Нийслэлд 15 байршилд 5137 метр ус зайлуулах шугам барихаас 14 байршлын ажил дууссан
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Геодези, усны барилга байгууламжийн газраас хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан танилцууллаа. Тэрбээр “Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламж, шугам сүлжээний өргөтгөл, засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд 15 байршилд 5137 метр замын ус зайлуулах шугам барихаас 14 байршилд ажлыг гүйцэтгэсэн. 1150 метр үерийн суваг шинээр барих, 8 байршилд 1167 метр барилга засварлах ажлуудыг үргэлжүүлэн хийж байна. Шугам угсралтын ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй. Худгийн засвар, нөхөн сэргээлт, шинэчлэлт 70 хувь, өргөлтийн насос станцын ажил 82.5 хувь, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн засвар нөхөн сэргээлтийн ажил 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.
Тухайлбал, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Шунхлай” шатахуун түгээх станц буулгасан хэсгийн Дунд голын эргийн хамгаалалтын далангийн өргөтгөл шинэчлэл, засвар, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Ээж хайрханы үерийн хамгаалалтын сувгийн төгсгөлийн, эвдрэлтэй хэсгийг засварлах, Улиастай голын эргийн хамгаалалтын далангийн нурсан хэсгийг засварлах, Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо, Хайлаастын үерийн хамгаалалтын сувгийн нурж, эвдэрсэн хэсгийг засварлах ажлууд бүрэн дууссан.
Мөн шугам сүлжээ, лаг цэвэрлэгээ, мониторингийн цооногийн ашиглалт, засвар үйлчилгээг сайжруулж, ажлыг гүйцэтгэж байгаа” хэмээн танилцуулав.
Сэтгэгдэл үлдээх