Улсын бүртгэлийн ерөнхий газрын байцаагч, бүртгэгч нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт нийт 268 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргээс дурдвал:
- Нийслэлийн прокурорын газраас Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэгч, байцаагч нар албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд нэр бүхий иргэдээс хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/, 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 2 /Хахууль өгөх/ дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын гэрээт ажилтан Б.М нь иргэн Ж.Б, А.Э нарын ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.13 дугаар зүйлийн 1 /Хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/ дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Дундговь аймгийн прокурорын газраас иргэн Ө.Г, Т.Ч, Б.Д нар нь бүлэглэн тус аймгийн нутаг дэвсгэр дэх эртний хиргисүүр буюу түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг санаатай эвдэж, гэмтээсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 25.2 дугаар зүйлийн 1 /Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг эвдэх, гэмтээх, устгах/ дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.
Сэтгэгдэл үлдээх