Цэс Close

УИХ: Мэтгэлцээнгүй сонгуулийг дахиад хэрхэвч зохион байгуулж болохгүй шүү

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хууль батлах болон Ерөнхийлөгчийн тангараг өргөх товыг тогтох асуудлыг хэлэлцэж байна. Шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг энэ сарын 25-ны өдрийн 11:45 цагт товлоод байгаа билээ. 

Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Сонгууль зөв зүйтэй явахад иргэний эрхийг, сонгуулиа өгөх боломжийг нээж өгөх хэрэгтэй. Автоматжуулалттай холбоотой асуудлаар иргэн хаана яваа газраа сонгууль өгөх зохицуулалт хэрэгтэй. 

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Сонгууль зөрчил маргаан багатай, ирц ихтэй байх нь хууль тогтоомжоор зохицуулах хэрэгтэй. БИд бэлтгэл ажлыг нямбай зохион байгуулах нь чухал юм байна. Энэ нь сонгуулийн зохион байгуулалтад чухал нөлөөтэй. Сонгогчдын бүртгэлийн асуудлыг онлайн болговол байгаа газраасаа саналаа өгөх боломжтой гэсэн дүгнэлт хийж байгаа. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Сонгуулийн үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж дууслаа гэж үзэж байна. Гэсэн хэдий ч сонгуулийн үеэр гарсан зөрчлийн тухай мэдээлэл сонсмоор байна. Түүнчлэн гадаадад байгаа сонгогдоо хэрхэн идэвхтэй хамруулсан бэ. Цаашид үүн дээр анхаарах хэрэгтэй байна.

СЕХ-ны Хууль эрхзүйн газрын дарга Д.Бат-Эрдэнэ:  Энэ удаагийн сонгуулийн хуулиар гомдол маргааныг хэн шийдэх талаар тодорхой зааж өгсөн. Энэ удаагийн сонгуулиар СЕХ-нд 600 гаруй гомдол, цагдаагийн байгууллагад 45 гомдол ирсэн. Зөрчил мэдээллийг шалган шийдвэрлэж дууссаны дараагаар эргэн мэдээлэл өгч болно. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Сонгуулийн ерөнхий хороо сурталчилгааны 14 хоногийн хугацаанд нэр дэвшигчдээ хамгаалж чадсангүй. Нэр дэвшигч нь халдвар авсан. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ. Мөн мэтгэлцээнийг зохион байгуулаагүй. Энэ бол маш хариуцлагагүй үйлдэл. Хэн хариуцлага хүлээх вэ. Хүүхдүүд хоёр жил цахимаар хичээл хийж байхад 3 гишүүний мэтгэлцээнийг зохион байгуулж чадахгүй байгаа нь гутамшиг. Мэтгэлцээнгүй сонгуулийг дахиад хэрхэвч зохион байгуулж болохгүй шүү. Иргэдийн мэдэх эрх гэж бий шүү.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулсны дараа түүнийг төрийн хамгаалалтад авсан. Нэр дэвшигч халдвар авсанд харамсаж байна. Ийм нөхцөлд СЕХ хэрхэн ажиллах талаар хуулийн зохицуулалт байхгүй. Иймээс цаашид анхаарч ажиллана. Мэтгэлцээн сонгуулийн сурталчилгааны нэг хэлбэр. Мэтгэлцээнийг зохион байгуулах хуулийн зохицуулалт байхгүй. Энэ удаагийн мэтгэлцээн тодорхой шалтгааны улмаас хойшиллоо. Мэтгэлцээн иргэдийн мэдэх эрх, сонголтод маш их нөлөөтэй гэдэг таны саналтай санал нийлж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах