Онцгойгийнхон сэрэмжлүүлсээр байтал иргэд минь…
Энэ 2024 онд үер, гангийн аюул дахин нүүрлэнэ гэдгийг өнгөрсөн оноос мэргэжлийн байгууллагаас анхааруулж ирсэн. Хэдийгээр үер усны гамшиг хэлж бус хийсч ирдэг байгалийн давагдашгүй хүчин зүйл ч гэлээ иргэд өөрсдөө эхлээд аюулгүй байдалдаа анхаарах хэрэгтэй байна.
Саяхны ослын тоон дүнгээс үзэхэд 45 усны ослын тохиолдлоос 31 хүн амь насаа алдсан байна. Үүний 27 нь том хүн бол 4 нь хүүхэд. Энэ тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 дахин их тоо юм. Жил бүр зуны урин дулааны улиралд голын усанд маш олон хүн эндэх эрсдэлтэйг Онцгой байдлын ерөнхий газраас байнга анхааруулан сэрэмжлүүлдэг. Голын ай саваар тогтмол эргүүл хийж явдаг. Харамсалтай нь амарч зугаалж буй иргэд анхаарал болгоомж алдан голын усанд эрсдэх тохиолдол гарсаар л байна. Саяхан хүртэл хийлдэг завинаас бага насны хүүхэд унаж эрсдсэн тохиолдол гарсан.
Нийслэлийн хэмжээнд сүүлийн 10 жилд үерийн тоо буурахгүй, огцом өсөлт бий болох аюултай гэж гарсан байгаа. Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Онцгой байдлын газрын даргын хамтран баталсан “Улаанбаатар хотын хэмжээнд тохиолдож болзошгүй үерийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг зохион байгуулах удирдамж”-ийн хүрээнд саяхан НОБГ-аас Улаанбаатар хотын үерийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийжээ. Үерийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр хүн амд учрах үерийн эрсдэл, үерт өртөх байдал нь эрсдэлтэй гэж гарсан. Туул, Сэлбэ голын үерийн далан, хамгаалалтын барилга байгууламжын эрсдлийн үнэлгээг мөн тогтоосон.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд үер усны аюултай бүс, голын ай сав, үерийн байгууламж орчимд аж төрж байгаа 2063 нэгж талбар буюу үерийн аюултай бүсэд 2174 айл өрх суурьшиж байна. Үүний 21.5 хувь буюу 407 айл өрх зөвшөөрөлгүй байна. Ингэж олон айл өрх усанд автах эрсдэлтэй голын ай саваар буусан байдаг.
Онцгой байдлын холбогдох газраас айл өрхүүдийг үерийн эрсдэлтэй газар амьдарч болохгүй гэдгийг удаа дараагаар сануулдаг ч иргэд үүнийг үл тоомсорлодог.
Сонгуулийн үеэр зэрэгцээд зөвшөөрөл олгогдохгүй газарт зөвшөөрөл авч иргэдийн суурьшил ч нэмэгддэг гэсэн судалгаа бий. Гол нь эрсдэл бүхий газарт Газрын албанаас зөвшөөрөл олгоод байгаа нь ноцтой юм. Тухайлбал, Биокомбинатын хавьд тэр чигтээ усан далай болчихсон айл өрхүүд эрсдэл дунд амьдарсаар байна. Үерийн аюул болоход амь нас нь дээсэн дөрөөн дээр байсаар байтал айл өрхүүд гэрээ орхихгүй, миний автомашиныг уснаас гаргаад өг гэсэн дуудлагыг хүртэл онцгойгийн албан хаагчдад өгч байсан удаатай.
Онцгойгийнхон айл өрхийг хүчээр нүүлгэж чадахгүй тул аргаа бараад “Таны амь насанд эрсдэл учирлалаа. Таныг авармаар байна” гэж гуйж аргадаж ажлаа хийдэг тохиолдол олон гардаг.
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр ирэх долоодугаар сард ихэнх нутгаар бороо хур ихтэй байна гэж гарсан. Сүүлийн жилүүдэд гэнэтийн ус ихтэй аадар борооны давтагдал нэмэгдэж байгаатай холбоотой томоохон голуудын сав дагуу суурьшиж буй малчид, тариаланчид, ард иргэд, аялал зугаалгаар явж байгаа хүмүүс үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг сануулж байна. Мөн тухайн үеийн нарийвчилсан цаг агаарын урьдчилсан мэдээг цаг тухай бүрт нь авч ашиглахыг зөвлөж байна.
Сэтгэгдэл үлдээх