Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон ШУА-ийн Биологийн хүрээлэн хамтран хэрэгжүүлж байгаа 5 дахь төсөл болох Хан-Уул дүүргийн 23-р хороонд орших дүүргийн нэгдсэн эмнэлэг орчмын хөрсний эрүүл ахуйн бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Био-Ариус бичил биетний бэлдмэлийн үр нөлөөг үнэлсэн.
Судалгааны хүрээнд нийт 6 цэгээс хөрсний дээж авч Био-Ариус бэлдмэл хэрэглэхийн өмнөх болон дараах үзүүлэлтийг MNS 3297:2019 “Хөрс. Хот, суурин газрын хөрсний эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлт, бохирдлыгүнэлэх” стандарттай харьцуулан шинжлэхэд 3 цэгээс гэдэсний савханцар (E. coli titre), 6 цэгээс гэдэсний бүлгийн эмгэг төрүүлэгч (Salmonella/Shigella) нян илэрсэн. Энэ нь хүн амын дунд халдварт өвчин гарах эрсдэл байгааг харуулж байна.
Био-Ариус бэлдмэл хэрэглэсний дараах шинжилгээний дүнгээр гэдэсний савханцар болон гэдэсний бүлгийн эмгэг төрүүлэгч нян тус тус илэрсэн 2 цэг болж буурсан үр дүн гарсан. Мөн бусад өвчин үүсгэгч Staphylococcus aureus, хөгц мөөгөнцөр, термофил бактери зэрэг бохирдол ихтэй хөрснөөс элбэг илэрдэг бичил биетний тоо 10-100 дахин буурсан.
Төслийн үр дүнд хөрсийг өтгөн, ялгадсаар бохирдуулагчгол үзүүлэлт болох E. coli, Salmonella/Shigella болон термофил бичил биетний илрэлт мэдэгдэхүйц буурсан нь Био-Ариус бэлдмэлд агуулагдах шивтэр болон органик хаягдлыг задлагч ашигтай бичил биетүүдийн үйл ажиллагааны нөлөөгөөр хөрсний эрүүл ахуйн бохирдлыг бууруулах, орчныг эрүүлжүүлэх өндөр ач холбогдолтойг харуулж байна хэмээн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.




