“Удирдах албан тушаалтны нэгдсэн зөвлөгөөн” болж өндөрлөлөө
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2021 онд дэвшүүлсэн зорилт, баримталж буй бодлого чиглэлийг хэрэгжүүлэх, байгууллагын хэмжээнд 2020 оны үйл ажиллагааны үр дүнг дүгнэн хэлэлцэх, нийт удирдах алба хаагчдыг мэргэжлийн удирдлагаар ханган хуулиар хүлээсэн чиг үүргийг нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2021 оны “Удирдах албан тушаалтны нэгдсэн зөвлөгөөн”-ийг 01 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгууллаа.
Зөвлөгөөнд нийт 85 удирдах албан тушаалтан хамрагдсан бөгөөд хоёр өдрийн турш тусгай хөтөлбөрийн дагуу сургалтанд хамрагдаж, хамтын ажиллагаа бүхий байгууллагуудын мэдээллийг авлаа.
Энэ үеэр Хорих ял эдлүүлэх алба болон Шийдвэр гүйцэтгэх алба, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба, Захиргаа, Санхүү, үйлдвэр хөрөнгө оруулалт, Хяналт шалгалтын газрын дарга нар хариуцсан алба, газрын нөхцөл байдлын талаар танилцууллаа.
ШШГЕГ-ын дарга хурандаа, Д.Загджав цахим зөвлөгөөнийг хааж, “2020 оны төгсгөлд бид Зорчих эрх хязгаарлах ял хэмээх эрүүгийн ял эдлүүлэх ажиллагааны түүхэн дэх цоо шинэ ялын төрлийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн нь ялын бодлого дахь шинэ эргэлтийн хуудсыг нээсэн, гэмт хэрэгтэй тэмцэх ажилд ахиц шинэчлэл авчирсан, агуулга, ач холбогдол өндөртэй арга хэмжээ боллоо” хэмээн онцлон тэмдэглэлээ.
Түүнчлэн удирдах албан тушаалтнуудад хандан ажлын амжилт хүсч, 2021 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд идэвх зүтгэл гарган, хариуцлагатай ажиллахыг үүрэг болголоо.
Сэтгэгдэл үлдээх