Цэс Close

С.Амарсайхан: Үндэсний бөхийн аварга хүн журмын нөхрөө олон хүний өмнө тэгэж гүтгэж доромжлоод, ид бах болгоод инээд алдаад сууж байсан гэж эхэндээ миний санаанд ч багтаагүй

Шадар сайд, хотын дарга хоёр түнжин хагараад болохоо байсан талаар нэг хэсэг шуугилаа. Энэ талаар болон алба ажилтай нь холбоотой асуудлаар хариулт авахаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхантай ярилцлаа.


-Нийгмийн сүлжээгээр таны талаар хэсэг шуугилаа. Гэхдээ муу талын баатар болоод байх шиг?

- Тэр болгон сошиал мэдээллийг харж амжихгүй юм. Ажлаа хийгээд завгүй байх зуур надтай холбоотой элдэв мэдээллүүд явсан байх юм. Гэвч тэр шуугианаас илүүтэй ажлаа яривал дээр биш үү.

-Ажлын тухайд асууна аа. Эхлээд асуултынхаа хариуг авчихмаар байна. Арай Ц.Нямдорж гуай шиг “Манайх телевизгүй” гэж хэлэх гээгүй биз дээ?

-Зохион байгуулалттай, ардаа эзэнтэй, эзэнгүй байсныг хэзээ хойно мэдсэн л дээ. Яг үнэндээ иймэрхүү зүйлийн араас хөөцөлдөх, харж амжих зав байдаггүй. Сонсоогүй гэж худал хэлэхгүй ээ.

-Олон нийтэд түгэж байгаа мэдээлэл бүхнийг нийтэд нь гүтгэлэггэж та арай хэлэхгүй байх?

-Улс төр яваад төр засгийн ажил хийж буй хүмүүст шүүмжлүүлэх, сайн муу хэлүүлэх зүйл зөндөө л байлгүй яахав. Гэхдээ шүүмжлэл, гүтгэлэг гэдэг хоорондоо алд дэлмийн зөрүүтэй.

- Хотын дарга Сумъяабазар та хоёрын талаархи нийтийн сүлжээн дэх дайралцаан илт харагдаж байна шүү дээ.

-Нийтийн сүлжээд тиймэрхүү зүйл дээрээс хойш яваад байгаа. Миний хувьд тэр хүн рүү дайраад, дайралцаад байсан юм огт байхгүй.

-Та хоёр нь өмнө нь ямар нэг зүйлээс болж маргалдаж байсан уу. Одоогийн нөхцөл байдлыг харахад та хоёрын дунд ямар нэг том маргаан, үл ойлголцол үүссэннь илт байна шүү дээ.

-Харин үүссэн байна.

-Тэр нь юунаас болсон юм гэдгийг л асуугаад байна л даа. Та хотын даргын ажлаа өгч, Сумъяабазар авч байх үеэс эхлэлтэй юу. Эсвэл та хоёрын дунд үүссэн энэ асуудал хотын намын хорооны удирдлагын төлөөх маргаан уу?

-Хотын намын хорооны асуудлаас болж маргах юм бидэнд байхгүй. Хотын даргын ажил авч, өгөхөд ч ямар нэгэн асуудал байхгүй. Өөрөөр хэлбэл, миний зүгээс Сумъяабазартай ямар нэгэн өгөө аваа, эсвэл барьцаа, нэг бол бие биедээ үүсгэх хувь хувьсгалын өс хонзон элдэв асуудал байхгүй. УИХ, Засгийн газраас хоттой холбоотой бүх асуудлыг шийдэж байгаа. Ийм түүхэн үе өмнө нь аль ч хотын даргын үед байгаагүй. Хотын ажлаа л олигтой хий гэж хэлдэг. Өөр дундуур нь чухам юу явдгийг мэдэхгүй юм. Хотын ажлыг УИХ, Засгийн газрын дэмжлэггүйгээр хийх боломжгүй учраас энэ талаас нь хотын тулгамдаж шийдвэрлэх асуудлыг гадарлах хүний хувьд Шадар сайдын хувьд дэмждэг. УИХ, Засгийн газраас Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг дэмжиж баталсан. Концесс, бондын эрх нээлттэй болсон. Санхүү, төсвийнх нь асуудлыг урьд өмнө байгаагүйгээр дэмжиж шийдвэрлэж байгаа. Авто замын түгжрэлийг шийдвэрлэхэд зориулж 2022 онд 420 тэрбум төгрөг, 2023 онд 580 тэрбум төгрөг баталсан. Хотын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр уул уурхайн орд газрын хувьцааг хүртэл Улаанбаатар хотод өгч байгаа. Түгжрэл, хотын тулгамдсан асуудлыг засаг төрөөс шийдвэрлэхийн тулд хотод дэмжлэг үзүүлж, чадах хэрээр дэмжиж байгаа нь ойлгомжтой харагдаж байгаа биз дээ.

- Хотын дарга таныхаар ажлаа сайн хийж чадаж байгаа юу?

-Хийж чадахгүй байна гэж бодож байна. “Хотын ажлыг ингэж хийдэггүй юм аа” гэж би өөрт нь хэлсэн.

-Та хоёр хэзээ хамгийн сүүлд таарав?

-Ажил төрөл гээд ойрд таараагүй байсан. Саяхан таарлаа. Гэхдээ зорилготой таарсан.

-Зорилготой таарна гэдэг нь ....

-“Уулзъя” гэж хүнээр дамжуулж хэлсэн. Тэгээд л уулзсан.

-Уулзахдаа хэвлэл, сошиалаар яваад байгаа юмны талаар ярьсан уу?

-Тийм.

-Тэр шуугианы ард өөрийгөө байгаа гэж хотын дарга хүлээн зөвшөөрөө юу?

-Тэгсэн.

ЯАЖ ИЙГЭЭД Л НАМАЙГ ХАВ ХАР ХҮН БОЛГОЧИХ ГЭЭД БАЙХ ЮМ

-За тэгвэл бусад асуудал руу оръё. Таныг хотын дарга байхад дүүжин тээврийн ажил яригдаж эхэлсэн. Одоо түгжрэл бууруулах дээр LRT төслийг хэрэгжүүлнэ гэж хотын дарга яриад байгаа?

-LRT, дүүжин тээвэр аль алийг нь би хотод байхдаа анхнаас нь санаачилж, хийж хэрэгжүүлж байсан ажлууд. Нийтийн тээврийн цогц төлөвлөгөөг баталж байсан. Нийтийн тээврийг хөгжүүлэх асуудал бол LRT, дүүжин тээвэр, сургууль, аялал жуулчлал, ажил хэргийн зориулалттай автобусны төрлүүдийг нэмэх гэх мэтээр иж бүрэн цогц байдлаар шийдэх ёстой асуудал юм. Мэдээж цаг хуагцаа, хөрөнгө мөнгө орно. Зөвхөн дүүжин тээврээр хотын түгжрэлийг шийдвэрлэх гээд байна гэж зарим нь ойлгодог. Дүүжин тээвэр нь зорилтот хэсэгт чиглэсэн. Хамгийн бага зардалтай, эдийн засгийн хэмнэлттэй төсөл байсан юм. Гэр хороолол руу газрын хэвгий ихтэй. Тэнд амьдардаг хүмүүс ажил сургуульдаа явахааролон цаг алхдаггазрууд их бий. Тэгээд захын гэр хорооллоор дүүжин тээврийг явуулъя. Харин төв замаар LRT явуулъя. Түргэн замын автобус, ердийн тээврийн хэрэгсэл автобусыг төрөлжүүлж, богино эргэлтэд оруулж хооронд цаг, минутаар холбодог байдлаар явуулъя гэж төлөвлөж байсан. Мөн хотын автозамын мастер төлөвлөгөөтэй уялдах ёстой гэж 2030 он хүртэлх авто зам, дугуйн зам, гүүрэн замын мастер төлөвлөгөөг боловсруулж батлаад үлдээсэн. Түүний дагуу хэд хэдэн гүүр баригдахаар эхэлж байх шиг байна. Харин 2020 оноос хойш дүүжин тээврийг үгүйсгэсэн. Уг нь 2021 онд эхний ээлж ашиглалтанд оролх байсан. Гэвч одоо дүүжин тээврээ хийхээс өөр гарцгүй байдалд орчихсон явж байна. LRT хийх ТЭЗҮ-ийг боловсруулж гардуулж өгөөд явсан. Метро хийнэ гэж хоёр жил туучиж байгаад одоо буцаад LRT хийх нь зөв гэж байгаа бололтой.

-Таныг их олон газартай. Зайсангийн аманд хувийн барилга байшин барилаа гэсэн....

-Би хувийн бизнес хийж байхдаа ч, улс төрд орсноос хойш ч ямар нэгэн байдлаар хууль зөрчиж, хулгай хийж, давуу байдлаар улсын тендер авах гэх мэт зүйл огт гаргаж байгаагүй. Хувийн бизнес гэдгийн хувьд намайг улс төрд орохоос өмнө би болон манай ах дүү, гэр бүл бусдын адил зах зээлийн өрсөлдөөнд орж, эрвийх дэрвийхээрээ л ажиллаж, бүтээн байгуулж, хууль журмын хүрээнд бизнес, аж ахуйгаа явуулж, унаж босч, ажил амьдралаа босгосон хүмүүс. Манай гэр бүлийн компани, аж ахуй 1990 оны үед байгуулагдсан. Бараг 33 жил үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд мөн л бусдын жишгээр хууль журмын дагуу хөөцөлдөн газар авч, бүтээн байгуулалт хийсэн. Олон нийтийн цогцолбор төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Гэтэл 30 жилийн өмнө авсан газар, барьсан байшинг одоо гаргаж тавьж байх жишээний. Одоо манай гэр бүл, үр хүүхдийнхээ нэр дээр авчихсан гэж яриад байгаа газар, байшинд манай гэр бүл сүүлийн 12 жил ажиллаж, амьдарч, аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа. Гэтэл би тэр үед улс төрд сураг ч үгүй байсан шүү дээ. Төрийн албанд ороод удаагүй байна. Хэн нэгэнд давуу байдлаар газар олгосон асуудал ч байхгүй. Ер нь тэгээд хөдөлмөрлөж зүтгэж, аливаа асуудалд хүлээцтэй , хүндэтгэлтэй хандаж ирсэн атал улс төрд орсноороо буруудаж, гүтгүүлж, харин аргатай, хортой, төрөөс төрсөн жинхэнэ луйварчид нь хождог нийгмийг бид хүсээгүй биз дээ.

-Зарим хэвлэл эхнэрийн чинь нэр хувьцаа эзэмшигчийн дунд байгаа талаар баримт дэлгээд байсан.

-Намайг яаж ийгээд нийгэмд хав хар хүн болгочих гээд үзээд байх юм. Ийшээ харсан ч буруу, тийшээ харсан ч буруу гээд л. Миний эхнэрийн нэртэй гэрчилгээний зургийг хүртэл фотошопоор хийж тарааж ч байх шиг. Хүнийг шүүмжилж болно. Би хангалттай шүүмжлүүлж, өөрөө ч тэрийг нэг их тоохгүй яваад байсан хүн. Гэхдээ ингээд гэр бүлийн хүнийг маань хүртэл оролцуулж гүтгэх чинь увайгүй муухай зүйл шүү дээ.

-Хэрвээ фотошоп юм бол та хуулийн байгууллагад хандсан уу?

-Би шүүх хуулийн байгууллагад тэр бүр хандаад байдаггүй л хүн. Гэхдээ энэ болон бусад асуудлаар хууль шүүхийн байгууллагад хандсан байгаа. Зөвхөн сэтгүүлчид ч биш, тэдний ард байдаг улс төрийн албан тушаалтнуудыг ч өгсөн байгаа. Өөр арга ч алга. Алийн болгон тэвчиж явах вэ дээ.

-Та нэлээд хэдэн байгууллага, хувь хүнийг шүүхэд өгчээ. Харин таныг шүүхэд өгсөн газар, хувь хүн байна уу?

-Шүүх дээр зөндөө дуудагдаж байгаа. Тухайлбал өөрсдөө зөвшөөрөлгүй хашаа хатгачихаад үүнийгээ наймаалдаг нөхөд миний эсрэг зохион байгуулалттай баахан явсан гэх мэтийн явдлууд байна. Уг нь албан тушаал аваад нэг л зарчим өөртөө тавьсан юм. Нэгэнт төрийн албанд ажиллаж л байгаа бол хувь, хувьсгалын ажлыг холихгүй, хулгай хийж, хууль зөрчихгүйгээр ажиллана гэж. Яагаад гэвэл би амьдрал ахуйгаа хөл дээр нь босгох гэж хар багаасаа өдөр, шөнөгүй хөдөлмөрлөсөн хүмүүсийн нэг. Бизнес эрхэлж, хөдөлмөрлөснийхөө үр шимийг ч хүртсэн. Тийм ч учраас анхнаасаа төр, түмэндээ шударга зүтгэнэ гэсэн зарчимтай ажиллаж ирсэн .

-Сэтгүүлч эмэгтэй тантай шүүх дээр уулзах гэтэл та ирэхгүй байгаа юм биш үү?

-Тэр чинь би өөрөө шүүхэд өгсөн хүн байгаа юмаа. Одоо яригдаад байгаа санаанд оромгүй доромжлолыг анх гаргаж тавьсан хүн. Цагтаа эх орон, газар шорооныхоо төлөө тэмцэж, өнөөдрийн бидний эдэлж, цалгиж яваа эрх чөлөө, тусгаар тогтнолыг авч ирэхэд амь насаа зориулсан өвөг дээдсийг минь, дараа нь энх цагт эх орны бүтээн байгуулалтанд залуу нас, халуун сэтгэл, бүлээн хөлсөө зориулсан эцэг эх, удам судрыг минь эрээ цээргүй гүтгэж, доромжилсон. Миний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч хууль журамд заасны дагуу шүүх хуралдаанд орж, хохирогч намайг бүрэн төлөөлөх эрхтэй. Гэтэл шүүх хурал нь болохгүй, тэр нь миний буруугаас болсон юм шиг л ахиад шуугиан дэгдээх юм. Тийм үндэсбайх ёсгүй. Ганц энэ бүсгүй ч биш өөр хоёр, гурван сэтгүүлч бас шалгагдаж байгаа. Бас л энэ “кампанит ажлынхаа хүрээнд” яригдаад байгаа нөгөө хэсэг гүтгэлэг, бусармаг яриануудыг нь гаргасны төлөө би хууль шүүхэд өгсөн юм. Ер нь сэтгүүл зүйн салбарыг ямар болгож байгаагаа ч анзаарахгүй хүн гүтгэж, доромжлоод, салбарынхаа нэр хүндийг унагаж байгаа хэд гурван сэтгүүлч л байгаа. Сэтгүүл зүй бол аль ч нийгмийн толь. Мэргэжлийн түвшинд зөв шүүмжлэл өрнүүлдэг сэтгүүлч нар олон бий. Дунд нь бусдыг гүтгэж, бусдын ажил амьдралд эрээ цээргүй ханддаг, түүнийгээ амьдрах аргаа болгосон цөөхөн хэсэг бас байгаад байна. Олон түмэн маань ялгаж салгах байх аа. Ёс зүйтэй сайн сэтгүүлчид нь нийгмийн төлөөх ажлаа хийгээд л явж байгаа.

-Хэлэхэд эвгүй, цаашилбал хэрээс хэтэрсэн гэмээр, хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл яваад байгаа?

-Захиалсан эзэн нь тодорхой асуудлыг дэлгэрэнгүй ярих хэрэг байна уу.

-Нэгэнт ам нээснийх үнэн, худал аль нь болох вэ гэдэгт тайлбар өгсөн нь дээргүй юу?

-Харин одоо ярьдаг болдог ч юм уу гэж бодох болсон шүү. Гэхдээ тэгэж сураагүй болохоор нэг л мэдэхэд хоног хугацаа харавсан сум шиг өнгөрчих юм. Шадар сайдын эрхэлж буй ажил нэг их олны өмнө гараад л, бүтээн байгуулаад л яваад байх ажил биш юм л даа. Гэхдээ жилийн дөрвөн улирал эхлэл, төгсгөлгүй үргэлжилсэн их ажилтай алба. Урдах ажлаа хийчих гээд л зүтгэж байх зуур янз бүрийн юм их боллоо. Ажил үүрэгтэй холбоотой бол намайг шүүмжлэх нь чөлөөтэй шүү дээ. Шүүмжлэх ч ёстой байх, миний хийсэн ажлуудыг сайшаах нэгэн байхад дургүйцэх хүн ч байж таарна. Гэлээ гээд нийгэм урагшилж, хөгжиж л байдаг. Харин хил хязгаараа давсан доромжлол байж болохгүй. Хүний гэр бүл, үр хүүхэд, удам судрыг үндэслэлгүй гутаахыг хил хязгаар давлаа гэж би хэлж байгаа юм. Үнэхээр хэрээс хэтэрсэн байна лээ. Сүүлд олж мэдсэн л дээ. Их л сүрхий зохион байгуулалттай, бэлтгэлтэй, төлөвлөгөөтэй ажилласан байна билээ. Амьдралд хөлөө олох гэж яваа охин үр, учир мэдэхгүй хүүхдийг увайгүй улс төрдөө хутгаж яаж чадав. Түрүүн дурддаг сэтгүүлч бүсгүй бурхан болсон аавыг минь, залуу нас халуун сэтгэлээ Налайхын уурхайн бүтээн байгуулалт улс орны аж үйлдвэржилтэд зориулсан буурлыг маань юу гэсэн гээч. Амнаас багтаж гарахгүй байна. Тэгчихээдбас намайг шүүх хуралд ирэхгүй байна гэж нэмж даапаалж, ханхалзаад л. Түүний оронд уучлалт гуйсан бол өөр хэрэг. Хүний үнэр, мөс чанар хаачсан юм бэ гэж бодогдох юм, заримдаа. Улстөрчийн гэхээсээ илүүтэй эр хүнийхээ хувьд, аавын хүүгийн хувьд, өрхийн тэргүүн эцэг хүний хувьд би энэ бүхнийг залруулж, үндэслэлгүй гутаагдсан гэр бүлээ хамгаалах үүрэгтэй. Тиймээс би өнгөрсөн есдүгээр сараас хойш цагдаа шүүхэд хандсан. Энэ явдлын үнэн мөнийг тогтоож, эзнийг нь олж өгнө үү гэж хандсан юм. Эхнээсээ тодорхой болж байх шиг байна л даа. Улс, аймгийн иргэний бүртгэл, өвгөд хөгшид, аав ээжийнхээ унасан төрсөн нутаг, ажиллаж байсан газар, архивын тодорхойлолт, хүн амын 1923, 1945 оны тооллого гээд бүхнийг гаргаж ирсэн. Аав маань Увс аймгийн Бөхмөрөн, ээж Увс аймгийн Давст сумын харьяат, дөрвөд угсааны хүмүүс байна гэдгийг мөрдөн байцаалтын бүх баримтаар нотоллоо гэж гарсан байна лээ.

-Олон дахин асуугаад байхад нэг л тодорхой ярихгүй байгаа зүйл рүү дахиад оръё. Хотын дарга Сумъяабазар танаас уучлал гуйж байна гэсэн бичлэг гарсан. Та хоёр цаашдаа ойлголцоод явж чадахаар болсон уу?

-За одоо, товчхон ярьчихдаг юм уу. Тэгээд энэ сэдвийг хаая, тэгэх үү?. Надад ойлголцохгүй гээд байх юм алга. Бид бүр нүүр тулж уулзсан гэж хэлсэн шүү дээ. Сая хэлсэн хоёр, гурван сэтгүүлчийг хуулийн байгууллагад өглөө энэ тэр гэсэн дээ. Тэдний авч давхисан тэр хүн үнэмшимгүй, увайгүй яриануудыг Хотын дарга өмнө нь Нийслэлд болсон цагаан сарын золголтын үеэр өөрөө ярьсан байдаг юм. Өдий өндөр алба хашиж байгаа төдий насны эр, цаашилбал үндэсний бөхийн аварга хүн нэг зорилгод мөр зэрэгцэн яваа журмын нөхрөө олон хүний өмнө тэгэж худлаа доромжлоод, ид бах болгоод инээд алдаад сууж байсан гэж эхэндээ миний санаанд ч багтаагүй. Гэхдээ золгуутаар ирсэн олон хүн сонссон, бодитой л болсон явдал. Эхлээд би уулзъя гэсэн ч тойроод байв. Тэгснээ гэнэт өөрөө уулзахаар болоод бид нүүр тулж ярилцсан. Миний гэр бүл, гэргий, охиноос минь цаашлаад олон нийтээс өөрийн биеэр хүлцэл өчиж, уучлалт гуйна гэдгээ амалсан. Би ч “ улс орны эв нэгдэл гэдэг улс төрийн нөхдөөс их шалтгаалах учраас нийтэд залруулга хийж уучлал гуйвал удам судар, охин үр, гэр бүлээ гүтгүүлсэн ч гэсэн нэг удаа уучилна аа” гэж би хэлсэн. Тэгээд тэр амалснаа биелүүлж байгаа нь тэр байх. Гэхдээ ажил албанаас болж муудсандаа уучлал гуйлаа гэсэн байна лээ. Ер нь ажлаас болж аль хүнтэй элдэв болохыг тэр гэх вэ, гэлээ ч тэрийг дараа нь бодоод явдаг хүнбайдаг гэж үү. За одоо яахав, бөх хүний угсраа мэх гэж ийм юм зүйл байдаг юм байлгүй. Барин тавин худлаа хэлж, бултаж, булзаад байгааг нь харахаар эр хүний хувьд өмнөөс нь жаахан харамсаж, урам хугарч л байна. Үндэсний бөхийн аварга, жудаг мудаг л ярьдаг хүн шүү дээ. Ээжүүд, охидыг хайрлан хамгаалж, эрчүүд, хөвгүүдийг үлгэрлэн манлайлж, байх ёстой хүн. Ажилдаа ч анхаармаар. Хотын ажил гэдэг чинь анхаарал салгах ч боломжгүй, маш их завгүй, нүсэр ажил үүрэгтэй байдаг. Их ажлын хажуугаар энэ их хэрүүл уруул хэнд ч хэрэгтэй байдаг юм. За, за ингээд болхи уу даа, энэ яриаг.

- За тэгье ээ. Ярианы сэдвээ өөрчилье. Цар тахлын үед товчоон дээр хүн эрсдэж, ээж нь охинтойгоо уулзаж чадахгүй амь насаа алдаж байхад улаан бүс рүү таны гэр бүлийн хүн нэвтрээд, дараа нь тусгаарлагдахгүй ажлаа хийгээд явж байсан. Энэ талаар ямар тайлбар байна?

-Энийг жаахан он цагтай яриад үзье. Тэр харамсалтай хэрэг явдлууд намайг УОК-ын ажлыг авахаас өмнө 2020 оны 11 дүгээр сард гарсан юм байна лээ. Би биеэ өмөөрөх гээгүй, зүгээр болсон явдлыг ярих гэж оролдож байгааг ойлгоорой. Би Шадар сайдын ажлаа 2021 оны хоёрдугаар сарын 1-нд авсан. Ажилдаа оронгуутаа саяын хоёр эмгэнэлтэй явдлаас улбаалаад цаашид давтагдахаас сэргийлж хочр шийдвэр гаргасан. Эхнийх нь гэрээр тусгаарлах боломж. Тэр үед хөл хорионы дараа ХӨСҮТч халдвар авсан хүмүүсийг хүлээн авах хүчин чадалгүй, хүмүүс үй олноороо эндэх эрсдэл бий болсон байсан. Тухайн иргэн өөрөө гэрээр тусгаарлагдахыг зөвшөөрвөл эмийн багц хүргүүлж аваад тусгаарлагдана. Энэ шийдвэр 2021 оны хоёрдугаар сарын 26-ны өдрөөс хойш хэрэгжиж эхэлсэн байдаг. Үүнтэй зэрэгцэж гарсан хоёр дахь шийдвэр нь эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүс сахиур авах боломжийг нээсэн. Тэр үед хавдар гэх мэт хүнд өвчтэй, хуучтай хүмүүс их хүндэрч байлаа шүү дээ. Энэ хоёр журам гарч, хэрэгжиж эхэлсний бүр дараа буюу гуравдугаар сарын сүүл үеэр манай хадам аав ковидын халдвар авсан юм. Нас ная гарсан, хоёр гурван удаа харвасан аавыгаа гэргий маань долоо хоног тусгаарлалтанд орж гэрт нь сахисан. Гэтэл хадам ээж бас халдвар авлаа. Биеийн байдал хүнд, өндөр настай хоёр хөгшин эмнэлэгт зайлшгүй хүргэгдэхээсаргагүй болсон. Нэг нь өөрөө явж чадахгүй хоёр хөгшнийг эмнэлэгт хүргэх туслалцаа хэрэг болж, гэргий маань хамгаалалтын хувцастай хүргэчихээд, халдвар аваагүй ч эмчийн заавраар буцаж аав, ээжийнхээ гэрт өөрийгөө 14 хоног тусгаарласан. Гэтэл хүмүүс өмнөх хоёр явдалтай харьцуулаад шуугичихсан юм. Миний УОК-ын дарга байсан маань л буруудаж байна л даа.

-Та тэр үедээ ийм тайлбар хийгээгүй, нэг бүрхэг юм яриад л өнгөрчихсөн санагдаж байна...

-Ер нь тэр үед чинь ингээд хэл ам хийгээд зогсож байх манатай л байсан шүү дээ. Уг нь хэлэх гэж оролдсон. Товч тайлбар хийж л байсан. Гэхдээ сэтгүүлч нар маань сэтгэлийн хөдөлгөөнтэй, аливааг урьчилж дүгнэчихээд хүнтэй уулздаг тал ажиглагдах юм.

-Хотын дарга байхдаа 900 сая төгрөгийг урамшуулал гэж тараасан асуудал бас байгаа....

-Мөн л ковидын үед шүү дээ. Бас сайжруулсан түлш анх удаа нэвтрүүлж байсан үе. Тэр үед төрийн бүх албан хаагчид гэртээ ч харих завгүй цар тахалтай “тулалдаж” байсан. Дээр нь хотын утааг багасгах ажил ид өрнөж, нийслэл даяараа өдөр, шөнөгүй бүгд илүү цагаар ачаалал ихтэй ажилласан. Төр засгаас гаргасан шийдвэрийн дагуу олон хүнийг урамшуулж байлаа. 1000 орон сууцны урамшуулал ч явсан шүү дээ. Тэр л журам, тогтоолын хүрээнд нийслэлд ажиллаж, цар тахлын дэглэм дунд зүтгэж явсан нийт хүнийг бүх шатанд зохих ёсоор урамшуулсан хэрэг. Иргэдийн хурлын шийдвэрийн дагуу. Тэрнээс биш би гэнэтхэн нэг өглөө сайннайзуудаа дуудаж авчирснаа улсын мөнгийг тараагаад сууж байна гэж юу байх вэ. Аливаад жаахан логиктой, цаад учир шалтгааныг нь ухаж, сонирхож хандмаар байгаа юм.

ОДОО БОЛТОЛ ТЭР ЧУЛУУНУУДААР “ШИДҮҮЛСЭЭР” Л БАЙНА

-Таныг хотын дарга байхад гарсан гурван асуудал таны нэртэй байнга хамт яригддаг. Талбайн өмнөх усан оргилуур, чулуу, дүүжин тээвэр. Баахан мөнгө зарсан дэмий шахуу ажил болсон биш үү?

-Илэн далангүй ярихыг оролдъё оо. Би тэр бүр гарч ирээд “энэ чинь тийм юмаа” гэж ярихдаа тун маруухан хүн юм. Хаашдаа л хүмүүс мэднэ, ойлгоно. Цаг хугацаа, үнэн хоёр ялгаа салгааг нь гаргаад хэлээд өгнө гэж орхидог, бас улс төрийн ажлыг сонгосны золиос нь юм уу ч гэж боддогтой холбоотой байх. Гэтэл бас тийм биш юм. Усан оргилуурын тухайд гэвэл тэр хэсэг өөрөө цогц зохицуулалтын ажлын даалгавар юм л даа. Ногоон байгууламж, иргэдийн алхаж, зугаалах харгуй зам, амрах хэсэгтэй, боловсон бие засах газартай, тэгээд усан оргилууртай, дэргэдээ концерт тоглодог, хүмүүс дуртай үедээ очиж зугаалдаг задгай талбайтай. Зүлэг нь цаашид бусад бүх газарт жишиг болох усалгааны системтэй төлөвлөгдөөд тохижуулж дууссан талбай юм. Яагаад тохижуулав гэхээр, өмнө нь тэр газрыг ХХБ-ны нэгэн компани эзэмшээд хэнийг ч ойртуулдаггүй, өөрсдөө ч өөд нь татдаггүй байсан. Жишээ нь Улаанбаатар хотоос 1.5 тэрбум төгрөг гаргуулж машины зогсоол хийлгэчихээд орлого мөнгийг нь өөрснөө авдаг газар болгоод олон жил болсон байсан. Тэр бүү хэл уг газрыг банкинд 10 сая долларын барьцаанд тавьсан байсан шүү дээ. Ер нь бодоод үз дээ. Төрийн ордон, төв талбайнхаа урд хэсгийг нэг хувийн компанид байлгаад, зогсоолыг нь төрийн мөнгөөр хийж өгчихөөд, ашиг орлогыг нь тэд хүртдэг, дээр нь ямар нэгэн өндөр байшин барихыг нь хүлээгээд байж таарахгүй биз дээ. “Газар мундсан биш. Өөр газар өндөр барилгаа барь. Энэ хэсэг газрыг нийтийн эзэмшилд нь үлдээе” гэж би зүтгэсэн юм.

“Blue sky”барилгын зүүн хойд буланг санаж байгаа биз дээ. Хүн дарж алах шахсан хашаа, хэдэн самбар л далбайгаад байж байдаг байсан газрыг ч бас буцаан авч тохижуулсан. Одоо “Ухамсар” хөшөө байгаа талбайг хэлж байна. Энэ талбай, усан оргилуур хоёр зэрэг эхлээд зэрэг шахуу дууссан. Тэр үед ганц энэ биш олон газрыг буцаан нийтийн эзэмшилд авсан. Улаанбаатар зочид буудлын урд талын цэцэрлэгт хүрээлэн, Гутлын 22-ын хойд талын, ТЕГ-ын урд талын цэцэрлэгт хүрээлэн, Драмын театрын урд талбай гээд. Бас Хөрөнгийн бирж, Голомт хоёрын голоор ордог хоёр урсгалтай зам байдаг даа. Тэр замыг тэр чигээр нь энэ компанид 2009 онд өгчихсөн байсан. Ирсэн хотын дарга нар сунгаад яваад байдаг. Арван хэдэн давхар өндөр барилга барихаар зураг төсөл хийчихсэн байсан шүү дээ. Цаашлаад бас төмөр замын цэцэрлэгт хүрээлэнг АТГ-т ажилчдын орон сууцны зориулалтаар өгчихсөн байсныг авч тохижуулсан. Богд хааны музейг АПУ-тай хэрүүл хийж байж буцаан авч нэг га газрыг тохижуулсан. Дүнжингарав худалдааны төвтэй бас л хэрэг зарга хийж байж 5 га газрыг буцаан авч, 133 дугаар сургуулийг бариулсан. Сансар, Хилийн цэргийн баруун талд барилга барих гэж байсан талбайг ч буцаан авч иж бүрэн тохижуулсан. Хэн нэгний эзэмшил гээд хашигдаад барилга байшингаар дүүрэх байсан энэ газрууд одоо бүгдээрээ л нийтийн эдэлбэр, иргэдийн алхах, зугаалах, зорчих газрууд болсон шүү дээ. Би нийслэлд байхдаа нийт 240 гаруй олон нийтийн газрыг хувь хүмүүст эзэмшүүлсэн байсныг буцаан тусгай хэрэгцээнд авсан байдаг юм.

-Нөгөө талаас маргаан хэрүүл гарсан уу?

-Бөөн л юм болж байсан. Газруудаа буцааж авна гээд шүүхэд ч өгсөн. Олон нийтийн газрыг олон нийтийн зориулалтаар нь л ашиглах ёстой гэдэг байр суурь дээрээ би хатуу байсан.

-Гэхдээ усан оргилуур яагаад бараг ажилладаггүй юм бэ. Усыг нь машинаар зөөгөөд байсан биз дээ?

-Ажиллалгүй яахав дээ. Харин ажиллуулахгүй, ажилладаггүй мэт харагдуулах сонирхол бас байдаг юм байна. Би өөрийнхөө хийсэн ажил болгоныг зөв шилдэг гэж хэлэх гээд байгаа юм биш. Мэдээж алдаа оноо байсан биз. Тэр ус зөөдөг гэдэг ярианы тухайд бол, анх барилгын ажлын дараа ашиглалтанд өгөхөөс өмнө шавар шавхайг нь өндөр даралттай усаар цэвэрлэж, хог шаврыг нь соруулсан юм байна лээ. Ер нь тэгээд барьсан байгуулсан зүйлдээ байнга л арчилгаа цэвэрлэгээ хийж байж өнгөтэй өөдтэй байна шүү дээ. Айл гэр цонх хаалгаа цэвэрлэдгээс ялгаа үгүй. Мөн тэр тохижилтын ажил гэнэтхэн миний санаанд ороод л, би ганцаараа гэнэт хийж эхэлнэ гэж байхгүй шүү лээ. Тодорхой үүрэг даалгавар гэж байна, төсөв мөнгийг нь ч олон төлөөлөгчбатална. Харин би даалгасан ажил, тавигдсан зорилго, зорилтыг л сайн гүйцэтгэх үүргээ биелүүлнэ. Засаг даргын ажил бол хурлаас батлагдсан төсөв,хөтөлбөрийн биелэлтийг хангуулах гүйцэтгэх ажил байдаг.

-Тэгвэл дөрвөлжин цагаан чулуунуудаа юу гэх вэ?

-Тэр чинь “Төв талбайн аюулгүй байдлыг хангах” гэсэн зорилгоор Төрийн тусгай хамгаалалтын газраас санаачилж, хийгдсэн ажил юм. Би тавьсных нь дараа мэдсэн. Мэдчихээд тухайн үед болиулсан. Тэглээ гээд буталж хаялтай биш, хэрэгцээтэй газраа хэрэглэгдээд явж байгаа биз. Ямартай ч төв талбайгаа тэгэж эвгүй бүслүүлээд хэрэггүй гэж болиулсан. Хүмүүс надтай холбоод хочлоод л байдаг юм. Би бас тэрний араас хүртэл гарч ирж тайлбар юм хийгээд хэрэггүй л гэж бодоод өнгөрсөн. Гэтэл одоо болтол тэр чулуунуудаар “шидүүлсээр” л байна.

-Таны ард Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазарын ард Л.Оюун-Эрдэнэ байна. Нам дотор “зодоон” болж байна гэсэн юм яриад эхэлсэн. Ингэхэд та аль фракцад хамаарч байна?

-Фракц гэх юм юу байх вэ. Үеийн хэдэн нөхөд л анх л энэ улс орны асуудлыг болохгүйг засч залруулъя гэж 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хамт ярилцаад асуудлыг хууль хяналтын хүрээнд асуудал ярья, Сандуйг нь огцруулъя, хотоо цэвэрлэе, засгаа цэвэрлэе, тэгэхгүй бол жинхэнэ мафи сүлжээний гарт орлоо. Эрдэнэтийн 49 хувь яригдаж байсныг санаж байгаа байх. Өчнөөн асуудлууд яригдчихсан явж байсан. Тэрний, энэний гэх юм бидэнд байхгүй. 60 тэрбумын асуудлыг гаргаж тавьж, болохгүй зүйлийг таслан зогсооё гэхэд би анх гарын үсэг зурж дэмжиж байсан. 2017 оны улс төрийн асуудал нийслэлээсээ эхэлж байсан түүхтэй. Өнөөдөр ч гэсэн тэр тэмцэл үргэлжилж байгаа. Засгийн газрын үйл ажиллагааг харж байгаа байх. 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдоод Эрдэнэтийн Медипас эмнэлэг, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн асуудлыг хөндөж, алдсан өмчөө төр буцаан авсан. Дараа нь ипотек нэртэй том луйврыг ил болгосон. Шийдэх ёстой асуудал. Хэн хамгаалж, хэн гацааж, хэн тэмцэж, юу ярьж байгааг та бүхэн харж л байгаа. Энэ бүх гүтгэлэг гүжирдлэгүүд шалтгаангүйгээр зүгээр нэг яваад байгаа зүйл биш. Нэгэн ухвар мөчид эрийн болчимгүй үг, үйлдлээс болж нийгмийнхээ ч ухамсар, үнэт зүйлийг дордуулж байгаа ийм явдал гараад буйд олон нийт, иргэдээсээ бас уучлал хүсч байна.

-Бургас хядсан талаараа юу гэж хэлэх вэ?

-Манай ахын байгуулсан компани 2007 онд газар авсан асуудалд холбогдоод нэлээд шуугисан. Тэр компани одоо байгаа. Гэхдээ тэр газрыг аль 2010 онд бусдад шилжүүлсэн байдаг юм. Гэтэл баримт бичгийн бүрдэл дээр нэг будилаан, тотгор үүсээд ингээд хэл ам болоод яваа юм. Сэтгүүлч нар маань үүнийг сайн сурвалжлаад учрыг нь гаргаад өгөөсэй гэж олон удаа хэлж байсан. Тэрнээс биш бургас хядаад буруутай үйл ажиллагаа явуулсан бол өөрийн ч бай, өрөөлийн ч бай өмөөрөөд байх зүйлгүй. Хууль зөрчсөн бол хуулийн дагуу асуудал яригдаад явах ёстой.

-Боловсролын сангийн зээл гээд манайхан шуугилаа. Таны хүү бас тэр зээлээр сурсан тухай яриа гарч байсан.

-Бид ирээдүйд бие даасан хариуцлагатай, иргэнтэй, эрх тэгш боломжийг хуваалцах нийгмийг бүтээх гэж зорьж байгаа хүмүүс. Иргэд бухимдаж байгаа асуудал бий. Би ч гэсэн тэгж л хандах байсан байх. Энэ тохиолдолд албан тушаалын хувьд нөлөөлөөд хийсэн зүйлгүй. Энэ хөтөлбөрт нь орсныг нь ч анзаараагүй. Өөрөө орлоо, тэнцлээ л гэсэн. Тэр чинь бас л амжилт шүү дээ. Олон аавын хүүхдийн дунд өрсөлдөж байр эзэлнэ гэдэг аав, ээжийнхээ хувьтд бахархалтай л явдал. Гэтэл би бас л албан тушаалтай байгаа нь буруудсан. Тэгээд энэ зээлээс татгалзсан л даа.

ТАТАН БУУЛГАСАН ШАЛТГААН БОЛ МХЕГ ГЭДЭГ ХАДНЫ МАНГААГААР ХҮНИЙГ АЙЛГАДАГ БИШ, СТАНДАРЫГ НЭГДҮГЭЭРТ ТАВЬДАГ БОЛГОЁ ГЭЖ БАЙГАА ЮМ

-Шадар сайдын албаны хүрээнд хамаардаг Мэргэжлийн хяналтын байгууллага байхгүй болчихлоо. Энэ байгууллага хэрэгтэй, байсан, хэрэггүй байсан гэж ирээд л ярьж байна л даа...

-МХЕГ байгуулагдсан цагаасаа хойш сайн ажилласан. Үүргээ гүйцэтгэсэн. Гэхдээ хангалттай байгаагүй. Бүрэн мэргэшээгүй. Хоёрт, цаг үеийнхээ нөхцөл байдал ирээдүйн хэрэгцээ шаардлага, нийгмийн шаардлага, хэтийн хөгжлийн бодлого зорилттой уялдахгүй байгаа юм. Тийм учраас татан буулгасан. Бодлого, хэрэгжилт, хяналт гурав цуг байх ёстой. Тухайлбал Барилгын яам бодлогоо гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэтэл хэрэгжилт дээр нь тавих хяналтыг МХЕГ хариуцахаар яамтайгаа хамтран ажиллах уялдаа холбоо алдагдаж ирсэн байгаа юм. Өөрсдөө мэргэжлийн биш хүмүүс яаж бусдаас мэргэжлийн байхыг шаардах вэ. Тэгээд авлига, хүнд суртал цэцэглэсэн газар болж хувирсан. Татан буулгасан шалтгаан бол МХЕГ гэдэг хадны мангаагаар хүнийг айлгадаг биш, стандарыг нэгдүгээрт тавьдаг болгоё гэж байгаа юм.

-Жаахан тодруулаач...

-Дэлхий ертөнцийн хөгжлийн үндэс нь ерөөсөө стандарт. Герман, японууд л ухаантай, бид ухаан муутайдаа ингээд сууж байгаа хэрэг биш шүү дээ. Бодлого, төлөвлөлт, хэрэгцээ шаардлагатай хууль журам гээд бүгд л байна. Харин хэрэгждэггүй. Яагаад гээч. Стандартыг л мөрдөхгүй, хэрэгжүүлэх сахилга бат, зохионбайгуулалтыг хийж чадахгүй байгаа юм. Бид ийм л байсаар ирсэн. Дарга гарч ирээд л “За гүүрийг чинь тавиад өглөө, гудамжинд чинь гэрэл хийлээ” гээд баатар болоод явдаг. Гэтэл тэр нь орчин цагийн наад захын хэрэгцээ, шаардлага буюу энгийн бөгөөд өдөр тутмын л нэг стандарт хангуулах, мөрдүүлэх ажил байх жишээтэй. Эндээс иргэд маань стандартын тухай маш сайн ойлголт, мэдээлэлтэй байх хэрэгцээ, урган гарч байгаа биз?. Мэдээж тийм стандарт гэж цээжлэхийг хэлээгүй. Зүгээр “стандартаа мөрд” гэдэг шаардлагыг тавих, тухайн тохиолдолд ямар стандарт хэрэгжих ёстойг ороод харчих хэмжээний дадлыг хүн бүр мэдээсэй, хэвшүүлээсэй гэж хүсэж байгаа юм. Тэгсэн байхад иргэд дарга, гишүүн, сайдаас “ёстой сэтгэлтэй хүү” гэсэн барьцгүй, баримтгүй, ойлгомжгүй юм хүлээж, эзэнгүй хариуцлага нэхэх биш “стандартад ингэж заасан байнаа, энийгээ хий” гэдэг л энгийн тогтолцоогоор зовлон болсон асуудлаа шийдвэрлэж чаддаг болж хувирна. Ингэсэн бахад их богино хугацаанд том өөрчлөлт гарна шүү.

-Тэгвэл тэр стандартын хэрэгжилтийг хэн хянах юм бэ?

-Бид Стандарт, хэмжил зүйн газарт олон ажил өрнүүлж байгаа. Олон нийтэд танилцуулагдаад явж байна. Цаашид ажлыг улам эрчимжүүлнэ. Энд тэндээс сэглэж яриад яахав. Ер нь стандарт гэдэг чихний хажуугаар өнгөрч байдаг албархуу нэгэн үг битгий байгаасай, мөн хүнд суртал байж болохгүй талаас нь ярья. Стандарт бол эмх цэгц, эрэмбэ дараатайгаар асуудлаа шийдэх арга барил гэж хэлж болно. Стандартын ялгааг бид өдөр бүр хардаг, бүр харьцуулж хэрэглэдэг шүү дээ. Гадаадын франчайз хүнсний жижиг дэлгүүр маш олноор нээгдэж байна. Кофешопууд ч бас франчайз. Амжилт олоод байгаагийн шалтгаан гэвэл ердөө тэнд стандарт л өдөр бүр хэрэгжиж байгаа хэрэг. Тэр газраар өчигдөр ч орсон, сарын дараа ч орсон нэг л хэвийн чанар, итгэж болох хэрэглээ хангадаж байдаг. Яагаад гэвэл стандарт өөрөө сэтгэл ханамжийн баталгаа. Тэгвэл улс даяараа стандартыг шаардаж, хэрэгжүүлвэл яах вэ. Бид хүсээд байдаг Япон шигээ болно. Герман, Норвеги шиг болно гэсэн үг. Нөгөө талаар бүгдийг өөрсдөө хийх гэж зүтгэх хэрэггүй л дээ. Сайн, муу нь тодорхой болчихсон хэрэглээнд нэвтэрчихсэн зүйлийг шууд нутагшуулах хэрэгтэй. Англи гэхэд 6000 стандарттай байхад манайх 6500 стандарттай. Канад 160 мянган стандарттай байдаг юм уу, харьцангуй өөр өөр байна. Хамгийн гол нь ажил бүрийг эзэнжүүлье. Ажлыг эзэнжүүлэхийн тулд хүнийг нь хариуцлагажуулах, харин хариуцлагыг нь стандартжуулж байж л үр дүнд хүрнэ. Түрүүн хэлсэн, даргаас сэтгэл биш, стандарт л нэх. Хэн нэгнээс үл шалтгаалан стандартаа цаг ямагт хаа сайгүй мөрддөг байх л асуудал. Тэгвэл бүх зүйл ойлгомжтой болоод явчихна.

Анх хотын даргын ажлыг хүлээж авч байхдаа би стандарт ярьж, шаардаж байсан. Ерөөсөө хэм хэмжээ, эмх цэгцийн тухай л яриа. Түүнийг хэрэгжүүлэх эзнийг нь тогтоосон хэм хэмжээ тавьж, хариуцлагажуулахгүйгээр гүйцэтгэл гэж байхгүй. Чанар гэж байхгүй болно. Хотын барилга, байшин, зам гүүр, гэрэл, гудамж талбай, автобус унаа, төрийн үйлчилгээ бүх зүйлийг стандарттай болгох ажлыг л хий гэж шаардаж ажилладаг байсан. Хичнээн хүн тогонд цохиулж өнгөрөв. Хичнээн хүүхэд усанд унаж эндэв. Хичнээн хүн зам тээврийн осолд өртөв. Энэ бүхэн чинь стандартын шаардлага, хэрэгжилт байхгүйгээс л үүдэн гарсан золгүй явдлууд. Хотын дарга байхад, сайхан зам тавьж байгаа гэхээр нь 100 айлд газар дээр нь очтол усны сувагчлалыг нь холбооны хоолойгоор хийгээд булаад дуусах гэж байхтай таарав. Тэрэн дээр нь гишгэжшалгатал тараад бутраад явчихсан. Тиймээс миний өгч байсан үүрэг даалгаврууд дандаа стандартыг тултал нь биелүүл гэсэн зааварчилгааг агуулдаг байсан.

ОНЦГОЙГИЙНХОН БОЛ ХАМГИЙН ЭРЭЛХЭГ ХЭРНЭЭ ХҮМҮҮНЛЭГ, ЭНЭРЭНГҮЙ ҮЙЛСТНҮҮД ЮМ

-Туркэд эрэн хайх аврах ажиллагаанд манай улсаас оролцсон. Шийдвэрийг хэрхэн гаргасан юм. Гамшгийн бэлэн байдалд манай улс хэр бэлэн бэ?

-Аврагчаа явуулах эсэх дээр нэлээд бодсон. Ар гэр, үр хүүхэд нь санаа зовоод үлдэж байна. Залууст маань элдэв зүйлс тохиолдож, өөрснөө эндэж осолдох ч эрсдэлтэй шүү дээ. Гэвч эцсийн эцэст дэлхий нийтийн журам хандлага, хүмүүнлэг үзэл санаа, харилцан хамтын ажиллагаа, итгэлцэл дээр шийдвэр суурилах ёстой. Шийдвэрээ Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид танилцуулж, Засгийн газар шийдвэрээ гаргачихаад, “За өөрсөндөө нэгэндээ бас санаа тавьж, мэргэжлийн өндөр түвшинд ажиллаарай” гэж алба хаагчиддаа захиад явуулсан даа. Ер нь энхийн цагт эх орноо хамгаалан “байлдаж” буйтай яг л адилхан залуус бол манай онцгойгийнхон. Өөрсдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулж л бусдын эд хөрөнгө, амь насыг авардаг. Зөвхөн 2022 онд 4023 хүний амь насыг аварч, 274.1 тэрбум төгрөгийн эд хөрөнгө авран хамгаалсан байна шүү дээ. Энэ ч утгаараа хамгийн эрэлхэг хэрнээ хүмүүнлэг, энэрэнгүй үйлстнүүд юм. Ийм үйлсэд зорих нь өөрөө асар их эр зориг, мэдрэмж, шийдэмгий, шуурхай байдлыг шаарддаг ажил. Би Онцгойгийн залуус, бүсгүйчүүдээрээ онцгой их бахархдаг шүү. Аврах баг маань Туркт очоод амжилттай ажиллан, эх орныхоо нэр төрийг өндөрт өргөөд ирсэн. Туршлага ч суусан. Бас бидэнд ч бодох, эргэцүүлэх олон зүйл үлдсэн. Манай улс газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байршдаг. Сүүлийн үед бүр нэмэгдээд байна. “Бид арай хэтэрхий амгалан байна. Бэлтгэл хангалтыг өндөрсгөе, гамшигтай тэмцэх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлээч,” гэж би Засгийн хуралдаанд байнга хэлж, санал оруулж байгаа. Мөн Аюулгүйн зөвлөлд ч танилцуулж байгаа. Авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хийх ажил асар их байна. Гамшиг боллоо гэхэд сэрэмжлүүлэх дохио нийслэлийн хүн амын 30 хувьд л хүрдэг. 70 хувь нь ямар ч мэдээлэл авч чадахгүй байдалтай байна. Болзошгүй гамшиг тохиосон үед ажил, шийдэл, секунд, мөчөөр тоологдох үе их байдаг. Тийм учраас зарлан мэдээлэх системийг олон улсын байгууллагатай хамтран хийх, техник хэрэгслийн нөөц бололцоог дээшлүүлэх хөрөнгө мөнгийг нь шийдэх гээд ажиллаж байна.

-Нефтийн үйлдвэр барих ажил юу болж байна?

-Үйлдвэрийн ажил урагштай явж байна. 2025 онд ашиглалтад орно.

-Нефтийн хараат байдлаас гарахад эерэгээр нөлөөлж чадах уу?

-Бүрэн тэр эрсдэлийг арилгаж чадахгүй ч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар үнэ хямд байна гэж байгаа. Эх үүсвэрээ өөрсдөө хангалттай бүрдүүлэх ёстой. Дотоодынхоо нөөц бололцоог шавхах ёстой. Гаднаас бүтээгдэхүүн авна гэхээр үнэтэй болчихно. Өөрсдөө үйлдвэр барих нэг асуудал. Үйлдвэрийн хажуугаар түүхий эд нөөцийнхөө урт хугацааны тогтвортой нийлүүлэлтийг хангах тухай асуудал давхар явах ёстой. Энэ асуудал Уул уурхайн яам дээр явж байгаа. Ашиглалтад орсноор дотоодын хэрэгцээний багадаа 40-өөс доошгүй хувийг хангана. Дотоодын хэрэгцээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Түүнийг дагасан үйлдвэрлэл хэрэгтэй.

-Хатуу өвлийг давлаа. Өвөлжилт ямар байв. Энэ хаврын байдлын талаар ч ярих юм бий байлгүй...

-Зуншлага тааруу байсан газруудад өвөлжилт ер нь хүндэрсэн. Бид ч гэрээ мартсан Гэсэр гэгчээр хөдөөгүүр туучиж, хэрэгтэй зарим юмаар нь дэмжиж, малчдынхаараа орж гарсаар өвлийг өнгөрөөлөө. Харьцангуй гайгүй давлаа шүү. Өнгөрсөн жилээс зудын урьдчилсан үнэлгээ хийдэг болсон нь сайн үр дүн авчирлаа. Үнэлгээгээр 11 аймгийн 160 суманд зуд болно гэсэн төлөв гарч, малчдадаа мал сүргээ сайн муугаар нь ангилан ялгах, зөвлөмж өгсөн юм. Арай гэж өсгөсөн малаа зудад үргзүй алдаж байхаар наана нь нарийн тооцож, эдийн засгийн эргэлтэд оруулбал хаана хаанаа хэрэгтэй шүү дээ. Отор, нүүдэл малынхаа бүтцийг ч төлөвлөнө. Цаашдаа улам л хэрэг болох ажил боллоо. Аймгуудын удирдлагуудтайч сайн тулж ажилласан. Одоо хаваржилт хүнд л болж байна. Өвөрхангай, Архангай чиглэл рүү цас нэлээд шуурлаа. Шинэ төл, мал цасанд дарагдаж байна. Хажуугаар нь ой хээрийн түймэр их гарч байна.

-Дорнодод айхтар гамшиг тохиолдлоо. Одоо байдал ямархуу байна?

-Сүхбаатарын Эрдэнэцагаанаас түймэр гарсан. Одоогоор хумиад, хяналтанд аваад байна. ОБЕГ, зүүн гурван аймгийн Онцгойгийнхон, Хилийн цэрэг, иргэд гээд 200 гаруй хүн, хориод техниктэй ажиллаж байна. Үүлэнд зориудаар нөлөөлж цас оруулсан, мөн цаг агаар хүйтэрснийг ашиглалаа. Тусгай экспедицүүдийг байгуулж зохих газруудаар байршуулсан байгаа. Одоо хүчтэй салхи, шуургатай л байна. Түймрийн эрсдэл арилаагүй гэсэн үг. Түймэр хүний хүчин зүйлээс үүдэж гарлаа. Хуурайшил, салхи шуурга ихтэй хаврын улиралд хүмүүс сонор, сэрэмжтэй байхыг анхааруулсан.

-Намайг асуулт асууж эхлэхэд л та “ажлаа ярья” гээд байсан шүү дээ. Базаад хэлчихвэл яасан юм. Тэгэхгүй бол дуусашгүй их яриа болох нь...

-За би хамаг юмаа л ярилаа. Одоо тэгээд ажиллаж л байна даа. Хийх ажил маш их байна. Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжиж байгаа. Улс орныг авч явдаг салбар бүрд л сэргэлт дутагдсан байна шүү дээ. Гуч гаруй жилийн өмнө бид тогтолцоогоо өөрчилж, өрнүүн дэврүүн сэтгэлтэйгээр шинэ нийгэмдээ алхан орцгоосон. Гэтэл бас л зогсонги, царцанги, зарим талаар ухралтын байдал ч нүүрлэчихлээ. Төрд шимэгчлэгчид дэндүү их байна. Албан тушаалаа урвуулан ашиглах, авлигалд автах нь бараг хэвийн үзэгдэл болтлоо “хөгжсөн” байгаа биз дээ. Тэгээд төрийн албанд ажил хийдэггүй, мэргэжлийн биш хандлага газар авсан. Энэ бүхэн нь манай улсын бараг бүх сөрөг муугийн ганц шалтгаан болчихоод байна. Нийгмийн бүтээмж маш их доройтчихсон байна. Энэ бүхэн өргөс авсан юм шиг, хурдан эдгэрчихнэ гэж байхгүй л дээ. Гэхдээ эхлүүлэх, зөв голдиролд нь оруулах, хэрэгжүүлж эхлэх нь юу юунаас чухал байна. Бодлогынхоо баримт бичгүүдийг бүгдийг баталсан. Энэ бүхэн нь “Алсын хараа-2050”урт хугацааны хөтөлбөрийн хурдасгуур болох дунд хугацааны хөтөлбөр юм. Эрчим хүч, Төрийн бүтээмж, Аж үйлдвэржилт, Хот, хөдөөгийн хөгжил, Боомт, Ногоон хөгжил гэсэн зургаан үндсэн чиглэлээр концепцийн өөрчлөлтүүд хийгдэж байгаа. Бүгд л төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан хэрэгжих ажлууд.Үүнд бас эр зориг, шийдэмгий байдал, ил тод харилцаа ямар чухал болохыг бид харцгааж байна. Ямар ч сэргэлт хэрэггүй, хуучнаар нь байлгах сонирхолтой, хүмүүс нэлээд их байна шүү дээ. Ер нь дорвитой өөрчлөлт, шинэтгэлд садаа, дайсан мундахгүй. Гэхдээ хийнэ гэж зорьсон хүмүүс эв нэгдэлтэй, няцахгүй, ухрахгүй зорьсондоо хүрэхээр ажиллаж байна. Хийгдэж буй бодитой ажлуудыг, зарим үр дүнг иргэд маань харж байгаа байхаа.

-Ярилцсан сэтгүүлч Д.Мөнгөндалай 

Эх сурвалж: Баабар.мн 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах