юм тэнд бараг үгүй.
  • Бразилчууд чамайг өссөн нутаг, элгэн саднаа мартдаггүй баатар гэж дүгнэх нь элбэг. Үүгээрээ бахархдаг уу?
  • Бахархалгүй яахав. Би хаана төрж, хаана өссөнөө хэзээ ч мартахгүй. Миний өссөн дүүрэг одоо ч надад сайхан санагддаг. Тэнд би суралцаж, амьдралыг таньж мэдэрсэн юм чинь хайртай байдаг.

Орчуулсан Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах