Цэс Close

ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний экспортын хоригт Монгол Улс хамаарахгүй болохыг мэдэгдэв

ОХУ-ын Засгийн газрын 2023 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 1537 дугаар тогтоол гарч, түлш, шатахууны экспортыг түр хугацаанд хориглох болсонтой холбоотойгоор ОХУ-аас Монгол Улс руу ачигдах газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтэд тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байсан юм.

Тэгвэл Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Монгол Улсад айлчилж буй ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Володин өчигдөр /2023.09.24/ УИХ-ын дарга болон Ерөнхий сайдтай уулзах үеэрээ тус улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа газрын тосны бүтээгдэхүүний экспортын хориг, хязгаарлалтад Монгол Улс хамаарахгүй болохыг мэдэгдлээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг хэвийн үргэлжлүүлэх, үнийг урт хугацаанд тогтвортой хадгалах зорилгоор ОХУ-ын Роснефть компанитай удаа дараа хэлцэл хийж, нийлүүлэлтийн тасралтгүй байдлыг тогтвортой хангах боломжийг бүрдүүлээд байна.

Мөн автобензин болон дизель түлшний үнэ, хангамжийг тогтвортой үргэлжлүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 161 дүгээр тогтоолоор Аи-92 автобензинийн гаалийн албан татварыг 2022 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүртэл, автобензин, дизель түлшний онцгой албан татварын хэмжээг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус тус 0 хувиар тогтоосон бөгөөд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан Засгийн газрын 2023 оны зургаадугаар сарын 21-ний өдрийн 244 дүгээр тогтоолоор дээрх хугацааг 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл сунгасан.

Салбар яамны зүгээс цаашид түлш, шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хангах, нийлүүлэлтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд шаардлагатай арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлж байна.

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах