Цэс Close

Иргэн бүр өөрийн болон бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэе

Хамгийн эрхэм зүйлийн нэг бол хүний эрх, эрх чөлөө. Харин эрх чөлөө зөрчигддөг зүйл бол хүний эрүүл мэндэд халдах үйлдэл. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс болж маргалдан зодолдох, хүн ёсны харилцаа хүнлэг бус, уур бүхимдлаа хүчээр шийдэх, гэр бүл дэх тэгш бус харилцаа, иргэдийн гэмт хэрэг, зөрчлөөс үүдэн гарах хор уршиг, оногдуулах ял шийтгэлийн талаарх эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нийтлэг шалтгааны улмаас үйлдэгдэж байгаа юм.
Тухайлбал, зодооны гэмт хэргийн дийлэнх хувийг 18-39 насны залуучууд үйлдэж байгаа нь маш харамсалтай тоо баримт. Ид сурч боловсрон хийж бүтээх насан дээрээ явж байгаа, цэцэг цэврүү шиг залуучууд шүү дээ. Энэ төрлийн гэмт хэргийн хор уршиг нь ялихгүй зүйлээс болж хоромхон хугацаанд нэг нь эрүүл мэндээрээ хохирч, нөгөө нь эрүүгийн хариуцлага хүлээж байна. Цаашлаад насан туршдаа хувь хүний эрх зүйн байдлын хувьд дордож байна. Мөн харилцан бие биенийхээ эрх чөлөөнд халдсаны улмаас хоёулаа хохирч, хоёулаа ял шийтгэгдэж байна.
Ахуйн хүрээнд архидан согтуурахтай холбоотой гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж байгаа хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас хүүхдийн эрх давхар зөрчигддөг. Энэ хор хөнөөлийг үнэлж баршгүй. Иймээс хүүхдийн хажууд архидан согтуурах, хэрүүл маргаан хийх, зодолдох үйлдлээс ангид байж, хүүхдүүддээ зөв үлгэр дуурайлал үзүүлж, зөв хүн болгон төлөвшүүлэхэд эцэг, эх, асран хамгаалагч та бидний оролцоо хамгаас чухал.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шалтгаан нөхцөлийг арилгах, иргэд, олон нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, ухамсар хандлагыг төлөвшүүлэх чиглэлээр Цагдаагийн байгууллагаас мэдээлэл сурталчилгааны ажлыг энэ оны гуравдугаар сард зохион байгуулж байна.

Иймд иргэн бүр бие биедээ хүндэтгэлтэй хандаж, амьдралдаа зөв хэвшил, зөв хандлагыг төлөвшүүлж, өөрийн болон бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхитэй оролцож, хамтран ажиллахыг Цагдаагийн байгууллагаас уриалж байна. Бидний ирээдүй гэрэл гэгээтэй зөв байвал улс орны ирээдүй, хөгжил дэвшил зөв замаар зөв явахын эхлэл болох билээ.

Цагдаагийн ерөнхий газар

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах