Цэс Close

Нэг л зангаараа, Сонгосон замаараа

Эрдэмтэн зохиолч Ү.ХҮРЭЛБААТАР андын сүүлийн үед гаргасан долоон номын нээлт дэлгэр боллоо Каллиграфын мастер Д.Баттмөмөр агсны хайку шүлэгт нь зориулсан бүтээлээр үзэсгэлэн дэлгэсэн байна. Доктор В.Алзахгүй тэргүүтэн анд нөхөд нь санаачилж " Ү.Хүрэлбаатар судлалын төв" байгуулснаа зарлав.
" Гал"- ын анддаа амжилт хүсч гурван жилийн өмнө бичсэн нийтлэлээ дэлгэе.
НЭГ Л ЗАНГААРАА,
СОНГОСОН ЗАМААРАА
Нар салхи, газар шороо, өвс ургамалаасаа бүтээд гараад ирсэн юм шиг хөдөөширсөн төрхөөрөө хэдэн залуус бид далаад оны эрдмийн их ордон болох Улсын Багшийн дээд сургуулийн танхимд бие биеэ олж нөхөрлөсөн билээ. Бүгдээрээ л зохиолч, сэтгүүлч, уран бүтээлчид болж, зохиол номоо хэвлүүлж өөр өөрийн ертөнцийг бүтээх гэгээн мөрөөдлийн дөлийг дотоод сэтгэлдээ асааж явсан цаг. Багш, сэтгүүлч, эрдэм шинжилгээний ажилтан, эмч, хуульч, соёлын ажилтанаар амьдралын гараагаа эхэлж олон салаа замаар одсон биднүүс хуучин тогтолцоо, үзэл суртал, хувьсгалт өөрчлөлт, зах зээлийн шилжилт, оюун санааны чөлөөлөлт, эдийн засгийн хомсдол, унаж боссон эрээн бараан амьдралын дундуур цэл залуугийн гэгээн мөрөөдөлд асаж асан үнэт зүйлээ гээлгүй авч явсаар тавь шахам жилийн дараа Монголын утга зохиол хэмээх их хүрээлэнгийн цэцэрлэгч нь болоод сууж байгаа минь том хувь заяа юм даа.
Өгүүлэх нь:
Манай сургуулийн утга зохиолын дугуйланд Анагаахын дээд, Хөдөө Аж ахуйн дээд, Хууль цаазын сургууль, Монгол Улсын Их сургуулиас шүлэг зохиолын хорхойтнууд цугларсны дунд нүүр хагарсан нь Ш.Гүрбазар л байж билээ. Нэг өдөр хичээлийн завсарлагаагаар тэр тааралдаад,
- Манай курсийн Хүрэлбаатар гэж залуу их сайн шүүмж бичиж байгаа даа хэмээн сонин болгов.
- Дугуйландаа урья л даа гэвэл:
- Тэр байгаа. Дандаа ард суудаг юм. Бомбойсон хөдөөний бор залуу байгаа хэмээн их олз хуваалцах мэт мөр алгадав. Гүрбазарын танилцуулсан мөнөөх бомбогор бор залуу маань дугуйлан ер таслахгүй, тэгсэн мөртлөө юм ч ярихгүй, шүлэг ч уншихгүй томоотой сууж байгаад л гарна.
Төдөлгүй “Эх бүрдийн домог” киноны тухай бичсэн анхны шүүмж нь хэвлэгдэж анхаарал татаж эхлэв. Дараа нь “Хүний амь”, “Хонины найр” зэрэг шинэ гарсан кинонууд, яруу найраг, хүүхдийн зохиол, театрын урлагийн тухай шүүмжүүд нь ойр ойрхон гарч, урлаг утга зохиолын томчуудын анхааралд өртсөнөөр төгсөнгүүтээ Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнд нэрт эрдэмтэн, нийгэм соёлын зүтгэлтэн С.Лувсанвандан гуайн удирдлага дор урлаг судлаачаар ажиллаж эхэлсэн юм.
Далан долоон оны намар сан. Бид өөрсдийн тодорхой зорилго тэмүүлэлдээ хүрэхийн тулд эвийн хүч, хамтын урам зоригоор бие биеэ түшиж, бас дэмжиж, цугтаа өсөж хөгжих ёстой гэж ухаарцгаасан юм. 1977.11.08 -д “Гал” бүлгэмийг зохион байгуулах хуралдаанаар Ү.Хүрэлбаатарыг архив, бичиг хэргийн эрхлэгчээр сонгосон нь түүний эрдэм судалгааны эв дүй, нягт хичээнгүй чанарыг түшиглэсэн хэрэг юм. Бидний харилцааг тэр үед Хүрэлээ маань "Энэ нэгдлийн зорилго нь уран бүтээлийнхээ өсөлт хөгжлийн бүхий л нөхцөл бололцоог ашиглах цаг үе хожсон хүчирхэг хөдөлгүүрийг буй болгох явдал" гэж тодорхойлсон бөгөөд хойшид ч харилцан бие биеэ өргөж дэмжсэн "хүчирхэг хөдөлгүүр" байх үүргээ яв цав биелүүлсэн байна. Энэ тухайд он удаан жил хав дарж хадгалсан хурлын тэмдэглэл болон бидний эвлэлдэн нэгдэх хүсэл зоригоо илэрхийлж хоорондоо харилцсан бичвэрүүд бас бус гар бичмэл, сонины хайчилбар, бичиг цаас тэргүүтнээр хөдлөшгүй баримт нотолгоо болгож бичсэн “Гал хэмээх нууц бүлгэм байгуулагдсан нь” хэмээсэн гарчигтай нийтлэлдээ тэр тов тодорхой бичсэн юм. Зохиолчийн холбогдолтой бичиг захидал, эх бичвэрүүдийн үнэ цэн үүнд оршино.
Өдгөө тэрбээр өдөр бүр шахам л номын сангийнхаа өмнө хавтастай бичиг цаас дэлгэн, хуучин сонин сэтгүүлийн шарласан хуудсууд эргүүлж, эмхэлж цэгцэлж, тэмдэглэж, улиран холдож буй түүхэн ой санамжийг сэргээн суух бөгөөд энэ тухайд “Монголын зохиолчдын ой санамжид хадгалагдаж буй дурсамжууд нь утга зохиолын оюуны үнэт архив юм” гэж бичсэн удаатай. Түүний архив дөнгөж зах зураасаа л нээгдэж байгаа нь энэ болой.
Судалгаа, эрдэм шинжилгээний арга барилыг тэрбээр Хэл зохиолын хүрээлэнд ажилласан жилүүддээ эзэмшиж, тэр нь түүний уран бүтээл туурвилын эмх цэгц, ур чадвар болж бэхэжсэн байна. Хүрээлэнд байхдаа алтан үеийн суу билэгтнүүд болох Д.Намдаг, Д.Чимэд-Осор, Э.Оюун гуай тэргүүтнийг судалж, үгийг нь сонсч, ялангуяа их зохиолч Д.Намдаг гуайн урланд шавилсан нь түүний хувьд амьдрал уран бүтээлийн их сургууль байжээ. Тэр нэгэн өдөр алтан үеийн гарамгай жүжигчин Д.Чимэд- Осор гуайг манай өрөөнд дагуулж ирэв. Манай өрөө гэдэг маань Л.Мягмарсүрэн, Ж.Саруулбуян, Д.Намсрай биднүүсийн ажиллаж байсан урлаг судлаач Дэ.Мягмарсүрэн даргатай Монголын радиогийн Урлаг соёлын редакци л даа. Тэр өдөр Д.Чимэд-Осор гуай өөрийн уран бүтээлийн намтар хийгээд Монголын театр киноны алдарт уран бүтээлч анд нөхдийнхөө тухай гайхалтай дурсамжийг хүүрнэв. Бидний хувьд нүд нээгээд зогсохгүй, радио сонсогчиддоо барих том бэлэгтэй болов. Монголын радиогийнхоо алтан сан хөмрөгийг арвижуулав. Ингэж бид хэлсэн ярьсандаа эзэн болж, эрсэн олсоноо хуваалцаж бие биеийг дэмжиж, хамтдаа л өсөж хөгжицгөөсөн дөө.
Хүрэлээгийн урлаг судлалаар ажилласан цөөн жилийн бүтээлүүд дэх даацтай судалгаа нь Д.Намдаг гуайн уран бүтээл байсан бөгөөд “Д.Намдагийн туршиц туурвил зүй” хэмээх нэгэн сэдэвт зохиолоороо тэр докторын зэрэг хамгаалсан юм. Энэхүү ном бүтээлийнх нь тухай их номч Л.Түдэв абугай “Ү.Хүрэлбаатар бол Д.Намдаг судлалыг үүсгэгчдийн нэгэн”хэмээгээд “Намдаг гуайн тухайд урьд өмнө бичигдээгүй өргөн хүрээтэй судалгаа болсон юм” хэмээн өндөр үнэлсэн байдаг.
Ү.Хүрэлбаатар маань нэг мэдсэн нийслэлийн төв хэвлэл “Улаанбаатарын мэдээ” сонинд сэтгүүлчийн алба хаших болж, сэтгүүл зүйн нөр их ажлын гараагаа эхлэв. Ерөөс Монголын олонхи зохиолчид үндэсний хэвлэл мэдээллийн газруудад ажиллаж, сэтгүүлчээс зохиолчийн туурвил руу шилждэг асан тэр замаар замнасан хэрэг. Улмаар тэр “Улаанбаатар” сонины ерөнхий эрхлэгчээртомилогдож сониноо зах зээлийн нийгэмд шилжих бэрхшээлтэй үед хамгийн хүчирхэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болгож чадсан юм. “Улаанбаатар” сонины дэргэд олон дагуул сонинууд бий болж, манай Зохиолчдын эвлэлийн “Утга зохиол, урлаг” сонин, “Цог” сэтгүүлийг хүртэл бараг уншигчгүй болж унаад байхад Хүрэлбаатар өмөг түшигтээ авч зохиолчдын хэвлэл сөхөрч уналгүй өндийж боссон түүхтэй. “Улаанбаатар” сонин үе үе 32. 64 нүүртэй танин мэдэхүйн тусгай дугаарууд гаргаж, нийгмийг соён гэгээрүүлэх үйлсийг манлайлж байсныг мартах аргагүй. Тэрбээр сониныхоо нэрэмжит Гоц авъяастны “Хангарьд” шагнал бий болгон анх удаа жүжигчин Д.Сосорбарамд олгож, орон сууц дагалдуулан өгч байсан түүхтэй. "Улаанбаатар" сониноор овоглосон Монгол Улсын Арслан цолтонгуудын нэрэмжит барилдаан, Төрийн гурван өндөрлөг, Нийслэлийн засаг дарга нарыг уншигч түмэнтэйгээ уулзалт зохион байгуулж, эрхлэгч Ү.Хүрэлбаатар өөрөө өдөр тутмын дугаар бүрийнхээ тэргүүн өгүүлэлийг “Ерөнхий эрхлэгчийн зурвас” нэртэй бичиж нийтлүүлэн цаг мөч бүрээр өөрчлөгдөн хувьсах Монголын нийгмийн шилжилтийн нэгэн жилийн мөчлөгийг товчоолсон нь буй. Өдөр болгон улс төр, нийгмийн амьдрал, хүмүүсийн аж төрөл, зогсолтгүй буцлах үйл явдлын халуун мөрийг өөрийн зүрх сэтгэлээр дамжуулан илэрхийлээд түүхийн шарлангуй хуудсанд тогтоон барьж авна гэдэг бичээчээс сэтгэл, ур чадвар, цаг хугацаа, хүч шаардсан ажил билээ. Хожим нь ном болж гарсан “Ерөнхий эрхлэгчийн зурвас”-ыг эргүүлж суутал Мигжэд Жанрайсиг шүтээнийг бүтээсэн түүх ба утга тайллыг товчоолсон миний “Билгийн мэлмий нээгч” ном хэвлэгдэн гарсан тухай, Хүрэлээ бид хоёр гэргий нартайгаа дөрвүүл Шадүблин зусланд хонуутаар очиж байгалийн шим хүртэн үүх түүх хуучилсан тэргүүтнийг тухайн нэг өдрийн онцлох үйл явдал болгон бичсэн байхыг үзэж билээ. Далийн бутанд анхилам үнэрт ягаан цэцэг дэлгэрч, цав цагаан хус модод эх газрын шимийг үндсээрээ сорж мөчир лүүгээ татах урин хаврын тэнгэр доорх мөрөөдөл минь удахгүй золгох хорин нэг дэх зуунд хэрхэн аж төрөх, юу бүтээж дэлгэрүүлэх тухай л байсан санагдана.
Ерээд оны Ү.Хүрэлбаатарын сэтгүүл зүйн бичлэгүүд өдрийн тэмдэглэлийн аястай мөртлөө уран зохиолын шинжийг агуулж байв. Тэрбээр “Тэнгэрийн зүйдэл” гэж нэрлэсэн дөрвөн мөрт шүлгийн номоо Д.Нямсүрэн бид хоёр луу нэг өдөр илгээснийг үзвэл бараг өдөр тутам үзсэн, мэдэрсэн, ажигласан, ухаарсан сэрсэн бүхнээ дөрвөн мөрөнд хураангуйлан илэрхийлсэн байв. Нэг талаас харвал дөрвөн мөрөөр илэрхийлсэн өдрийн тэмдэглэл аястай, уран сайхны нүдээр үзвэл дөрвөн мөр найраг шүлэг. Түүнээс нэгэн бадаг эшилбээс;
...Лимбийн эгшиг талын амьсгал мэт уянгалж
Лиг модны шар цэцэг дэлгэрэхүйеэ
Модун хааны үеэс өнөөг хүртэл дуурсах мэт
Монгол хатдын сүрчигний үнэр ханхийнэ…
400 ийм дөрвөн мөрт түүний нэг оны зүрхний бичлэг болон номд нь үлдэж, удалгүй бас нэгэн оны зүрхний бичлэг нь “Газрын зүйдэл” хэмээх гурван мөрт өдрийн тэмдэглэл болон хэвлэгдэв. Уг номд орсон гурван мөртүүдээ зохиогч бээр “гурван цагийн сэтгэлийн цагалбар, гурван мөрт өдрийн тэмдэглэл” хэмээн тодосгосон байна.
Нэгэн өдөр тэрбээр “Бөхийн хорхойтны өдрийн тэмдэглэл” нэртэй шинэ номоо барьлаа. Ийн Ү.Хүрэлбаатарын өдрийн тэмдэглэлд сэтгүүл зүй, уран зохиол хоёр нийлэгжих явц үргэлжилсээр байвай. Оросын алдарт зохиолч, нийтлэлч М.Пришвин өдрийн тэмдэглэлийнхээ тухайд нэгэнтээ “Зохиолчийн өдрийн тэмдэглэл гэдэг бол тухайн хүний сэтгэл зүрхний гүнээс ундран гарсан булаг юм” гэж үзээд “бүхнийг өөр дээрээ тусган авч бичиж тэмдэглэнэ гэдэг амаргүй, эгээ л өндөрт хэцэлсэн ган гатлага дээгүүр явах шиг тун хэцүү аялал” гэсэн байдаг. Тэрбээр Л.Толстойн өдрийн тэмдэглэлээс суралцсан тухайгаа “Толстой өдрийн тэмдэглэлүүдээ өөрийгөө танин мэдэх гэж өөрөө өөртэйгөө ярин байж бичсэн, өөрийнхөө оюун санааг үргэлжид хөгжүүлж байх ганцхан зорилгоор бичдэг” гэжээ.
Ү.Хүрэлбаатар ч мөн нэгэн адил өөрийгөө танин мэдэх, өөрийнхөө оюун санааг хөгжүүлэх, өөрийгөө илэрхийлж бүтээх зорилгоор “өдрийн тэмдэглэл”-ээ бичдэг нь тодорхой.
Монголын уран зохиолын ахмад, дунд, залуу үеийн олон ч авьяастанууд Хүрэлээгийн эрхэлж байсан "Улаанбаатар" сониныг бараадаж, зах зээлийн шуурганыг ажилтай цалинтай туулснаа мартдаггүй юм билээ. Сэтгүүл зүйн нөр их үйлс нь Ү.Хүрэлбаатарын нэрийг нийгмийн тавцан дээр танигдахуйц гаргаж ирсэн яг тэр цагт О.Дашбалбар маань түүнийг яалт ч үгүй улс төр лүү уруу татсан юм. О.Дашбалбар маань найз нөхдөө улс төрд оруулах гэж учирлаж, шахаж, загнаж янз бүрээр үзээд хэнийг нь ч хөдөлгөж чадаагүй байтал Хүрэлээ маань О.Дашбалбарыг улс төрд ганцаардаж мөхөсдөж байх тэр цагт түшсэн нь түүний хүн чанарын илрэл буй заа. Мэдээж төрийн бүх салбар улс төрийн атганд орсон тэр цагт сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан намд бүх эрх мэдэл шилжиж Ү.Хүрэлбаатар маань хорь шахам жилийнхээ хүчин зүтгэл, оюуны бяд тэнхээ зааж хөл дээр нь босгон төвхнүүлсэн “Улаанбаатар” сонины ерөнхий эрхлэгчийн “ширээгээ” булаалгасан юм.
О.Дашбалбарын эх орон, газар шорооны төлөөх тэмцлийг нухчин дарах хуйвалдаан ид явж байх тэр цагт их найрагч бээр өөрийгөө талын хөх чонотой зүйрлэж ард түмнийхээ өмгөөлөлд хувь заяагаа даатгаж байлаа. Мэдээж түүнд улс төрийн ашиг сонирхол хөөсөн зуур замын нөхөд олон байсан ч жинхэнэ үнэнч найз ховор байсан цаг. Ийм үед багын анд Хүрлээ маань түүнийг түшээд зогсож байсан юм. Хүнд хэцүү цагт нь тулж түшсэн анд эрхэм нөхөр - Ү.Хүрэлбаатартаа зориулж О.Дашбалбар маань “Бид цаг хугацааны чонон хүмүүс” хэмээх хүчирхэг шүлгээ бичсэн билээ.
Тэнгэр жигтэйхэн хачин сааралтаж, нам гүм
Тэргэл сарны дүгрэг дотор бас нэг чоно улина
Тэнд нэг чоно, энд нэг чоно өөд өөдөөсөө улина
Тэнэмэл оддын хүрээлэнд сарны чоно ганцаардана
Дэлхий дүүрэн чоно улина, дэлт чоно, саарал чоно
Дэмий тэнэж зүгээр нэг улиагүй, дээд тэнгэрийн нууц элч!
Алтайн нуруу дүнхийж байсан цагт монгол чоно улина!
Алтан дэлхий оршин байсан цагт монгол чоно ялна!
О.Дашбалбар шүлгийнхээ төгсгөлд “Бид цаг хугацааны чонон хүмүүс" шүлгийг би өөрийн найз “Улаанбаатар” сонины эрхлэгч Ү.Хүрэлбаатарт зориулан бичсэн бөгөөд монголчууд огторгуйн биет, орон зайн эзэн, цаг хугацааны дархлалтай, эр зоригийн төрөлхийн нууц сүлдтэй болох тухай сэтгэгдэл аль эрт залуу цагаас минь салахаа больсон тул, энэ шүлгээр илэрхийлэв” хэмээх цохолттойгоор 1997.12.27-ны “Засгийн газрын мэдээ” сонинд нийтлүүлжээ. Уг шүлэг О.Дашбалбар анд нөхөртөө хичнээн их итгэж, талархаж, ач санаж явсны гэрч болон дурайж авай.
Ү.Хүрэлбаатарын уран бүтээлийн дунд үе монгол дахь рок поп урлагийн дэлгэрэлтийн цаг хугацаатай давхцаж таарсан нь дууны яруу найраг руу хөтөлсөн байна. Поп дива Б.Сарантуяа, Т.Ариунаа тэргүүтэн дуучдын урын санд Хүрэлээгийн шүлгээр зохиосон дуунууд голлох болж, НҮБ-ийн танхимд эгшиглэж, Номхон далай дээгүүр дуурсаж, Евроазийн ногоон уулсын дунд цангинаж байлаа. Концертийн танхим, телевиз, радио, сонгуулийн шоу, хот хөдөөгүй дуурсах түүний шүлгийн дуунууд сэдвийн хувьд эх үрсийн элбэрэл, хайр сэтгэл, үерхэл нөхөрлөлөөс эхлээд эх орон, эх дэлхий, энх тайван гээд цаг үеийн эрхэм чухаг асуудлуудыг ямагт тусгаж байв. Тэрбээр ямар ч сэдвээр ямар ч агуулгыг дууны үгийн хэцүү хайрцаг дотор цомнож, тэр нь хөгжмийн зохиолчид онгод өгч, дуучны сэтгэлийн чавхдас хоолойн солонголог эгшиглэнг дуурсгах ид хавыг соёрхоно. Заримдаа тэрбээр хөгжмийн зохиолчийн аялгуунд тааруулж шүлэглэнэ, зарим үед дуучны хүссэн сэдвээр шүлэглэнэ. Түүний шүлгийн дууг өдөрт нэгийг сонсоод явая гэвэл нэг жил илүү болох юм билээ. Тэгээд бодохоор зохиоход ямар хугацаа орсон байх билээ, санаанд багтамгүй. Хүрэлээ маань өөрөө их эвлэгхэн дуулна. Тэрбээр ялангуяа эхийн тухай ардын дуу дуулах дуртай билээ.
Дуу надад сэтгэлийн хүчийг өгсөн
Дуулах тусам чамайгаа таньсан
Дуугаар хорвоо шивэрдэг энэ орчлонд
Дууны сайхан нь үлддэг юм билээ…
Ү.Хүрэлбаатарын шүлгэнд Харангын Ц.Чулуунбатын аялгуу зохиож өөрөө дуулсан "Амьдрал надад бүхнийг өгсөн" хэмээх дуунд ингэж өгүүлдэг. Орчлонгийн хамаг бүхэн дуунд найрсаж амьдралын үнэт бүхнийг өгсөн болохоор "дуу өөрөө зохиож дуутай хамт амьдрахын" утга учир төгөлдөрших бөлгөө.
Хүрэлээ сэтгүүлчийн ажлаараа тэнгис далай гатлан, улс орнуудаар аялахдаа ялангуяа Япон орны тухай хүчтэй сэтгэгдэл төрж цуврал нийтлэл бичиж хэвлүүлсний зэрэгцээ улмаар хайку хэмээх оюуны ид хав сорьсон соёлын үзэгдлийнх нь хувьд ихэд сонирхон нэгэн үе гурван мөрт шүлгээр "өвчилж" билээ. Өдгөө Япончууд хайкугаа яруу найраг уу? философ уу? бодрол уу? ер юү вэ гэдэг тухайгаа үе үе эргэлзэн ярьж хэлэлцэх нь буй. Өндөр төвшиний сэхээтнүүд нь бол яруу найрагч биш мөртлөө хайку бичээд түүнээ "оюуны фитнесс" гэх нь ч буй. Ү.Хүрэлбаатар Япон хайкугийн монгол хэлбэрийг зогсолтгүй эрж хайж хайкугийн мөн чанарыг монгол чөдрийн онолоор тайлж “Чөдөр гурвалжин” хэмээх нэр олоод олон хэлний орчуулгатай нэг ном бүтээв. Шувууны мөр, чөдөр гурвалжин гэх үгс гурван мөртийг томъёолоход ихэд ойр сонсогдох үгс мөн. Тэрбээр "Чөдөр гурвалжин", “Тархины фитнес”, “Гандирсан” хэмээх гурвалсан номоо нэг доор хэвлүүлэв. Бас л гурамсалж буй явдал. Бодлынхоо урсгалыг гурван мөрөнд хурааж, оюуныхаа мөчлөгүүдийн хэм хэмнэлийг эмхэтгэн ийнхүү гурамслан "архивласаар" авай.
Их соён гэгээрүүлэгч М.Цэдэндорж “Нутгийн чулуу” хэмээх алдарт номынхоо зохиомжийг, бас “Зурхайн толь” хэмээх бөлөгтөө амьдрал, цаг үе, учрал тохиол, сэтгэлийн эмзэглэл догдлолыг өдрийн тэмдэглэл байдалтай тольдож алганы хээний зурхайтай адилтгаж үзсэн нь буй. О.Дашбалбар яруу найргийнхаа ном дотор ч өдрийн тэмдэглэлээ шууд оруулан бичсэн нь олонтаа. Зохиолчийн өдрийн тэмдэглэл бол түүний оюуны бүтээл, зүрх сэтгэлийнх нь хэм хэмнэл, амьдарсан цаг үеийнх нь тусгал болой.
Ү.Хүрэлбаатар нэг удаа надад “Би монгол гурван мөртөө япон хайкугийн дүрмээр арван долоон үенд тааруулж төгсгөлийг нь сүүл сондгой бичиж байгаа” гэж сонин болгов. Би бээр хариуд нь “Тийм боломж бараг л байхгүй дээ, агуулгаа л гол болгосон нь дээр, хэлбэрт хэт баригдахаар агуулга нь бүрхэгдэнэ” гэсэнд тэр юм хэлсэнгүй. Хожим нь нэг хэсэг шүлгээ өөрийн хэлснээр япон хайкугийн дүрмээр бичсэн байж билээ. Тэрбээр Хайку судалгаагаа үргэлжлүүлж, Японы хайкугийн хуралд оролцож шүлгээ танилцуулж, олон улсын нийгэмлэгт нь элсэж, улмаар Монголдоо хайкугийн холбоог хүртэл байгуулаад өөрийн туршилтыг үргэлжлүүлсээр явна. Энэ бол зогсолтгүй эрэл хайгуул хийж явдаг хүний цөхөршгүй чанар юм.
Зөвөд буруу буй
Бурууд зөв буй
Нэг гараар алга ташдаггүй” хэмээх гурван мөртөө зохиогч тайлбарлахдаа, “Орчлонд илүү дутуу юм гэж огт үгүй. Нэмэх цэнэг буй тул хасах цэнэг буй. Тэр хоёр буйгаас таталцалын хууль үүснэ… Усан дотор гал асч, гал дээр ус хоргодох нь буй… Үнэхээр нэг гараараа алга ташдаг билүү” хэмээгээд гол санаа нь “Алив юмны алтан хамжаарыг нь ол, бүү туйлшир” гэж цохолт хийсэн харагдана.
Борооны дусал
Болор жүнзэн юмсан уу,
Жингэнэлдэнэ
Түүний "шувууны мөрөөр" бэдэрвэл ийм шүлэг тааралдана. Борооны тув тунгалаг дуслууд идээний дээж сөгнөсөн жүнзнүүд мэт дүр зургаар мэлмийд тусна. Дусал дуслаа онох тэр олон инч хоромуудын анир нь болор жүнзнүүдийн жингэнэх аялгуу болох мэдрэмж. Цаг улирал, байгалийн үзэгдэл, сэтгэлийн хувирал, гэрэлт агшин, эгшиглэл, бүгд зургаахан үг, арван долоон үе хэрчимд нэгдэн холбогдож байна. Энэ бол бодлын урсгалыг тогтоон барьсан зогсоц. Цаг хугацааны элтэс. Тэдгээрийн хоорондоо найрсан утгажсан хураангуй мөн.
Ү.Хүрэлбаатарын бодлын урсгал, өдөр өдрийн сэтгэлгээний хэм хэмнэл нь сэтгүүл зүйн хүүрнэл бичлэгээс цааш нарийсан дууны яруу найраг болж аялгуусаар хөглөгдөөд, улмаар дөрвөн мөр, цаашлаад бүүр багасаж гурван мөрөнд томьёологдон улам нягтран хураангуйлагдсаар буйг бүтээлийнх нь он дарааллын үйл явц харуулах ажгуу. Тэр олон салаа замаар бус нэг л эхлэлээс нэг л чиглэл рүү зогсолтгүй, эргэж буцалтгүй замнаж яваа уран бүтээлч юм. Олонхи зохиолч " яах гэж зохиол бичдэг вэ? " гэсэн асуултанд "өөрийгөө илэрхийлэх, өөрийгөө нээх" гэсэн утгатай хариулт өгсөн байдаг билээ. Энэ үгийг түүнд бас хамааруулж болно.
Ү.Хүрэлбаатар маань театр судлал, сэтгүүл зүй, дууны яруу найраг, утга зохиол судлал шүүмжлэл, монгол бөхийн соёл, зохиогчийн эрх, боловсрол гээд олон салбарт ажил амьдрал бүтээлч үйлсээ холбож хоёргүй сэтгэлээр хэм тэгш зүтгэжээ. Үүнийг зарим хүмүүс "юм юманд оролцож явдаг тодорхой чиглэсэн баримжаагүй хүн" мэт өөлөх нь бий. Өөр өнцгөөс харвал нийгмийн эрэлт, олны итгэл, анд нөхдийн хүсэлт гуйлт аль бүхэнд өөрийн чинээ, чадал, туршлага бүхнээ тэгш сэтгэлээр зориулах хүнлэг өгөөмөр зан чанартай нь холбоотой юм. Тэрбээр аливаа юмыг эмхлэн цэгцлэх, нэгтгэн дүгнэх, боловсруулах, томъёолох, зохион байгуулах ажил хэргийн эв дүй ур чадварыг эзэмшсэн учраас л ийнхүү олон байгууллага түүнийг "ашигладаг" юм. Өөрт наалдац тун байхгүй урилгуудад очиж цаг хүчээ харамгүй зориулаад л явж байх. Цагаа барж, хүчээ шавхаж, том юмандаа төвлөрөх нөөцөө алдаж байна даа гэж өмнөөс нь халагламаар санагдах. Гэвч тэр юунд ч үл түүртэн, хүмүүст туслаад, хийдгээ хийгээд, олон талт ажил төрлөө амжуулаад, ач тусын хариуг үл эрэлхийлэх нэг л зангаараа налайтал алхаж явна.
Өрөөндөө сууж байтал нь хавтас дүүрэн цаас сугавчисан нэгэн орж ирнэ. Бичсэн номоо редакторлуулах гэсэн юм гэнэ. Тэр хүний сэтгэлийг бодоод үгүй гэж хэлж эс түвдэнэ. Нөгөө номыг нь үзнэ. Хичээнгүйлэн уншина, чин сэтгэлээсээ нягталж засна. Бас гуйлт ёсоор нь өмнөх үг бичнэ. Иймэрхүү дүр зураг бараг л долоо хоног алгасахгүй. Ингэсээр түүний редакторлаж өмнөтгөл бичсэн ном зуу хэтрээд явчихсан байна. Ямар их цаг хүч гаргасан гэдгийг олонхи нь мартана. Хэргээ бүтээчихээд л сураггүй болно. Хүрлээ ч юманд бодохгүй, бас хашрахгүй дараачийн хүний номыг янзлаад л сууж байх. Бусдын бүтээлд зориулсан цаг завандаа тэр үл харамсана. Цаг хугацааны урсгал дунд өдөр өдрийн бичлэг нь хуудас хуудсаар зузаарна. Бусдад тус болж сайн үйл хийснээ мэдрэх л хамгийн сайхан аз жаргал, олон хүний хүсэл зоригийг урамшуулж баярлуулах шиг буян хаа байх билээ дээ.
Бидний залуу халуун нас, бүтээлч үе маань, өдөр бүхэн араншингаа өөрчлөх нийгмийн шуурган, хүний мөс чанар хугарч нугарсан бэрх он цагийн дундуур туулж өнгөрч явна даа. Эргэлзсэн тээнэгэлзсэн үедээ түүн рүүгээ ярина. Гарц болох үгийг онож хэлнэ. Гацсан үед минь гарцаагүй таарсан үгийг шигтгэж өгнө. Хамаг юм орвонгоороо өөрчлөгдсөн ийм цаг үед ноён нуруу нь ямагт түшиг тулгуур болж явсан цөөн нөхдийн маань нэг бол Ү.Хүрэлбаатар анд минь юм даа.
Цэл залуугийн анд, номын барилдлагат сайн нөхөр Ү.Хүрэлбаатартайгаа уулзах болгонд үг яриа нь жинтэй, бүтээл туурвил нь тэгширч, эрч хүч нь ханасан хичээнгүй бичээч, бие хүний дүр төрхийг олж харах бөгөөд их өвгөдийн эрхэмсэг намба эрхгүйеэ сэтгэлд ургах авай.
Цагийн хувьсалд хүн чанар нь огт өөрчлөгдсөнгүй. Хэзээ ч тэр нэг л зангаараа. Сонгосон тэр л замаараа.
Г.Мэнд-Ооёо 2020.09.03
May be an image of 12 people and people standing

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах