ОХУ-ын түрэмгийлэлд Украиныг буруутгасны дараа Трамп Зеленскийг "дарангуйлагч" хэмээжээ

Ерөнхийлөгч Трамп Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийг “сонгуулиар сонгогдоогүй дарангуйлагч” хэмээн дайрч, Украины дайны талаарх Кремлийн яриаг давтан хэлснээр, хоёр удирдагчийн хоорондын маргаан хурцадмал байдалд шилжээд байна.
Лхагва гарагт “Truth Social” сайтад бичсэн нийтлэлдээ ноён Трамп Зеленский нь АНУ-ыг хууран мэхэлж, өөрийн улсдаа олон тэрбумын тусламж авч, буруугаар ашигласан гэж буруутгав.
"Бодоод үз дээ, даруухнаар амжилтанд хүрсэн инээдмийн жүжигчин Владимир Зеленский ялалт байгуулах боломжгүй, хэзээ ч эхлүүлэх шаардлагагүй байсан дайнд АНУ-ыг ашиглан 350 тэрбум долларын дэмжлэг авсан".
"Сонгуулиар сонгогдоогүй дарангуйлагч, Зеленский хурдан хөдөлсөн нь дээр, эс тэгвээс улс оронгүй үлдэнэ шүү." гэж ноён Трамп бичжээ.
Зеленский 2019 онд 73 хувийн санал авч Украины ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тус улс Оростой хийсэн дайны улмаас 2024 оны эхээр товлогдсон сонгуулийг хойшлуулсан. Саяхан Украинд болсон олон нийтийн санал асуулгаар Украинчуудын 57 хувь нь Зеленскийд итгэж найддаг гэж хариулсан бол 37 хувь нь итгэдэггүй гэж хариулсан байна.
Зеленский лхагва гарагт "Орос улсаас болж бид маш их ташаа мэдээлэлтэй байна. Харамсалтай нь, Трамп энэхүү хуурамч мэдээллийн орон зайд амьдарч байна." хэмээжээ.
Ноён Трамп Оростой дайн эхлүүлсэнд Украиныг буруутгасны дараа Зеленский тайлбар хийсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2022 оны хоёрдугаар сард Украиныг Орос болон түүний хөрш орнуудад заналхийлж буй “неонацистууд” удирдуулж байна гэж худал хэлж, Украин руу бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлсэн.
АНУ, ОХУ-ын албаны хүмүүс энэ долоо хоногийн эхээр Саудын Арабт уулзаж, дайныг зогсоох талаар ярилцсан юм. Уулзалтад Украины албаны хүмүүсийг оролцуулаагүй байна.
Эх сурвалж: CBS
Бэлтгэсэн: Сарасвати
Сэтгэгдэл үлдээх