Хятад улс Тайванийг эзлэн, түрэмгийлэх гээгүй, харин энх тайвны замаар дахин нэгдэхийг илүүд үзэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин лхагва гаригт АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор АНУ-д хүрэлцэн ирсэн талаар бид мэдээлсэн. Тэрбээр дээд хэмжээний чуулганы хүрээнд өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзжээ.
ТЭдний уулзалт дөрвөн цаг орчим үргэлжилсэн бөгөөд энэ үеэр АНУ-Хятадын харилцаа хурцдахад нөлөөлсөн асуудлуудыг хөндсөн талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Мөн нэгэн нэрээ нууцлахыг хүссэн мэдээлэгчийн мэдээлснээр "Хятад улс Тайванийг эзлэн, түрэмгийлэх гээгүй, харин энх тайвны замаар дахин нэгдэхийг илүүд үзэж байна" гэж уулзалтын үеэр мэдэгджээ.
Хятад улс ойрын жилүүдэд Тайванийн эсрэг цэргийн ажиллагаа явуулахаар төлөвлөөгүй гэж Ши Жиньпин Ж.Байденыг тайвшруулахыг хичээсэн бол Ж.Байдены зүгээс, Тайванийн сонгуулийн үйл явцыг хүндэтгэхийг Хятадаас хүссэн гэж албаны төлөөлөгч мэдээлсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден, "Нэг Хятад" бодлого, түүний аливаа шийдвэр энх тайвны шинжтэй байх ёстой гэсэн АНУ-ын итгэл үнэмшлийг дахин нотолж байна. Би үүнийг өөрчлөхгүй. Өөрчлөгдөх асуудал биш. Харин Тайванийн арлыг эх газартай нэгтгэхийн тулд Хятад Улс хүч хэрэглэх гэсэн аливаа оролдлогын эсрэг АНУ Тайбэйг үргэлжлүүлэн зэвсэглэх болно гэдгийг онцолсон байна. Мөн ирэх онд болох Тайванийн сонгуульд хөндлөнгөөс оролцохгүй байхыг Хятадад уриалжээ.
Үргэлжлүүлэн Ж.Байден, АНУ, Хятадын өрсөлдөөнийг “зөрчил мөргөлдөөн болгон даамжруулахгүй байхыг” баталгаажуулж, харилцааг хариуцлагатай байдлаар зохицуулах ёстой гэдгийг онцолсон байна. Тэд мөн уур амьсгалын өөрчлөлт, мансууруулах бодистой тэмцэх, хиймэл оюун ухаан зэрэг асуудлуудад анхаарал хандуулах шаардлагатай байгаа талаар санал солилцжээ.
Сэтгэгдэл үлдээх