Цэс Close

ЗТХЯ: Хагарлыг засварлахад уэрхэн засах улсаас ямар нэг мөнгө гарахгүй гүйцэтгэгч компани өөрийн хөрөнгөөр хийнэ

Улаанбаатар хотыг Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудалтай холбосон авто зам нийслэл рүү ирэх чиглэлийн урсгал дагуу цуурсан талаар бид мэдээлсэн.

Тэгвэл тус асуудлаар Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын зохицуулалтын газрын дарга Д.Загдраднаа тайлбар мэдээлэл өглөө.

 Тэрээр "Барилгын ажил 2019 оны есдүгээр сард дууссан. Өнгөрсөн жил зам дээр дагуудаа хагарал гарсан. Эвдрэлийн шалтгааныг тогтоохоор Зам тээврийн яам гүйцэтгэгч болон төслийн зөвлөгч компанитай хамтран ажлын хэсэг ажиллаж байна. Хагарлыг хэрхэн засах талаар гүйцэтгэгч компани аргачлал төлөвлөгөөгөө гаргаж байна. Улсаас ямар нэг мөнгө гарахгүй гүйцэтгэгч компани өөрийн хөрөнгөөр хийнэ. Олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа долоодугаар сарын 04-нд эхлэхээр төлөвлөж байгаа учраас үүнээс өмнө засварлаж хэвийн болгоно.

Хагарлын шалтгаан тодорхойгүй байна. Гүйцэтгэгч компанийн баталгаат засварын хугацаа гурван жил буюу 2022 оны есдүгээр сард дуусна. Манай орны нөхцөлд замын хөндлөн хагарал байнга гардаг. Одоогийн дагуу хагарлын хувьд 7-10 метрийн өндөртэй эргэц, тойруутай хэсэгт гарсан учраас технологиос эсвэл байгалиас болсон уу гэдгийг тогтооно. Манайхаас байнга шалгадаг. Өнгөрсөн жил нарийхан хагарал байхад нь гагнаас хийсэн байсан ч энэ жил нэмж хагарсан байна" гэв.

Авто замыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьж байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд “Яармагийн товчоо-Айцын даваа-Түргэний гүүр-Бөхөгийн хөтөл-Хөшигийн хөндий” гэсэн чиглэлд 32.226 км урт, асфальтбетон хучилттай зорчих хэсгийн өргөн 31.0 м, 2 урсгал 6 эгнээ зорчих хэсэгтэй.

Барилгын ажил гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэй /EPC/ гэрээг Зам, тээврийн хөгжлийн яам болон БНХАУ-ын “Чайна Тэйсэжү Сивил Инженеринг Групп” ХХК-ийн хооронд 2015 оны 9 дүгээр сарын 18-ний өдөр байгуулж, 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр эхлүүлсэн бөгөөд туслан гүйцэтгэгчээр үндэсний аж ахуйн нэгжүүд болох “Бадрах Ойл” ХХК, “Эрдэнэ зам” ХХК, “Арж Капитал” ХХК-иуд тус тус ажилласан.

Авто замын барилгын ажилд өдөр тутмын хяналтын зөвлөх  үйлчилгээг БНХАУ-ын “Гуанжоу Ванан Констракшн Супервишн” ХХК болон “Эс Ар Пи” ХХК хамтран гүйцэтгэсэн.

Уг төслийн ажлын нийт өртөг нь 140,3 сая ам.доллар бөгөөд барилгын ажлыг 3 жилийн хугацаанд гүйцэтгэж, 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр улсын ашиглалтад оруулсан ч одоог хүртэл нээгээгүй байна" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах