Цэс Close

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар 48 мянган ажлын байр бий болгодог

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчидтэй уулзлаа.

Хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, эрүүл, чанартай хоол үйлдвэрлэх, иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанарыг тэтгэх, үндэсний идээ, ундааны соёлыг хадгалах, түгээх үүргээ нэр төртэй гүйцэтгэж, олон арван ажлын байр бий болгож байгаа үе үеийн хамт олонд талархал илэрхийлэв. Тэрбээр өнгөрсөн он жилүүдэд хийсэн ажил, санаачилсан хөдөлгөөн, хөтөлбөр, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцуулсан юм. Хоол үйлдвэрлэлийн салбарт 3200 гаруй аж ахуйн нэгж ресторан, кафе, кофе шоп, цайны газар, баар, лоунж, шөнийн клуб, паб, катеринг үйлчилгээ, сүлжээ түргэн хоол, гудамжны хоол үйлчилгээ, ханган нийлүүлэлтийн сүлжээ, салбарын онцлог бүхий IT, технологийн шийдэл, мэргэжлийн сургалт, зөвлөх үйлчилгээ зэрэг 20 гаруй чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Цаашид бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, салбарын оролцоог нэгтгэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг  өргөжүүлэхийг зорьж байгааг Монголын ресторан, зоогийн газрын холбооны ерөнхийлөгч М.Есөнмөнх хэллээ.

Энэ салбар Дотоодын нийт бүтээгдэхүүний 2.3 хувийг бүрдүүлдэг бөгөөд борлуулалтын орлого нь 1.8 их наяд төгрөгт хүрч, 48500 шууд ажлын байр, шууд бусаар 85 мянга орчим ажлын байр бий болгодог ажээ. 2030 он гэхэд зочлох үйлчилгээний салбарын өсөлтийг 50 гаруй хувиар нэмэгдүүлж, шинээр 25 мянган ажлын байр бий болгож, борлуулалтын орлогыг 1.5 дахин өсгөх зорилт тавьсан байна.

Манай айраг исгэх уламжлалт арга, зан үйлийг ЮНЕСКО-д албан ёсоор бүртгэсэн бол удахгүй хорхогийг Гиннесийн дэлхийн дээд амжилтад бүртгүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, 1000 тогооч нэгэн зэрэг хорхог хийж Гиннест бүртгүүлэхээр зэхэж байгаа аж.

Мэргэжлийн холбоо хоолны өв соёлыг хадгалах, судлах, баримтжуулах, түгээн дэлгэрүүлэх, олон улсад таниулах зорилгоор Үндэсний хоолны судалгаа, хөгжүүлэлт, сургалтын төв байгуулахаар болсноо мөн дуулгалаа. Энэ нь үндэсний хоолны соёл, зочлох үйлчилгээний салбар, аялал жуулчлал, үндэсний брэнд хөгжихөд чухал ач холбогдолтой юм байна. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт үндэсний хэмжээний одны зэрэглэлийн системийг ирэх оноос нэвтрүүлж, эхний ээлжинд ресторан, кофе шоп, баар, үйлчилгээний дөрвөн төрлийг хамруулна. Салбарын аж ахуйн нэгжүүд олон улсын стандарт, шинэ технологи, үйлчилгээ, мэргэжлийн сургалт нэвтрүүлэхэд гадаад зөвлөх, мастер тогооч, сургалтын багш шаардлагатай байдаг. Иймээс гадаадаас ажиллах хүчин авч ажиллуулах асуудлыг либералчлах нь зүйтэй гэж үзжээ. Мөн цагийн ажилтан, оюутан болон тэтгэврийн насны хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих, татварын орчны шинэчлэл хийх, импорт, хил, гаалийн зөвшөөрөл болон хяналт шалгалтын давхардлыг бууруулах нь зүйтэй гэж салбарынхан уламжиллаа. Хоол үйлдвэрлэл болон зочлох үйлчилгээний салбарын аж ахуйн нэгжүүд ирэх намар болох COP17 бага хурлын үеэр нэгдсэн зохион байгуулалтад орж үйлчилгээ үзүүлэх юм байна.

Энэхүү уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Блью мон” компанийн Нийтийн хоолны нэгтгэлийн захирал Б.Цогзулд Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртээж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагнав.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах