Цэс Close

УИХ-ын дарга Г.Занданшатар: АН эрх мэдлээ булаацалдсан хоёр хуваагдсан байдлаа дотроо шийд. Намын дотоод асуудлыг УИХ шийдэхгүй

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

УИХ дахь Ардчилсан намын зарим гишүүд өчигдөр орой 18:00 цагаас эхлэн Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж эхэлсэн. АН-ын бүлгийн зарим гишүүд УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож байгаа УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж байна гэдгийг мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: "Г.Занданшатар даргаа, Хойд Солонгос, Мьянмарын парламент биш биз? Яагаад бидний үг хэлэх эрхийг хаагаад байгаа юм бэ? Та чинь 76 гишүүний аав нь. Ардчилсан намын 13 гишүүн хойд эцгийн хүүхдүүд юм уу? Хүний микрофоныг хааж байна. УИХ-д үгээ хэлэх нь бидний бүрэн эрх" гэлээ

УИХ-ын дарга Г.Занданшатар: "УИХ-ын чуулганы хуралдаанаар Мөнгөн хадгаламж, эрх бүхий этгээдийн зээлийн үйл ажиллагааны тухай хууль хэлэлцэж байна. УИХ-ын чуулганы хуралдаан дэгтэй. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: "Олонх байна уу цөөнх үү гэдгээс үл хамааран хүний эрхийг хангах нь чухал. Өлсгөлөн зарлаж байгаа хүмүүс рүү юу ч оруулахгүй байсан. Нэг намын асуудал биш. Монгол Улсад нэг намын хэт дарангуйлал ноёрхож байна. Өлсгөлөн зарлаж байгаа хүмүүсийн үгээ хэлэх, эрхээ эдлэх эрхийг нь хангаач гэдэг шаардлагыг тавьж байна. Өчигдөр маш хүйтэн өдөр байсан. Майхангүй, дэвсгэргүй, АН-ын гишүүд өлсгөлөнгөө үргэлжлүүлсэн" гэлээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: "С.Одонтуяа гишүүн хүний эрхтэй холбоотой санал хэллээ. Хүний эрхийн үндэсний комисс, холбогдох байнгын хороодод асуудлаа хэлээд хэлэлцэж болно. Дэд хороодын дарга нар энэ асуудлыг анхаараарай" гэв.

"Ардчилсан намын бүлгийн 13 гишүүний үнэмлэхийг хурааж ав"

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: "Ардчилсан намын гишүүд улс төрийн тэмцэлд ороод 12 цаг болж байна. 76 гишүүний 7 нь хүйтэн шалан дээр хэвтэж байна. Алга дарам эсгий, балга ус оруулахгүй байна. УИХ дахь эмэгтэй бүлгийн гишүүд эмэгтэй гишүүнээ эргээч дээ. Ядаж балга ус өгөхийг Монголын төрөөс гуйж байна. Ордонд орж ирэх замдаа алхам тутамдаа шалгуулсан. УИХ-ын даргын гарын үсэгтэй УИХ-ын гишүүний үнэмлэх үйлчлэхгүй байна. Иймээс УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн 13 гишүүний үнэмлэхийг хурааж ав" гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: "Ардчилсан намын 13 гишүүн талбай дээр өлсгөлөн зарлаж байгаа. Доороо тавих эсгийг хүртэл булааж авч байна. Ийм дарангуйлал Монголд ирсэн байна гэдгийг УИХ-ын индэр дээрээс хэлье. МАН-ын дарга У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатараа энэ дарангуйллаа зогсоо. Бид бүхэн эцсээ хүртэл тэмцэх болно гэдгээ хэлье. Албан ёсны бүртгэлтэй Ардчилсан намаас СЕХ-нд материалаа өгөх гээд шөнийн 00:00 цаг хүртэл суулаа. Ямар бяртай, дээрэлхүү болчихсон юм бэ? АН бас засаглаж байсан шүү. Бид хэзээ ч ингэж байгаагүй. Хүний эрх зөрчигдөх гэдэг энгийн үзэгдэл болсон байна" гэв.

НАМЫНХАА ДОТООД ЗӨРЧЛИЙГ ТӨРИЙН ХЯМРАЛ БОЛГОЖ ДЭВЭРГЭЖ БОЛОХГҮЙ

УИХ-ын дарга Г.Занданшатар:  "Төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ бол хууль тогтоох үндсэн чиг үүргээ хэрэгжүүлдэг байгууллага. Энэ хүрээнд УИХ-ын гишүүд хууль санаачлах бүрэн эрх нь бий. Харин энэ индэрийг буруу ашиглаж, намынхаа дотоод зөрчлийг төрийн хямрал болгож дэвэргэж болохгүй. Өлсгөлөн зарлаж, хууль дээдэлдэг ёсыг зөрчиж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байгаа явдал мөн. Хуулийг өөрсдийн бусармаг үйлдэл, явуургүй санаархалдаа нийцүүлэхийг оролдох эрх хэнд ч байхгүй. Дотоод хагарал тэмцлээ Монголын төрд нялзаах гэж, хууль зөрчихийг шаардаж, буруу мэдээллээр ард түмнийг төөрөгдүүлж, эмх замбараагүй байдал руу оруулахыг оролдож байгаа үйлдлээ зогсоохыг шаардаж байна. Ардчилсан нам эрх мэдлээ булаацалдсан хоёр хуваагдсан байдлаа дотроо шийд. Танай намын дотоод зөрчлийг бид яаж шийдэх юм бэ? Нам дээрээ асуудлаа ярьж, намаа шинэчил" гэв. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах