Хөгжлийн банкны шүүх хуралд 14 өмгөөлөгч шүүгчээс татгалзаж, хурлыг хойшлуулав

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна. Уг хуралдааныг “Шүүх хуралдааныг шүүхийн байрнаас бусад газарт хийх нийтлэг журам”-ын дагуу хэргийн оролцогчид багтахуйц танхим болох Улаанбаатар чуулгын байранд зохион байгуулж байгаа юм. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч 80 хүн, 4 хуулийн этгээд, прокурор зургаа, өмгөөлөгч 106, гэрч 28, хохирогчийн төлөөлөгч хоёр, шинжээч 10, хууль ёсны төлөөлөгчид 15, нийт 257 хэргийн оролцогч оролцох ёстой. Гэвч 4 өмгөөлөгч шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргажээ. Мөн хурлын танхимд ирсэн өмгөөлөгчдийн 14 нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4-т "Өөрөө шууд, эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа бол шүүгчээс татгалзаж болно" гэсэн заалтын дагуу татгалзах хүсэлт гаргалаа. Тиймээс шүүх хурлыг 13.30 цаг хүртэл хойшлуулав. Өмгөөлөгч нарын энэхүү хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэн шийдвэрлэх юм байна.
Сэтгэгдэл үлдээх