НӨАТ-ын буцаан олголтод Засгийн газар зарчмаа барив
УИХ-ын дарга Г.Занданшатар НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг таван хувь болгох санал гаргаж 100 мянган иргэнээр дэмжүүлэн хууль батлуулахаар зүтгэж байна. Засгийн газар уг саналыг нь дэмжихгүй, Сангийн сайд нь бүр эсэргүүцсэн ч тэрээр саналаа Төсвийн байнгын хороонд танилцуулав. Харин Төсвийн байнгын хороо даргынхаа саналаас татгалзаж чадсангүй. Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн НӨАТ-ын буцаан олголтыг таван хувьд хүргэх асуудлыг судалж, дүн шинжилгээ хийж, санал боловсруулах ажлын хэсэг байгуулах санал гаргав. Тэрээр өөрөө ажлын хэсгийг ахалж ажиллах юм.
Татвар нэмэх, хасах, хаанаас орлого олох, олсноо юунд зарцуулах нь улсын төсөв санхүүг барьж байгаагийн хувьд Засгийн газрын бүрэн эрх. Тийм ч учраас 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа Засгийн газрын өргөн барьсан төсвийн төслийн зарлага, алдагдлын хэмжээг УИХ нэмэгдүүлэхгүйгээр батлах зохицуулалт оруулсан юм. Үндсэн хуулийн энэ өөрчлөлтийг 2021 оны төслийн төслийг хэлэлцэхдээ анх хэрэгжүүлж эхэлсэн. Түүнээс өмнө УИХ-ын даргын НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг таван хувь болгоно гэдэг шиг поп, эсвэл тойрогтоо хийх хөрөнгө оруулалтын зардлыг УИХ-ын гишүүд төсөвт зоргоороо тусгадаг байв. НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлнэ гэдэг иргэдэд таалагдах санал. Тийм ч учраас хэдхэн өдрийн дотор 100 мянган иргэн дэмжсэн. Хэрэв 2019 онд Үндсэн хуульд дээрх өөрчлөлтийг хийгээгүй бол Г.Занданшатар даргын саналыг Засгийн газар эсэргүүцсэн ч хамаагүй УИХ аль хэдийнэ 2024 оны төсвийн төсөлд багтаачихсан сууж байгаа. Удахгүй сонгууль болох гэж байгаа учраас үүнийг дэмжих гишүүн ч олон. УИХ-ын дарга Г.Занданшатар ч ирэх сонгуулийн PR-аа үүгээр эхлүүлж байна гэхэд буруудахгүй.
НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг нэмэгдүүлж таван хувь болгох санал нь хувь улстөрч байтугай улс төрийн нам сонгуульд бариад ороход овоо их оноо цуглуулах хөзөр. Гэвч Засгийн газар Г.Занданшатар даргыг дагаж попорсонгүй, эдийн засаг, санхүүгийн бодит нөхцөл байдалдаа тулгуурлан уг саналаас татгалзаж байна. Удахгүй болох сонгуулиа бодохгүй, алсыг харсан зарчим баримталж буй нь Засгийн газрын зөв. Өмнөх олон ч удаагийн сонгуулиар бэлэн мөнгө тараасны горыг дараа дараагийн Засгийн газар нь үүрч, засаж залруулсаар, өрийг нь дарсаар өнөөдрийг хүрсэн. Одоо бүр хуулийн дагуу мөнгө тараадаг болох юм гэнэ.
Харин Засгийн газар тараахаас илүү хуримтлуулах нь чухал, сонгуулиас илүү санхүү, эдийн засгийн байдал чухал гэж үзлээ. Товчхондоо, УИХ-ын дарга попорч, Засгийн газар зарчмаа барьж байна.
Б.НОМИН
Сэтгэгдэл үлдээх