Цэс Close

Хятадын Синофарм үйлдвэрийн вакцинд ДЭМБ зөвшөөрөл олголоо

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) Хятадын төрийн өмчит Синофарм компанид бүтээсэн коронавирусийн эсрэг вакцинд яаралтай горимд хэрэглэх зөвшөөрөл олгожээ.

Ингэснээр ДЭМБ анх удаа өрнөдийн орнуудаас гадна хөгжүүлсэн вакцинд зөвшөөрөл олгож байна. Синофармын вакцинаас өмнө Pfizer, AstraZeneca, Johnson & Johnson, Moderna вакцинуудад ДЭМБ зөвшөөрөл олгоод байсан юм.

Өнөөдөр дэлхийн ихэнх улс орон коронавирусийн эсрэг вакцины хомсдолтой байгаа энэ үед маш чухал шийдвэр гарч байна. Дэлхий дахинд вакцины тэгш хүрэлцээг хангах зорилготой хэрэгжиж байгаа "COVAX" хөтөлбөрт Синофармын вакцин нэмэгдсэнээр бага болон дунд орлоготой орнуудад нийлүүлэлт нэмэгдэж, дархлаажуулалтын үйл явц хурдсах боломжтой болж байгаа юм.

ДЭМБ-аас Синофармын вакциныг 18 ба түүнээс дээш насны хүмүүсийн дархлаажуулалтад ашиглахыг зөвшөөрсөн байна. Мөн Хятадын өөр нэг вакцин болох Синовак, ОХУ-д бүтээсэн Спутник V вакцины үйлдвэрлэлийн стандарт, дархлаажуулах чадвар зэргийг судлах, үнэлэх ажлыг ДЭМБ гүйцэтгэж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд Синофарм үйлдвэрийн 65 сая тун вакциныг дархлаажуулалтад ашиглаад байгаа гэнэ. Тус вакциныг уламжлалт технологиор бүтээсэн тул идэвхгүйжүүлсэн вирусийг хүний биед нэвтрүүлэх замаар дархлаа тогтоодог. Харин Pfizer, Moderna вакцинуудыг mRNA гэдэг шинэ технологиор бүтээжээ. Энэ нь коронавирусийн генетик кодыг хүний биед нэвтрүүлэх замаар дархлааны системийг идэвхжүүлдэг.

ДЭМБ-ын дэргэдэх хараат бус экспертүүдийн зөвлөл Синофармын вакцин 60-аас дээш насныхны биед сөрөг нөлөө үзүүлдэг эсэх талаар туршилтын дата хангалттай их биш байгааг өмнө нь тайландаа дурдаж байв.

Гэхдээ энэ нь зөвшөөрөл олгоход саад болохгүй, цаашид үргэлжлүүлэн судлах боломжтой гэж ДЭМБ үзжээ.

AstraZeneca вакцинд зөвшөөрөл олгоход мөн ийм асуудал яригдаж байсан ч сүүлд нэмэлт датагаар нөхөн баталгаажуулж байсан юм.

Эх сурвалж: BBC, theguardians.com

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах