Цэс Close

С.Бямбацогт: Н.Тавинбэх сайд та ажлаа хийж чадахгүй бол зайгаа тавиад зайлаарай

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Тус хуралдаанаар  “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг төсөл нийт зургаан бүлэг 23 зорилт, 300 гаруй арга хэмжээг ирэх онд хэрэгжүүлэхээр тусгажээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг байгуулах гэж сүүлийн 50 жил хөөцөлдөж байна. Ерөнхийлөгч газар дээр нь хоёр удаа очиж байж, ажлыг эхлүүлсэн. Тун удахгүй Ерөнхий сайд Ховд аймагт очиж, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын шавыг тавина гэж байсан. Гэтэл төрийн албаны хүнд сурталтай, шан харамж, авлига хардаг хэдэн хурган түшмэдүүд энэ төслийг гацааж зогсоолоо.

Эрдэнэбүрэнгийн УЦС баруун таван аймаг төдийгүй Монгол Улсын эрчим хүчний салбарт маш ач холболдолтой төсөл. Энэ төсөл хэрэгжвэл эрчим хүчний үнэ тариф тав дахин буурах боломжтой. Монгол Улс эрчим хүчний тусгаар тогтнолоо олно. 800 тэрбум төгрөгөөр таван жил хийгдэх төсөл. Гуравдугаар сарын 22-нд тендер зарлаж, дөрөвдүгээр сарын 22-нд шалгаруулах ёстой байсан. Гэтэл 05 дугаар сарын 22 хүртэл нэг удаа, 06 дугаар сарын 22 хүртэл дахин сунгасан. Энэ хоорондоо Тайширын УЦС-ыг байгуулсан туршлагатай төслийн удирдагчийг ажлаас  нь халсан. Одоо энэ тендерийг цуцалж, хүчингүй болгосон.

Хятад улс мөнгөө татлаа гэвэл яах юм. Энэ төсөл гацвал хэн хариуцлага хүлээх юм бэ. Н.Тавинбэх сайд та энэ төслийг толгойгоороо хариуцана шүү. Энэ төсөл явахгүй бол та ажлаа өгч, огцорно шүү. Би танай хурган түшмэдүүдийг бүгдийг нь шалгуулна. Хариуцлагаа хүлээгээрэй. Ажлаа хийж чадвал чадаад, чадахгүй бол зайгаа тавиад зайлаарай”.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт улсын цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах зорилгоор 13 эх үүсвэрийг шинээр барьж байгуулахаар төлөвлөсөн байгаа. Энэ эх үүсвэрүүд гурван хэсэгт хуваагдана.

Нэгдүгээрт, одоо байгаа дулааны цахилгаан станцуудын хүчин чадварыг нэмэгдүүлэх,

Хоёрдугаарт, хатуу түлшээр ажилладаг цахилгаан дулааны эх үүсвэрийг барих,

Гуравдугаарт, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг барьж ашиглалтад оруулж, улс орны өсөн нэмэгдэж байгаа цахилгаан дулааны эрчим хүчний хэрэглээг хангах арга хэмжээнүүд тусгагдсан. Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр шинээр баригдах томоохон эх үүсвэрийн нэг нь Ховд гол дээр баригдах 30 мв-тын хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц байгаа. Энэ төсөл арга хэмжээг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлнэ. Бүх бэлтгэл ажил хангагдсан. Зээлийн ерөнхий нөхцлийн дагуу зээлдэгч талаас оролцогч компаниудыг санал болгодог. Энэ зарчмын дагуу Хятадын талаар туршлагатай, санхүүгийн чадамжтай гурван компанийн нэрийг ирүүлсэн. Энэ гурван компанийн дунд тендер зарласан. Гурван яам, ЗГХЭГ-ын төлөөлөл орсон үнэлгээний хороо ажиллаж байгаа. Эхний үнэлгээгээр тендерийн бичиг баримтын шаардлага хангасан тендер ирээгүй учир цуцалж, өнгөрсөн даваа гаригт 30 хоногийн хугацаатай тендер зарласан. Энэ ондоо багтаж, гэрээний хэлцэл дуусч, гэрээ байгуулж, барилга угсралтын ажил эхэлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ станц ашиглалтад орвол бид баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ 100 хувь дотоодоосоо хангах боломжтой болно".

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах