Цэс Close

“Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 9 дүүргийн ЕБС-иудтай санал солилцоно

Өнөөдөр Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 23 сургуулийн удирдлагууд болон нийгмийн ажилтан, хоол зүйч, тогооч, сэтгэл зүйч, биеийн тамирын багш нарын нийт 130 гаруй төлөөллийг оролцуулж “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний танилцуулга уулзалт, хэлэлцүүлгийг Төрийн ордноо зохион байгууллаа. Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй гурван тулгуурт үндэсний хөдөлгөөний нэг нь “Эрүүл Монгол хүн” юм. Тус хөдөлгөөний чухал зорилтын нэг нь бүх шатны боловсролоор дамжуулан эрүүл, зохистой хооллолт, эрүүл зан үйл, идэвхтэй дасгал хөдөлгөөн бүхий эрүүл чийрэг, саруул сэтгэхүйтэй монгол иргэдийг бий болгохоор зорьжээ.

Эрүүл ирээдүйг бий болгохын тул сурах орчны эрүүл, аюулгүй байдлаас гадна, суралцагсдад шим тэжээлтэй хоол хүнсээр үйлчлэх, эрүүл спортлог, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэг зан үйлд дадуулж, мэргэшсэн багш нар эрүүл мэндийн мэдлэг, боловсрол олгох нь чухал байгаа талаар Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан онцлон дурьдлаа.



Мөн “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрхэн, хамтарч ажиллах, хүүхдийн эрүүл мэндийн талаар судалгаанд сууриласан эрүүл мэндийн мэдээний сан үүсгэх, бие бялдарын хөгжлийн хөтөлбөр, сайн туршлагын  талаар ЕТГ, Эрүүл Монгол хүн төсөл, хөтөлбөрийн багийнхан танилцуулж, оролцогчдын санал, сэтгэгдлийг сонслоо.

Тэрбээр “Бид бодитой ажлуудыг хийхээр ажиллаж байна. Та бүхний санал үнэхээр хэрэгтэй. Тийм ч учраас өнөөдрийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.  Нийслэлийн хэмжээд бүх дүүргүүд дэх ЕБС-иудтай уулзалт хийж, саналуудыг нь “Эрүүл монгол хүн” хөдөлгөөний ажилдаа тусгаж ажиллах юм. Бид Монгол улсын эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээг Япон улсын жишигт хүргэхээр төлөвлөн ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар нь бодлогын түвшинд ажилладаг гэдгийг та бүхэн мэднэ. Гэхдээ бид “Эрүүл Монгол хүн” хөдөлгөөний хүрээнд нарийн асуудлууд руу орж, холбогдох яамдуудтай хамтарч ажиллана. Цаашид ч та бүхний санал, сэтгэгдлийг хөтөлбөрийн сайжруулалтад тусгаж явах болно ” гэлээ.

Хэлэлцүүлгийн үеэр сургуулийн удирдлагуудаас сурагчдын үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтийн орчин, нөхцөлийг сайжруулах, стандартын шаардлагад нийцсэн спорт заал, гал тогоо, цайны газартай болох, мэргэшсэн хоол зүйчдийг бэлтгэн сургах болон сурагчдын эрүүл мэндийн асуудлуудыг олонтой хөндөж ярилцлаа.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах