Цэс Close

ХЯТАД: Украины мөргөлдөөний асуудлаар ЕХ-той хэлэлцээ хийхэд бэлэн

Хятадын эрх баригчид Украины хямралыг тайван замаар зохицуулах асуудлаар Европын Холбоотой /ЕХ/ яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгааг тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мао Нин мэдэгджээ.

"Бид Украины мөргөлдөөнийг улс төрийн аргаар зохицуулах асуудлаар Европын талтай яриа хэлцэлцээ хийж, холбоо тогтооход бэлэн байна" гэж тэрбээр өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйений мэдэгдэлд тайлбар өгөхдөө мэдэгдсэн байна.

Хятадын дипломатч БНХАУ нь Украины мөргөлдөөнд оролцогч тал биш гэдгийг сануулаад “энэ асуудалд ЕХ бусдын нөлөөгүй стратеги баримталж, улс төрийн мэргэн ухааныг харуулна” хэмээн найдаж байна гэж нэмж хэлжээ.

Тэрбээр Бээжин Украины хямралыг тайван замаар зохицуулах үйл явцыг тууштай дэмжиж, идэвхтэй хувь нэмэр оруулж байгааг цохон тэмдэглэсэн байна. Мөн ЕХ бүс нутагт тогтвортой байдлыг удаан хугацаагаар хадгалах алхам хийнэ гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен “Financial Times” сонинд ярилцлага өгөхдөө, Украины мөргөлдөөнийг шийдвэрлэхэд Хятад улс үр өгөөжтэй үүрэг гүйцэтгэх хэрэгтэй байна гэж мэдэгдсэн байна.

эх сурвалж: xinhua

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах