Цэс Close

Өсвөр насныхан цахим орчин, үе тэнгийнхнээсээ бэлгийн эрүүл мэндтэй холбоотой баталгаагүй мэдээлэл авч байна гэв

"Гэр бүлийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдал"-ын талаарх судалгааны үр дүнг Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-оос танилцууллаа.

Энэ үеэр өсвөр насны хүүхдүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулах зайлшгүй шаардлага гарсныг ХЭҮК-ын Хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Х.Цэцгээ хэллээ.

Тэрбээр "Монгол Улсын хэмжээнд өсвөр үеийн ердөө 34 кабинет, клиник, төв нэртэйгээр тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Эдгээр нь:

  • Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд нэг клиник
  • Нийслэлийн есөн дүүргийн эрүүл мэндийн төвд есөн клиник, кабинет
  • 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээ төв, аймгийн эрүүл мэндийн газруудыг түшиглэсэн 21 төв, кабинет
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд суманд гурван кабинетаар тус тус уйл ажиллагаа явуулж байна.

Эдгээр кабинет нь өсвөр насны хүүхдүүдийн бэлгийн боловсрол, нөхөн үржихүйн асуудал, эрүүл мэнд, жирэмслэлт, эрүүл мэндийн үзлэг зөвлөмжийг өгч байна. Гэтэл хүний нөөцийн ялгаатай байдал ажиглагдсан.

Өөрөөр хэлбэл хүний нөөц маш дутмаг байгааг харуулж байна. Улсын хэмжээнд ажиллаж буй 34 кабинет төв нь маш хангалтгүй.

Түүнчлэн 330 сумд байгаа хүүхдүүд яаж хамрагдах вэ, хэрхэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ мэдээлэл авах вэ гэдэг нь хангалтгүй байгаа дүр зураг харагдаж байна" гэлээ.

Өсвөр насныхны эрүүл мэнд, нөхөн үржихүйн боловсролтой холбоотой үйл ажиллагаанд онцгой анхаарал тавих цаг болсныг дараах тоо баримтууд илэрхийлж байна.

  • 2021 онд 10-14 насны 26 охин, 2022 онд 26 охин, 2021 онд 15-19 насны 2,331 охин, 2022 онд 2,232 охин жирэмсэлсэн.
  • 2021 онд 10-14 насны 35 охин үр хөндүүлсэн бол 2022 онд 41 болж өссөн. Харин 2021 онд 15-19 насны 618, 2022 онд 587 охин үр хөндүүлсэн.
  • 2021 онд 10-14 насны 16 охин төрсөн бол 2022 онд 21 болж өссөн. Харин 2021 онд 15-19 насны 2,538 охин, 2022 онд 2,370 охин төрсөн үзүүлэлттэй байна.

Охидын эрүүл мэнд нөхөн үржихүйн эрх зөрчигдөж байх тул төр, төрийн холбогдох байгууллагууд хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах үүргээ биелүүлж охидын эрхийг хамгаалах, эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх бодлого үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байгааг илэрхийллээ.

Тулгамдаж буй асуудал: 

  • Өсвөр насны хүүхдүүд цахим орчин болон үе тэнгийнхнээсээ бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой баталгаагүй мэдээ, мэдээллийг авч байна.
  • Эрүүл мэндийн боловсролын хичээлийг бага дунд сургуулиудын хичээлийн хөтөлбөрөөр дамжуулан ордог ч хичээлийн чанар муу байгаагаас өсвөр насныхны дунд бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх ойлголт, мэдлэг, мэдээлэл дутмаг, тусламж, үйлчилгээг хаанаас, хэнээс авахаа мэдэхгүй байх
  • Цахим орчинд өсвөр насны хүүхдүүд хараа хяналтгүй байдаг нь тэднийг бэлгийн болон хүйсэнд суурилсан хүчирхийлэлд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж улмаар бэлгийн замаар дамжих халдвар, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтөд хүргэдэг.
  • Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ асран хамгаалах, халамжлах үүргээ биелүүлэхгүй, хүүхдээ хараа хяналтгүй орхиж үл хайхрах хүчирхийлэл үзүүлэх
  • Эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авч байгаа өсвөр насныханд жирэмслэхээс хамгаалах хүртээмжтэй, боломжит аргуудын талаар зөвлөдөггүй, тэдэнд сонголт хийх жирэмслэхээс сэргийлэх эм, эмнэлгийн хэрэгслийн сонголт хангалтгүй
  • Өсвөр насныхны өвөрмөц хэрэгцээнд тулгуурласан тусламж, үйлчилгээ үзүүлэх мэргэшсэн хуний нөөц дутмаг, өрөө, кабинет орчин нөхцөл хангалтгүй
  • Орон нутагт болон дотуур байранд амьдардаг өсвөр насны охидын сарын тэмдгийн үеийн насны эрүүл ахуйн ахуйн шаардлагад нийцсэн байгууламжийн хомсдол, мөн анх удаа сарын тэмдэг нь ирж буй өсвөр насны охидын дунд энэ талын мэдлэг дутагдалтай байдаг.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах