“Мон пеллетс” ХХК инновацын технологиор 100 хувь хонины түүхий, угаагаагүй, боловсруулаагүй ноосоор дээд зэргийн органик бордоо үйлдвэрлэж байна. Тус компани уг бүтээгдэхүүнээ Европын холбоо, ХБНГУ-ын Засгийн газар хамтран санхүүжүүлсэн “ECO-INNOVATION” төслийн хүрээнд хийсэн судалгааг үндэслэн, ХБНГУ-ын Хумболдтын Их сургуулийн эрдэмтэдтэй хамтран 2019 оноос үйлдвэрлэлд нэвтрүүлж, улмаар зах зээлд нийлүүлж эхэлжээ. Одоогоор АНУ, Унгар, Герман улсуудад бордоогоо экспортолж байгаа аж.
Швейцарь улсад төв нь байрладаг, ХБНГУ, Австри улсад салбартай, ФИБЛ буюу Биологийн газар тариалангийн судалгааны институт 2020 оны 03 дугаар сард “Органик газар тариаланд зориулсан бордоо” гэдэг ангилалд Монгол Улсаас анхны удаа “Монпеллетс” бордоог бүртгэж, зарласан байна. Хонины ноосон бордоог нөхөн сэргээгдэх түүхий эд болох хаягдал ноосоор хийдэг бөгөөд азотын агууламж 10 хувь буюу ижил технологи бүхий органик бордоонуудтай харьцуулахад хамгийн өндөр хувьтай байдгаараа онцлог. Мөн хөрсний ус, чийгийг сайн барьдаг, байгальд 100 хувь шингэдэг зэрэг олон давуу талтай юм байна.
Харин COP17-д “Мон пеллетс” ХХК хонь хяргах төв байгуулах төслөө танилцуулжээ. Уг төсөл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын санаачилгаар Монголын бизнесийн зөвлөл, Байгалийн өв сан хамтран хэрэгжүүлж буй “Green lab” санаачилгын шилдэг 15 төслийн нэгээр шалгарсан аж.
Орон нутагт хонь хяргах төвүүд байгуулснаар 20-30 километр радиуст нутаглаж буй малчид хонио богино хугацаанд хяргуулж ноослуулах бөгөөд, ноосоо шууд ангилж ялган үйлдвэрлэгчдэд нийлүүлэх боломжтой болох юм. Ангилан ялгаагүй ноос нэг килограмм нь 800 төгрөг бол ангилж ялгасан ноос килограмм нь 2700 төгрөг хүрдэг байна. Түүнчлэн тухайн хонины угаалга, туулга, вакцинд хамрагдсан эсэхийг бүртгэж, гарал үүслийн гэрчилгээг олгоно. Энэ нь малын гаралтай түүхий эдийн мөшгөх тогтолцоог бодитоор бий болгохоороо чухал ач холбогдолтой гэдгийг “Мон пеллетс” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ш.Дэлгэрмаа онцоллоо.



