Монгол Улсад нийтийн аж ахуйн салбар үүсэж хөгжсөний 94 жилийн ой, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын 78 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойг тохиолдуулан ОСНААУГ-аас хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээгээр 125 ажилтан, албан хаагчдыг шагнаж урамшууллаа. Арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяр болон ОСНААУГ-ын ажилчид оролцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө шинээр батлагдах гэж байна. Анх 1954 онд нийслэл Улаанбаатар хотын нэгдүгээр ерөнхий төлөвлөгөө батлагдсанаас хойш ерөнхий төлөвлөгөөнүүд хүн амын өсөлт, улс орны хөгжлийн боломжид тулгуурлан шинэчлэгдэж ирсэн. Өдгөө Улаанбаатар хотод хоёр сая орчим хүн амьдарч байна. Энэ бол 1987 оны төлөвлөгөөнөөс даруй гурав дахин өссөн үзүүлэлт юм. Улаанбаатар хотод бүртгэлтэй иргэдийн 60 орчим хувь нь төвлөрсөн дулаан хангамж бүхий орон сууцанд амьдарч байна. Өдөр тутамд энэ хүмүүст орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээг үзүүлдэг та бүхний ачаалал тэр чинээгээрээ нэмэгдсэн. Энэ салбарыг бүхэлд нь шинэчлэх зүй ёсны шаардлага тулгарч байна. Орон сууц нийтийн аж ахуйн салбарт ажиллаж байгаа хүн бүр ажлаараа бахархах ёстой. Мөн ажилтан, албан хаагчдын цалин амьдралд нь хүрэлцэхүйц байж, цалин нь жил бүр инфляцын түвшинтэй уялдаж нэмэгддэг байх ёстой. Бид салбарын ажилчдын цалинг нэмэгдүүлэхээс гадна сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр технологийн шинэчлэл хийхийг зорьж ажиллана. Нийтийн тээвэр, хот тохижилтын салбарын тоног төхөөрөмжүүдийг хангалттай шинэчилсэн. Одоо орон сууц, нийтийн аж ахуйн салбарын тоног төхөөрөмжийг шинэчилнэ. Мөн салбарын сан бүрдүүлэх чиглэлээр хууль эрхзүйн шинэчлэл хийнэ” гэлээ.


