Цэс Close

Путин Хойд солонгосын амьтны хүрээлэнд арслан болон хүрэн баавгай бэлэглэжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хойд Солонгосын хамгийн том амьтны хүрээлэнд арслан, хоёр хүрэн баавгай зэрэг 70 гаруй амьтдыг бэлэглэсэн нь Москва, Пхеньяны харилцаа улам бүр сэргэж байгааг харуулж байна.

Путины Байгаль орчны сайд Александр Козлов амьтдыг ачааны онгоцоор Хойд Солонгосын нийслэлд авчирсан гэж Козловын ажлын алба албан ёсны “Telegram” сувгаар лхагва гарагт зарлажээ.

Москвагаас ирсэн ачилтад хоёр сарлаг, таван кокаду, олон арван гургуул, түүнчлэн мандарин нугас багтсан гэж Козловын ажлын албаны хүмүүс мэдээлэв.

БНАСАУ олон мянган цэргээ ОХУ-тай мөр зэрэгцэн Украинд байлдуулахаар илгээсэн тухай АНУ, Өмнөд Солонгос мэдээлснээс хойш долоо хоногийн дараагаар энэхүү бэлгийг өгсөн байна.

Энэ явдал нь Орос улс Хойд Солонгос руу амьтад илгээж байгаа анхны тохиолдол биш юм. Энэ оны эхээр Путин Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унд 24 цэвэр үүлдрийн адуу бэлэглэсэн нь Хойд Солонгосын их бууны суманд талархалаа илэрхийлж буй хэрэг байсан юм.

Сүүлийн саруудад хоёр улс барууны орнуудын хориг арга хэмжээтэй нүүр тулгарч байгаа тул Путин, Ким нар хоорондын эвслээ бэхжүүлсэн билээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчид Украин дахь дайнд дэмжлэг хэрэгтэй байгаа бол Хойд Солонгост пуужингийн хөтөлбөрт нь туслах Оросын сансрын технологи хэрэгтэй байгаа юм.

Зургадугаар сард Путин Хойд Солонгост айлчилж, Кимтэй нэг нэгнийхээ үндэстнүүдийг "түрэмгийлэл"-ээс хамгаалах гэрээнд гарын үсэг зурснаар энэ холбоо улам бүр хүчтэй болсон.

Энэ айлчлалын үеэр Путин Кимд Орост үйлдвэрлэсэн “Aurus” лимузин, цайны багц, урлагийн бүтээл гэх зүйлсүүдийг бэлэглэжээ.

Эх сурвалж: BBC

Бэлтгэсэн: О.Янжинлхам

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах