Цэс Close

Хоршиж байгаад хожих юм биш үү

Мал аж ахуйгүй Монгол гэж төсөөлөмгүй. Тэр тусмаа нүүдэлчин соёл иргэншилтэй монголчуудын хувьд таван хошуу малаа эртнээс маллаж ирсэн.   Манай орны нийт газар нутгийн 72.1 хувьд малын бэлчээр, мал аж ахуйн эрхлэлт явагдаж байгаа.

Нүүдлийн соёлтой монголчууд  уламжлалт бэлчээрийн мал аж ахуйгаа авч явсаар өнөөг хүрсэн.  Гэвч  бэлчээрийн даац хэтрэлт, малын үүлдрийн чанар, байгалийн давагдашгүй хүчин зүйл, ган зуд, цөлжилт гээд үй түмэн асуудал тулгарсаар байгаа. Мянган малтай айл ганц зуднаар бүхнээ барах бол гайхах зүйл биш. Хэдий болтол нэг л янзаараа байх билээ. Өнгөрсөн өвлийн зуд ч технологийн эрин үед хэдэн зууны өмнөх шиг байгалийн хүчний өмнө байдгаа бараад байгаа олон дүр зургийг харууллаа. Хэдийгээр олон зууны турш маллаж ирсэн ч бэрхшээлийг даван туулах, фермерийн аж ахуйг нүүдлийн мал аж ахуйтай хослуулах гээд дараагийн шатанд шилжих, эдийн засгийн эргэлтээ сайжруулах  шаардлага бий болжээ.

60 гаруй сая малтай хэрнээ малчдын ахуй амьжиргаа дээшилдэггүй, эдийн засгийн нөхцөл байдал тааруу хэвээр байна. Манай улсын нийт ажиллах хүчний 22 хувийг эзэлдэг малчдыг дэмжих түр зуурын аргацаасан арга хэмжээг олон удаа авч байлаа. Юу ч өөрчлөгдсөнгүй.  Салбарын хэмжээнд шинэ  бодлого  зайлшгүй хэрэгтэйг хэн хүнгүй мэдэж байгаа.

Сүүлийн жилүүдэд цаг агаарын хүндрэлтэй нөхцөл ойр ойрхон давтагдаж, хуурайшилт нэмэгдэн, бэлчээр доройтож, зудад малаа алдсан малчид хот суурин газар бараадаж, энэ хэрээр ажилгүйдэл, хотын түгжрэл нэмэгдэх болсон.

Энэ 2024 оны байдлаар гэхэд 16 сая мал хорогдох прогноз гарсан нь бий. Түүнийг дагаад 10 гаруй мянган айл өрх малгүй болж, амьдрах нөхцөлгүйд хүрнэ. Хэрэв зуд болох бүрд 16-18 сая малаа алдаж, 10.000 малчин өрх малгүй болоод байвал үр дагавар нь ямар их байх билээ.

Нүүдлийн  мал аж ахуйгаас манай улс хагас эрчимжсэн аж ахуй руу шилжүүлэх тухай төрийн бодлого гарсан ч бүтэлтэй юм болсонгүй. 3 сая хүн амтай харьцуулахад  60 сая мал их тоо. Энэ их баялагийг үр өгөөжтэй ашиглах нөөцийг бий болгох боломжтойг харуулна. Гэтэл малчид болоод эдийн засагт үр өгөөж нь тун тааруу.  Малчид гэж хаягдсан юм шиг хэрнээ халамж мэтхэнээр аргацаалгуулж, бас болоогүй мах, сүүгээ үнэтэй зарлаа гэж загнуулна.

Малын чанар, үржлийг сайжруулах, малын эрүүл мэнд, мал сүргийг ган зудаас хамгаалах хөтөлбөр гэх мэт олон хөтөлбөр, арга хэмжээг санаачлан хэрэгжүүлж байгаа боловч энэ нь жалгын мухарт суугаа нэг малчин айл өрхийн амьдралд бодит хувь нэмэр болж хүрч чадахгүй тарамдаад өнгөрч байна. Манай улс 2010 оноос хойш нийт малын тоо толгой 97 хувиар өссөн ч, 1 малын ДНБ-д бүрдүүлж буй дүн дөнгөж 31 ам.доллар. Энэ дүн малчид үйлдвэрлэгч байх шилжилтийг хийх шаардлагатайг харуулж байна.

Талаар нэг  тархан суугаа малчид маань ганц, ганц айл өрхөөрөө биш, олуулаа хоршоо хэлбэрээр нэгдэж чадвал малаас гарах үр өгөөжийг нэмэгдүүлэх, дунд шатны үйлдвэрлэл явуулах, сум орон нутагтаа болон малчид өөрсдөдөө үр ашгийг шингээх боломжтой болох тухай Засгийн газраас санал гаргав.

Хоршоо гэхээр эртээ урьд цагийн үеийн хоршооны бүтэлгүйтлийн талаар бодож магадгүй юм. Энэ нь малчид гэхээсээ илүүтэй хоршоо байгуулах анхны мөнгөн эх үүсвэр, дэмжлэг байхгүйтэй холбоотой юм.

Хонь, ямаа үржүүлж байгаа 10 малчин өрх тал талаасаа ноолуураа нийлүүлж, стандартын дагуу чанартай бэлтгээд явбал ченжийн гар дамжихгүйгээр бирж рүү шууд арилжаалах боломжтой юм. Айлууд нэгдсэнээр гарах зардал нь бага ч орлого нь нэмэгдэх жишээтэй. Малчид хамтарснаараа мал маллагаа, малын ашиг шим, үр өгөөжийг нэмэгдүүлэх,  жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх гэх мэт олон давуу тал үүснэ. Ялангуяа хөдөө орон нутаг таруу, сийрэг байршсан малчдад хоршоодын үйлчилгээ маш чухал хэрэгтэй байдаг. Хоршоо сайн хөгжвөл тэд зах зээлтэй болж, амьдрал нь дээшилнэ. Ер нь малчид гэлтгүй нэгдэж нягтрах тал дээр бид тааруу улс. Ганц нэгээрээ нүүдэллэж ирсэнтэй ч холбоотой биз.

Халуунд халж, хүйтэнд хөрч, үүрээр босч, үдшийн бүрий хүртэл хөдөлмөрлөх хэрнээ мал аж ахуйн бүтээгдэхүүн малчдад үр ашгаа ч тэр хэрээр өгч чаддаггүй.  Худалдан авагч дээр очиход ченжийн гар орно. Ченжийн ашгийг хасчихвал малчид л бурзайна.  Малчид 1 жил хагас тэжээсэн нэг үхрээ 1 сая гаруй төгрөгөөр ченжид борлуулдаг. Харин цаашаа хэрэглэгч рүү хэд дахин өсөөд очно. Ган, зудын бэрхийг давж,  нойргүй олон шөнийн хөдөлмөр нь ингэж л үр ашиг нь алсран алга болно.

Засгийн газраас малчдыг хоршоо байгуулаад  мал аж ахуйн үйлдвэрлэлд нэмүү өртөг бий болгох, малчдын амьдралыг сайжруулах л зорилго юм.  Цаашлаад малчид хагас эрчимжсэн мал аж ахуй руу явах болох боломж руу явна. Ядаж л экспортод тулгардаг малын өвчин зэргээс ангижирч, нүүр бардам болох юм.

Мал аж ахуйн салбарыг шинэчлэх, тулгамдсан асуудлаас гарах гарц болгож  Засгийн газраас  “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ.

Уг хөтөлбөрийн хүрээнд хоршооны гишүүн малчинд 6 хувийн хүүтэй зээл олгоно. 20 сая төгрөг хүртэлх зээлийг Зээлийн батлан даалтын сангаас 100 хувийн батлан даах тул малчид орлогоо нотлох шаардлагагүй гэсэн үг. 20-40 сая төгрөгийн зээл 90 хувь, 40-50 сая төгрөгийн зээлийг 80 хувь батлан даах юм. Хамтран зээлдэгчтэй, барьцаа хөрөнгөтэйгөөр зээлээ авна. Барьцаа хөрөнгө нь мал, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө болон ирээдүйд олох орлого байна гэж үзжээ. Энэ загварыг 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Хүү багатай, хөнгөлөлттэй зээлийн энэ загвар нь хагас эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, шинэ хөдөөг бий болгоно гэж үзэж байна. Гол нь амиа бодож аргацаахгүй, хоршиж нийлээд энэ зээлийг авах боломж бүрдэнэ.

Малчид  зээлээ өдөр тутмын хэрэгцээндээ зарцуулахгүй, үйлдвэрлэл явуулахад шаардлагатай тоног төхөөрөмж, цех байгуулах гэх мэт үйл ажиллагаанд  ашиглах шаардлага бас тавигдах аж. Малчид хоршиж чадсанаар баг, сумынхаа түвшинд мах нядалгааны, арьс ширний зэрэг анхан шатны боловсруулалт хийх цех үйлдвэрлэлтэй болж, нэмүү өртөг шингэсэн үнээр бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх боломжтой болно. Энэ нь малын тоо биш чанарыг чухалчилдаг бодлого руу шилжих юм.

Хорин малчин  хоршиж, нэг малчин 50 сая төгрөгийн зээл авлаа гэж тооцоход нэг хоршоо  тэрбум төгрөгийн эх үүсвэртэй болж, энэ хөрөнгө оруулалтаар хоршооныхоо үйлдвэрлэлийг хамтын хүчээр сайжруулах боломжтой болох юм.

Малчдын хоршооллыг дэмжсэн энэхүү төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газраас "Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай" хуулийн төслийг санаачилж, УИХ-аар хэлэлцэж байна.

Монголын 21 аймгийн өргөн нутагт тархан суугаа малчид хоршоо байгуулснаар түүхий эдийг нэг дор төвлөрүүлэх, нэгдсэн зохион байгуулалттайгаар бэлтгэн борлуулах тогтолцооны суурь тавигдана. Түүхий эдийн гарал үүсэл, чанарын баталгаа хангагдах нөхцөл ч бүрдэнэ. Тээврийн болон бэлтгэлийн зардлууд буурах, чанартай түүхий эд бэлтгэх, тодорхой хугацаанд агуулахад байршуулсны дараагаар өндөр үнээр арилжаалах, малчид тогтвортой орлогын эх үүсвэртэй болох гэх мэт давуу талууд гарч ирнэ. Энэ дунд ченжийн оролцоо ч багасна.

Сарын орлого нь зардлаасаа илүү гарахгүй, өрнөөс өрний хооронд яваа малчид хамтын хүчээр чинээлэг амьдрах хоршооны загварыг  дэмжиж байгаа юм байна.

Ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй гэгчээр хоршиж чадсан малчид хожоотой байх нь ээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах