Цэс Close

Харри Кейн: Ээжийнхээ төрсөн оныг хэлчихвэл уурлахгүй гэж найдья!

Европын Аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд долоо хоног үлдлээ. Улаанбаатарын цагаар энэ сарын 12-ны шөнө 03:00 цагаас Итали – Туркийн шигшээгийн тоглолтоор эхлэх тус тэмцээнд түрүүлэх магадлалтай багуудын тоонд Английн шигшээ нэрлэгдэж байгаа.

“Гурван арслан”-гийн дасгалжуулагч Гари Саутгэйт зорилгоо тодорхойлохдоо “Шөвгийн дөрөвт шалгарах нь бидний наад захын зорилго” гэж мэдэгдсэн юм.

1966 оны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнээс хойш Английн шигшээ баг том тэмцээнд огт түрүүлэлгүй 55 жилийг өнгөрүүлжээ. Тиймээс Харри Кейн энэ удаагийн Европын АШТ-д түрүүлэхийг хүсч буйгаа ээж, аавынхаа төрсөн жилтэй холбон ийн ярьжээ. Мөн Энэ Европын АШТ-ий финал Их Британийн нийслэл Лондон хот “Уэмбли” цэнгэлдэхэд болохыг нэмж дурьдая.

“Төрсөн оныг нь хэлчихвэл ээж минь уурлахгүй байх гэж найдья. Ээж маань 1966 онд төрсөн юм. Харин аав маань 1964 онд төрсөн. Английн шигшээ Дэлхийн аварга болоход аав маань дөнгөж хоёр настай байсан хэрэг. Харин ээж тэр жил төрсөн. Ийм л олон жил өнгөрсөн байна шүү дээ.

Тиймээс би Английн шигшээтэйгээ хамт том цом өргөлгүй замналаа өндөрлүүлэх юм бол жинхэнэ сүйрэл болно. Манай шигшээ багийнхан улам сайжирч, илүү чанаржиж байгааг мэдэрч байгаа. Бид хамтдаа том цом өргөх бүрэн боломжтой гэж би итгэдэг” хэмээн Харри Кейн өгүүлжээ.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах