Цэс Close

Цай Ин Вэнь, К.Маккарти нарыг уулзвал Бээжин хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Тайванийн засаг захиргааны тэргүүн Цай Ин Вэнь АНУ-д саатахдаа Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккартитай уулзвал Бээжин эрс шийдэмгий хариу арга хэмжээ авна гэж БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Тайванийн хэрэг эрхлэх газрын хэвлэлийн төлөөлөгч Жу Фэнлянь мэдэгджээ.

Түүний мэдэгдсэнээр, Цай Ин Вэнь Төв Америкийн орнуудад айлчлахдаа АНУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөхөөр төлөвлөж байгааг Хятадын тал өдөөн хатгалга гэж үзэж байна.

“Энэ бол янз бүрийн шалтаг ашиглан АНУ-ын засгийн газрын албан тушаалтнууд, Конгрессын гишүүдтэй холбоо тогтоох гэсэн, АНУ болон Тайванийн хооронд албан ёсны харилцааг хадгалах гэсэн, түүнчлэн гадаад дахь Хятадын эсрэг хүчнүүдтэй холбоо тогтоох гэсэн оролдлого юм” гэж Жу Фэнлянь хэлжээ.

Түүний хэлснээр, Цай Ин Вэнь, Кевин Маккарти нар уулзах нь "нэг Хятад" зарчмыг болон тус улсын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг зөрчсөн хэрэг болно. "Хятад улсын үзэж байгаагаар, энэ уулзалт нь Тайванийн хоолойн тогтвортой, энх тайван байдлыг алдагдуулна. Бид үүнийг эрс эсэргүүцэж, хатуу хариу арга хэмжээ авах нь гарцаагүй" гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Цай Ин Вэнь гуравдугаар сарын 29-нд АНУ-аар дамжин Төв Америкийн орнуудад айлчилна. Тэрбээр мөн Тайвань руу буцах замдаа АНУ-д саатахаар төлөвлөжээ. Урьдчилсан мэдээллээр, Тайванийн тэргүүн Нью-Йорк, Лос-Анжелес хотуудад айлчилж, АНУ-ын Конгрессын гишүүдтэй уулзахаар төлөвлөж байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах