Тэгш боломж тэгш олдоогүйн буруу үе, үеийн Засгийн газар, УИХ-тай хамаатай
Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажиллаад гурван жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ Засгийн газар 2020 онд батлагдсан “Алсын хараа 2050” Монгол Улсын хөгжлийн бодлогын дагуу “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг батлан гаргаж хэрэгжүүлж байгаа. Аж үйлдвэржилт, боомт, эрчим хүч, хот хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжил, төрийн бүтээмжийн сэргэлт гэсэн 6 үндсэн багц асуудлын дор өнөөгийн нийгэм, эдийн засагт тулгарсан асуудлыг шийдвэрлэхээр ажиллах болсон. Тухайлбал, хот хөдөөгийн сэргэлт бодпогын хүрээнд ажлын байр нэмэгдүүлэх, бүсчилсэн хөгжлийн дагуух аж үйлдвэржилтийн бодлогууд хэдийнээ хэрэгжиж эхэлсэн.
Ерөнхий сайд танхимынхаа сайд нарыг дагуулан 21 аймгаа тойрч, иргэдийнхээ үгийг сонсож, асуудлыг шийдэх гэж ажиллаж байна. Түүний Засгийн газрын явуулж буй шударга бустай тэмцэх 5Ш ажиллагаа, Хөгжлийн банк, нүүрсний хэргийг иргэд сайшааж, төрийн албаны хүнд суртал, газар олголт, тендер зэрэгт 5Ш ажиллагаа ихээхэн нэмэр болох учраас шударга бустай эвлэрч болохгүйг иргэд Ерөнхий сайдад захиж буй.
Манай улс 2021 онд “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжиж эхлэх үед Монгол Улсын ДНД 43.6 их наяд төгрөг байлаа. Нэг үгээр хэлбэл, Монгол Улс 40 литрийн багтаамж бүхий эдийн засагтай байсан гэсэн үг. 2022 онд ДНБ 53.8 их наяд, 2023 онд 62.4 их наяд төгрөг болж тэлсэн байна. Ирэх 2024 оны улсын төсвийг ДНБ 74 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох ДНБ 6000 ам.доллар давна гэж тооцоолсон.
Цар тахлын оргил үед -4.6 хувь байсан эдийн засаг 2021 онд 1.6 хувиар, 2022 онд 4.8 хувиар, 2023 онд 6.4 хувиар өслөө. Ирэх 2024 онд эдийн засаг долоон хувийн өсөлттэй байхаар төсөөлж байна. Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт 1.4 их наяд давж, “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, “Гэрэгэ” бондын 800 сая ам доллар, Чингис бондын 1.5 тэрбум ам долларын өр бүрэн төлөгдлөө. Улсын төсөв энэ жил 1.8 их наяд төгрөгөөр давж, Төлбөрийн тэнцэл анх удаа 538 сая доллараар ашигтай гарч, валютын нөөц дөрвөн тэрбум ам.долларт хүрлээ. Тоо худал ярьдаггүй. Энэ мэт эдийн засагт гарч буй томоохон өөрчлөлтүүд шулуухан хэлэхэд Монголд ямар том хэмжээний далд эдийн засаг нуугдаж байсны илэрхийлэл.
Эрдэнэтийн 49 хувь, Оюу Толгойн 2.3 тэрбум ам.долларын өр тэглэлт, Тавантолгойн нүүрсний хулгайг илчилж, ил тод, цахим арилжаанд шилжүүлсэн, Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт зэрэг том түвшний системийн авлигатай Засгийн газар тулж ажилласан. Энэ нь том түвшний системийн авлигын бүтцэд задрал явагдаж, далд эдийн засаг, нууц мөнгө ил болон бүртгэлжиж, эдийн засаг тэлж байгаагийн дохио юм. Авлигатай амжилттай тэмцсэн улс орнуудын хөгжлийн түүх ч үүнийг нотолдог.
Энэ талаар Ерөнхий сайд чуулганы хуралдаанд хэлсэн үгэндээ “Та бид авлигатай тэмцэх эхний үе шатаа давж байна. Одоо эдийн засгийн өсөлт иргэн бүрийн амьдралын чанарт нөлөөлөхөд саад болж буй хамгийн том хязгаарлагч хүчин зүйл бол дунд шатанд шимэгчлэн амьдарч буй авлигач түшмэд, том авилгачдын төлөөний этгээдүүд, эд эсүүд болсоор байна. Тэр дундаа, өнөөдөр нийт хүн амын тал хувь нь амьдарч буй нийслэл Улаанбаатар хотын 30 гаруй жил ужгирсан системийн авлигыг цогц хэмжээнд цэгцлэх цаг болжээ. Хууль хяналтын байгууллагууд ч том шатны авлигын хэргүүдийг шүүхийн шатанд шилжүүлж, дунд шатны авлига руу ханцуй шамлан орох итгэл үнэмшил, цаг хугацаатай болж байгаа гэдэгт итгэлтэй байна. Үерийн далан дээр бярдаж босгосон хууль сахиулахын хуучин дарга нарын авлигын хороололд олон нийтийн шаардлага хэзээ үйлчлэх вэ? Юутай ч нийслэл дангаараа хүчин мөхөсдсөөр ирснийг өнгөрсөн 30 жилийн түүх нотолж байна. Том авлигын асуудлыг цэгцлэхэд нэгдмэл хүчээр ажилласан шиг их хотын идээ бээрийг шахаж, ирээдүйг нь тодорхойлж өгөхөд УИХ, Засгийн газар иргэдтэйгээ хамт байж хэсэг хугацаанд шууд оролцоогоо нэмэх зайлшгүй шаардлага урган гарч ирж байна” гэдгийг тодотгож байв.
Тэр утгаараа нийслэлд цогц байдлаар хийх энэхүү авлигын эсрэг ажиллагаа, реформд нэгдэж, Засгийн газрыг дэмжиж ажиллахыг УИХ-ын гишүүдээс хүссэн.
Засгийн газар хэн нэгэн хүнтэй тэмцээд байгаа хэрэг биш юм аа. Нийгмээрээ хохирох эрсдэл байгаа учраас бүхий л чадлаараа тэмцэл хийж байгаа юм. Жишээлбэл, үерийн даланг хаагаад барилга барьчихвал нийтийн эрх ашиг зөрчигдөнө, цаашлаад авлига авснаар хүүхдийн эрх зөрчигдөнө. Хэн нэгэнтэй бус нийгмийн, иргэдийн тэгш боломжийн төлөө Засгийн газар ажиллаад, дуугараад байгаа хэрэг. Өнөөгийн Засгийн газрыг сайшаах гол зүйл нь хөгжлийн бодлого нь тодорхой, хийж хэрэгжүүлэхээр зорьж буй ажил нь тодорхой олны өмнө ил байна. Хэдийгээр өнгөрсөн 30 жилд ужгирсан нийгмийн тулгамдсан асуудлыг нэг амьсгаагаар бүгдийг шийдвэрлэх боломжгүй ч урагш алхахын тулд гол чөдөр болдог авлигал хээл хахуультай хатуу тэмцэж, улмаар эдийн засгийн хөгжлийн бодлогуудын дагуу ажиллаж байгаа нь эхнээсээ үр дүн өгч эдийн засагт эерэгээр тусч байна. Өнгөрсөн цаг хугацаа бидэнд өнөөдрийнг бий болголоо. Тэр цаг хугацаанд ажиллаж ирсэн өнөөдрийг бүтээлцсэн эрхмүүдэд бас гомдол хэлмээр байна. Ажиллаж байгаа цаг хугацаандаа амалснаа биелүүлээсэй л гэж хүсэх юм. Эцсийн эцэст танд болон таны эрх барьж буй намд дүн тавих өдөр ирнэ.
Б.НОМИН
Сэтгэгдэл үлдээх