Цэс Close

О.Чинзориг: Монгол инженерүүд дэлхийн хэмжээний системийг бүтээж чадлаа

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлогын хүрээнд авто зам, нийтийн тээврийн хөдөлгөөн зохицуулалтад хэд хэдэн онцгой арга хэмжээ авч байгаагийн нэг нь Зам тээврийн нэгдсэн системийн тогтолцоог иргэн бүрийн хэрэглээнд нэвтрүүлэх аж. Тодруулбал, орчин үеийн технологийн шийдлийг ашиглаж, жолооч, явган зорчигч, иргэн та гар утаснаасаа авто замын ачаалал, авто зогсоолын мэдээлэл, нийтийн тээвэр, автобусны буудлын байршлыг мэдэж болохоос гадна бүх төрлийн хураамж, татвар, торгууль, төлбөрт үйлчилгээг аппликейшн, мессэжээр авч болох нь. Ингэснээр түгжрэл мэдэгдэхүйц саарна гэдгийг мэргэжлийн инженер онцолж байна. Энэ талаар Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзоригтой ярилцлаа.


-Нийслэлийн “шүдний өвчин” түгжрэлийг сааруулахын тулд нийтийн тээврийн парк шинэчлэлийг эхлүүлэхээс гадна авто замын нэгдсэн системийг хэрэгжүүлж эхэлжээ. Нэгдсэн системийн талаар иргэдэд ойлголт, мэдээлэл өгөхөөс яриагаа эхлүүлье?

-Бид Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэх цогц арга хэмжээг хэрэгжүүлээд явж байна. Үүний тулд Нийслэл, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар, хөдөлгөөн зохицуулалтын инженерүүд, Нийслэлийн авто замын газар, Нийтийн тээврийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Цахим хөгжил, мэдээлэл технологийн газар, Авто тээврийн үндэсний төв, Зам тээврийн яам, төлбөр тооцоотой холбоотой бүхий л арилжааны банк, Монгол банк, Сангийн яам, Албан журмын даатгалчдын холбоо, Нийслэлийн тээврийн цагдаагийн газар гэх мэт бүхий л аж ахуйн нэгж, албан байгуулллагуудыг нэгтгэсэн томоохон дэд  бүтэц, мэдээллийн санг бий болгоод ажиллаж байна. Энэ бүгд нэг баг болж зам тээврийн хөгжлийн системийн тогтолцоог байгуулахаар гар сэтгэл нийлж ажиллаж байгааг онцлох нь зүйтэй.

-Зам тээврийн нэгдсэн систем гэх технологийн нүсэр бүтцийг Монгол инженерүүд хийж байна гэж сонслоо. Бид Солонгос ч юм уу гадны системийг өндөр үнээр худалдаж авахаа больжээ. Энэ бол эдийн засгийн хувьд асар их хэмнэлт авчирсан ажлаас гадна зүй ёсны бахархал гэж биш гэж үү?

-Дэлхийн хотууд орчин үеийн технологийн дэвшлийг ашиглан иргэдэдээ үйлчилгээ үзүүлэх хөгжил рүү шилжиж байна. Монголчууд ч үүнээс хоцорч болохгүй. Нэг үеийг бодвол манай технологийн компани, инженерүүд гадныхнаас дутахгүй мэдлэг, ур чадвартай болсон. Энэ мэдлэг, чадамж, хүчийг бид хүний хөгжлийн төлөө ашиглана. Ингэхдээ түгжрэл сааруулах, авто замын хөдөлгөөн зохицуулалтыг сайжруулах, хотын жолоонд хэрхэн соёлтой оролцож, дүрэм журмыг иргэн бүр яаж сахих вэ гэдэгт чиглүүлж байна. Инженерүүд, үндэсний технологийн комапниудадаа итгэх цаг үеийн шаардлага үүссэн. Зам тээврийн үйлчилгээ хүртэж, замын хөдөлгөөнд оролцож байгаа машин техник, жолооч, иргэдэдээ технологийн шийдлийг ашиглан хэрхэн хурдан шуурхай, мэдээлэл, үйлчилгээ авахыг Зам тээврийн нэгдсэн систем “зааж” өгнө.

No description available.

-Манай инженерүүд замын хөдөлгөөнийг технологижуулж байна гэдэг яасан бахархалтай вэ?

Би мундагтаа биш. Манай бүх инженерүүд буюу тэргүүлэх чиглэлийн технологийн компаниуд нийлж сууж байгаад технологийн концевц гаргалаа. Хэрэв бид 100 сая ам.доллараар гадны системийг худалдаж авсан бол тухайн системээ тодорхой хугацааны дараа байнга шинэчлэх хэрэгцээ гарна. Ядаж л 3 жил тутам дунджаар 200 сая ам.доллараар сайжруулсан программыг нь авч ашиглана гэсэн үг. Энэ бүхнийг халж, үндэсний инженерүүдийнхээ чадамжид итгэснээр дээрх бүх зардлыг хэмнэнэ. Энэ бахархал мөн биз.

-Техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, программ шинэчлэл, технологийн сайжруулалт, угсралт, суурилуулалт зэрэг урсгал зардал, түүнийг дагасан ажил нэлээд гардаг. Энэ бүхнийг мөн л компаниуд өөрсдөө хариуцах уу?

-Тэгнэ. Анхнаасаа бид шаардлагаа тавьсан. Ингэхдээ тухайн технологийн компани нь засвар, үйлчилгээгээ өөрсдөө бүрэн хариуцаж хийдэг байя гэсэн. Ийм үүрэг хүлээлгэснээрээ үр ашиг нь яаж илэрдэг вэ гэхээр, тодорхой уулзваруудад камер тавилаа гэхэд сүлжээгүй болбол яах юм бэ, идэр есийн хүйтэнд, хэт утаатай үед дүрс нь яаж харагдах юм, цахилгаан тасарсан үед яаж ажиллах юм гэх мэт амьдрал, цаг агаарын нөхцөлөөс урган гарсан саад бэрхшээлийн үед доголдлоо өөрсдөө шийдвэрлэж, сайжруулж, засдаг байх нөхцөл, шаардлага тавьсан. Энэхүү төсөлд оролцогч үндэсний компаниуд зөвшөөрсөн. Тэгэхээр Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлд хэрэгжүүлэх энэхүү систем бол монголчуудын өөрсдөө хийсэн программ хангамж, техник хангамжийн цогц нийлэмж.  Мөн энэ бол авто замын хөдөлгөөний урсгалыг зохицуулж, дата үүсгэж, түүндээ үндэслэсэн мэдээллийн урсгалыг бий болгох бүтээгдэхүүн үйлчилгээ юм. Энэ нэгдсэн системээ иргэдэдээ зөв ашиглуулбал төлөвлөгөөтэй, соёлтой, эмх цэгцтэй хот болно. Түгжрэлийг даван туулсан, түгжрэлээ бууруулах бодлого ярьж байгаа гадны улсуудын туршлагаас харахад хөдөлгөөн зохицуулалтынхаа инженерүүдийн чадамжид суурилж, систем хөгжүүлэлтээ хийсэн байна. Бид ч мөн ийм л зарчмаар түгжрэлийн асуудлаа шийдэх амбийцтай.

-Энэ систем авто замын хөдөлгөөн зохицуулалтад оролцогч төрийн бүх шатны байгууллагын уялдаа холбоог хангаж чадах болов уу?

-Чадна. Цахимжсан энэ дэвшлийг ганц манайх биш дэлхийн хотууд нэвтрүүлээд, туршиж хэрэгжүүлээд, үр дүнд нь түгжрэлээ шийдэж байна.

-Нэгдсэн системийн давуу тал, дэвшлийн тухайд асууя. Авто замын хөдөлгөөн зохицуулалтыг цахимжуулснаар ямар үйлчилгээг хялбарчилж байгаа вэ?

-Улаанбаатарт 1.6 сая хүн амьдарч байна. Найман настай балчраас 80 настай буурай хүртэлх бүх иргэн өдөр бүр зорчих хөдөлгөөнд оролцдог. Нийтийн тээвэр, хувийн машин, мопид, унадаг дугуй, мотоцикль,  гээд бүхий л хэрэгслийг ашиглан зорчих хөдөлгөөнд оролцож байна.

No description available.

Нэгдүгээрт, газар зүйн мэдээллийн систем ашиглана. Энэ бол иргэн таны хүүхдийг сургуульдаа аюулгүй, хурдан шуурхай очиход туслах зорилготой, сургуулийн автобус хаана явааг харах систем. Танай гэрийн ойролцоо энэ цагт, ийм сургуулийн автобус зогсоно гэдэг мэдээллийг өгнө. Энэ системийн тусламжтай эцэг эхчүүд хүүхдийнхээ сургууль болон хичээлдээ явах цагийг оруулаад бүртгүүлчихвэл сургуулийн автобус танай гэрийн ойролцоо буудал дээр тогтсон цагтаа ирнэ. Ингэснээр хүүхдээ сургуульд нь хүргэж өгдөг ачаалал багасна. Мөн түгжрэлийг бууруулахад дэмжлэг үзүүлнэ. Зургаадугаар сарын 1-нээс бид нийтийн тээврийн мэдээллийг яг энэ газрын зураг дээрээ давхар харуулдаг болно. Ингэснээр танд хамгийн ойр автобусны буудал хаана байна, ямар ямар автобус хэдэн минутын дараа ирэхийг мэдээлнэ. Ингэснээр автобус хүлээж буудал дээр та удаан зогсох шаардлагагүй болох юм. Мөн бүх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүртгээд, дугаарын хязгаарлалт, татвар төлөлт, даатгалд хамрагдсан байдал зэрэгт автоматаар хяналт тавина. Замын хөдөлгөөний зөрчлийн торгууль, замын болон автомашины татвар хураалтыг нэмэгдүүлнэ. Зөрчилтэй тээврийн хэрэгслийг шуурхай илрүүлж, арга хэмжээ тооцох боломж бүрдэнэ. Цахим төлбөр тооцооны систем нэвтэрч, иргэдийн цаг завыг хэмнэнэ. Улаанбаатар хотод телекамерын ухаалаг системийг нэвтрүүлж, нэгдсэн хяналтын менежментийг хийснээр замын хөдөлгөөн зохион байгуулалт, тээвэр, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нэгдсэн мэдээллийн системийн тогтолцоо бий болгож, чиг үүргийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, мэдээлэл солилцох, дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах хурдыг нэмэгдүүлж, нийслэл хотын иргэдийн амьдрах, ая тухтай орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулж, аюулгүй хотыг бий болгоно гэх мэт маш олон давуу талтай. Энэ систем энэ жил ашиглалтад ороод, ирэх жил гэхэд улам боловсронгуй, ухаалаг болно. Ингэснээр авто замын ачаалал, нийтийн тээврийн нөхцөл байдлын мэдээллийн зөрүүгүй болно.

-Цахим гэрчилгээ буюу RFID системийн талаар жолооч, иргэд төдийлөн ойлголтгүй байх шиг байна. Энэ гэрчилгээ ямар давуу талтай юм бэ?

- Улаанбаатар хотын хэмжээнд  161 гэрлэн дохиотой болон дохиогүй уулзвар байна. Үүнээс 2020 онд 8 уулзварт RFID  системийн тоног төхөөрөмж суурилуулсан. 2023 онд 153 уулзвар дээр RFID тоног төхөөрөмж бүрэн суурилуулсан.  Бид зургаадугаар сарын 1-нээс энэ цахим гэрчилгээжүүлэх ажлыг эхлүүлнэ гэж тооцож байна. Хамгийн эхний давуу тал нь төрийн бүх шатны байгууллагууд мэдээллээ солилцож чаддаг болно. Жишээ нь, аркийн П шонгуудын доогуур машины зөрчил илрүүлдэг камер тавьчихсан байгаа. Тухайлбал, 0313 УНҮ гэх дугаартай авто машин явж өнгөрлөө гэхэд гэмт хэрэг, зөрчилд холбогдсон байдлыг нь шууд уншаад тогтооно гэсэн үг. Дугаараар нь таниад оношлогоо, татвар, даатгалаа төлсөн төлөөгүй мэдээллийг нь ил болгоно. Ингээд ойр байгаа цагдаад тухайн машин бүрийн бүртгэлийн мэдээллийг гаргаад өгнө. Эргээд жолооч мэдээллээр хангагдана. Нэгдүгээрт, Smartcar системийн ачаар жолооч мэдээллээр хангагдана. Өнөөдөр даваа гарагт 1, 6-гаар төгссөн машин хөдөлгөөнд оролцохгүй юм байна гэдэг мэдээллийг утаснаасаа авна. Хоёрдугаарт, нийтийн тээврийн мэдээллээ авна. Гуравдугаарт, түр замын мэдээллийг авна. Өглөө таныг гэрээсээ гарахаас эхлээд түр болон төлбөрт зогсоолын байршил харуулна. Энэ орчимд машинаа тавибал таны машиныг ачиж болзошгүй гэх сануулгыг илгээнэ. Тэгэхээр иргэдийг аль болох мэдээлээр бүрэн хангахыг зорино. Ингэснээр зорчих хөдөлгөөнд оролцоход нь дэмжлэг үзүүлэх юм. Замын хөдөлгөөнөө зохион байгуулахад дэмжлэг үзүүлнэ. Төлөвлөлт, удирдлагаа сайжруулах боломж бүрдэнэ. Дараагийн давуу тал нь, гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадна.

No description available.

-Цагдаа нар зам дээр өдөр шөнөгүй зогсдог байдал арилах нь ээ?

-Хяналт сайжирна. Урд нь Улаанбаатар хотын зам дээр өдөрт 250 орчим цагдаа гардаг байсан. Нэг хүн өдөржин зам дээр зогсохоор ядарна, эрүүл мэндээрээ хохирно, цаашлаад хяналт тавих эрч нь буурна шүү дээ. Нэг цагдаа биечлэн хийсэн хяналтаар өдөрт 10-12 машин зогсоогоод бүрэн хянадаг гэх судалгаа гарсан. 250 цагдаа нэг өдөр 2000 орчим тээврийн хэрэгслийг шалгах нь. Гэтэл Улаанбаатарт 450 орчим мянган машин хөдөлгөөнд оролцож байна. Түүний 0.5 хувь орчмыг нь биечлэн шалгаж чаддаг гэсэн үг. Энэ сиситем ороод ирэхээр 160 цэг дээр 455 уншигч, П шонгуудад суурилуулсан камер ажиллаад хяналт сайжирч байгаа юм. Улаанбаатар хотод оношлогоонд ороогүй машин өдөр бүр хөдөлгөөнд оролцоод байна гэдэг бол хэвийн үзэгдэл. RFID бүрэн нэвтэрвэл ийм бүрэн бус тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож чадахгүй болно. Их хот учраас жолооч бүр дүрмээрээ явж байж, зам дээр зохицож оролцоно. Түүнээс өнөөдрийнх нь хэн түрүүлж хөдөлсөн нь бусдынхаа урдуур дайрдаг ойлголтыг хална.

-Манай зам ухаалаг камераар бүрэн тоноглогдсон байдаг уу?

-Зам тээврийн нэгдсэн систем маань олон модультай. Орц гарцын систем буюу товчоодыг цахимжуулсан. Орж гарахад нь бүртгэнэ. Хоёр дахь модуль нь камерын ухаалаг систем. Энхтайваны өргөн чөлөөг бид 44 цэг дээр ухаалаг камераар тоноглосон. Энэ систем ашиглалтад орсноор нэгдүгээр эгнээгээр зөвшөөрөгдсөн тээврийн хэрэгсэл явах ба нийтийн тээврийн хурд 6 км цагаар нэмэгдсэн гэсэн тооцоо гарсан. Мөн хоёр уулзвар дээр хамгийн сүүлийн үеийн ухаалаг камер байршуулсан. Нэг уулзварыг гэхэд л сүүлийн үеийн 37 камераар тоноглосон.  AI  буюу хиймэл оюун ухаан ажиллаж байгаа гэсэн үг. Улаанбаатар хотын авто зам дээр 28 орчим  дүрэм мөрдөгддөг. Үүний 7-8 дүрмийг мөрдүүлж чадаж байгаа. Хуучин Замын хөдөлгөөний удирдлагын төв энэ системээр 3 дүрмийг мөрдүүлдэг. Улаан гэрэл, нэгдүгээр эгнээ, хурд хэтрүүлэлтийг мэдэрч мөрдүүлдэг.  Одоо энэ систем зогсох шугам мэдрэх, буруу эгнээнээс эргэх, утсаар ярих, улаан гэрлээр зорчих, бүсгүй зорчих  гэх мэт 7-8 дүрмийг ачаалалтай 30 уулзвар дээр мөрдүүлнэ. Ингэхэд л хотын дүрмийг жолооч бүр сахиад эхэлнэ.

-Зогсоолын хүрэлцээ муу байгаад жолооч нар бухимддаг. Зогсоолын асуудлыг шийдэх үү?

-Зогсоолийн мэдээллээр иргэдийг хангана. Нийслэлийн 74 зогсоолийн мэдээллийг бид энэ жилдээ багтаж иргэдэдээ мэдээлдэг болно. Зогсоолд зогсчихоод гарахдаа мөнгөө төлөх гэж цаг хугацаа авдаг байдлыг хална. Зогсоод гарсан бол төлбөрөө товчоод шиг дугаараараа уншуулаад гардаг дараа төлбөрт байдлаар юм уу эсвэл карттай холбох байдлаар шийдэж байна. Та нэгдүгээр эгнээнд зогслоо гэхэд апп-аар юм уу, мессэжээр цагийнхаа зөвшөөрлийг аваад зогсдог байдлаар шийдэж байгаа.

No description available.

-Энэ бүхэн түгжрэлийг бууруулахад яаж нөлөөлөх юм бэ?

-Систем ажиллаад ирэхээр Улаанбаатар хотын түгжрэлийн байдал цаг минутаар нарийн хэмжигддэг болно. Тайлан мэдээ нь гардаг болно. Ер нь бид энэ системийг бүрэн ажиллуулаад эхэлбэл түгжрэлийг эхний ээлжинд 15-20 минутаар бууруулна гэж харж байгаа. Иргэн мэдээлэлтэй болно. Дүрэм зөрчсөн машин хөдөлгөөнд орж чадахгүй болно. Камер шударга хянаж байгаа учраас замын хөдөлгөөнд соёлтой оролцдог байдал дээшилнэ. Гэмт хэрэг буурна, дата мэдээлэл дээр үндэслэн замын хөдөлгөөний удирдлагыг төлөвлөхөд шинэ дэвшилтэд нөхцөл үүснэ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах