Цэс Close

Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх үзлэг, тандалт 60 хоног үргэлжилнэ

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/620 тоот захирамж гарч, нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн голомтот тарваган тахал болон хүн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналтын үзлэг, тандалт хийх  үүргийг холбогдох албаныханд өглөө. Үзлэг хяналтыг наймдугаар сарын 15-наас эхэлсэн бөгөөд авто тээврийн шалган бүртгэх товчоодыг түшиглэн 24 цагаар явуулж байна. Ингэхдээ мэргэжлийн байгууллагын албан хаагчдыг тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулж,  сургалт явуулж, дадлагажуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.

БОАЖ-ын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар монгол орны хэмжээнд тарвага агнахыг гурван жилийн хугацаанд хориглосон. Гэтэл  тарваганы мах, түүхий эд, дайвар бүтээгдэхүүн тээвэрлэсэн зөрчил 2020 онд 115, 2021 онд 61 удаа гарсныг илрүүлэн, ЗӨСҮТ-д шилжүүлэн өгч, Зөрчлийн тухай хуулийн дагуу шийдвэрлэсэн байна. Зөрчил дийлэнхдээ Ховд, Завхан, Говь-Алтай, Архангай, Хөвсгөл аймгаас ирж буй тээврийн хэрэгслээс илэрч байгааг  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Нарангэрэл  өнөөдрийн мэдээлэлдээ онцоллоо. Дээр дурдсан аймгуудад тарваган тахал өвчин гарах өндөр эрсдэлтэй, тахлын голомтын бүсэд хамаардаг болохыг тэрбээр тодотгосон. Улсын хэмжээнд 17 аймгийн 137 сум тарваган тахлын голомттой болохыг мэргэжлийн байгууллагууд тогтоогоод байгаа юм.

Тарвагыг хууль бусаар агнасан, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол Зөрчлийн тухай хуульд зааснаар иргэнийг 300 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг гурван сая төгрөгөөр торгож, бодгаль тус бүрийн экологи, эдийн засгийн үнэлгээгээр нөхөн төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлж тооцдог. Нөхөн төлбөрийн хэмжээ нь 252-420 мянган төгрөг байдаг. Эргэж холбогдох утасны дугааргүй, эзэн тодорхойгүй ачаанаас хууль бус ан илэрвэл жолооч нарт хариуцлага тооцдог гэдгийг мэргэжилтэн сануулж байна.

Байгалийн голомтот тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналтын үзлэг, тандалт аравдугаар сарын 15-ныг хүртэл 60 хоног үргэлжилнэ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах