Улаан автобусны хэрэг ч Д.Сумъяабазарыг тойрохгүй нь
Хотын дарга Х.Нямбаатар олон нийтийн шүүмжлэл дагуулж хууль хяналтынхан шалгаж буй нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотой ноцтой мэдэгдэл хийсэн. Ингэхдээ хотын шинэ дарга Х.Нямбаатар сүүлийн 15 жилийн нийтийн тээврийн худалдан авалтыг бүхэлд нь “но”-той байж болзошгүй гэдгийг хэлээд автобусны хэргээр шалгуулах хотын дарга нарыг шалгана гэсэн юм.
Тэрбээр “Д.Сумъяабазар Засаг даргын үед улаан, ногоон автобус авсан. Үе үеийн Засаг дарга нарт нийтийн тээврийн салбарын хүмүүс мэдээлэл өгөхдөө шууд гэрээгээр авдаг гэсэн уламжлалт жишиг тогтсон байна. 2009 онд авч байсан DAEWOO байсан өнөөдөр нийлүүлэгдэж буй загвар хоорондоо ижилхэн байна. Үүнд учир шалтгааны холбоос байгаа. Тиймээс нийслэлийн бүх Засаг дарга нарыг шалгуулах хэрэгтэй. Улсын төсвийг үрэн таран хийсэн хүмүүсээс хохирлыг нэхэмжлэх ёстой" гэсэн юм. Хотын даргын эл үг ёс зүйн хариуцлага нэрээр огцроод өнгөрсөн Д.Сумъяабазарт хариуцлага тооцох нь гэх итгэлийг олон нийтийн дунд бий болгов.
Хотын дарга асан Д.Сумъяабазар тухайн цаг үедээ Улаанбаатар хот 2022-2023 оны гуравдугаар сар хүртэл нийт 224 автобусаар парк шинэчлэл хийсэн талаараа мэдэгдэж байсан. Тэрээр их багтаамжийн дизель хөдөлгүүртэй улаан автобус 224 ширхэг худалдан авахаар БНХАУ-ын Наньжин хотод байдаг "Golden Dragon" компанитай нийслэл 2022 он аравдугаар сарын 11-ны өдөр гэрээ байгуулсан байдаг. Хотын удирдлагууд “Xiamen golden dragon bus” үйлдвэрийн автобусны нэг бүрийн үнийг 561,081 юань буюу 265 сая төгрөг гэж олон нийтэд танилцуулж байсан. Гэвч нийслэлийн 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлангаас харахад, нийслэлийн удирдлагуудын танилцуулсан дээрх дүнгээс аудитын дүгнэлтийн мөнгөний хэмжээ нийт 8 тэрбум төгрөгөөр давж буй. Тодруулбал, нийлүүлэгч БНХАУ-ын “Xiamen golden dragon bus” үйлдвэрийн автобусны нэг бүрийн үнэ 640,781 юань гэж Аудитаас тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, нэг автобусны үнэ 265 сая төгрөг бус 302 сая төгрөг болж байна. Гэрээнд заасны дагуу 2023 оны зургадугаар сарын 25-наас 2024 оны арванхоёрдугаар сарын 25-ныг хүртэлх хугацаанд нийлүүлэх гэрээний хуваарьтай ч 2023 оны гуравдугаар сард багтаан 224 автобусыг бүрэн нийлүүлж авчээ. Одоо ч улаан автобусны мөнгийг төлж дуусаагүй аж. Өнгөрсөн хугацаанд нийт гурван удаагийн гүйлгээ хийсэн байна.
Д.Сумъяабазар хотын дарга байхдаа“туйлж” өгсөн нь дээрх жишээнээс харагдаж байна. Түүнчлэн ногоон, улаан автобусны хэрэгт түүнийг яаралтай шалгаж, хариуцлага хүлээлгэх ёстойг ч харуулж байна.
Сэтгэгдэл үлдээх